“I ♥ NY” логог бүтээсэн дизайнер Милтон Глейзер насан эцэслэжээ


“I ♥ NY” логог бүтээсэн график дизайнер Милтон Глейзер АНУ-д 91 насандаа цус харвасны улмаас таалал төгсжээ. Энэхүү логог 1977 онд тус хотод жуулчдыг татах кампанит ажиллагаанд зориулж бүтээсэн нь удалгүй дэлхий даяар тархаж, хамгийн олон удаа хуулбарлагдсан загвар болсон байна.

Хожим Глейзер өөрийнх нь зохиосон энэ энгийн дизайнерийн шийдэл ийм өргөн хүрээг хамарсанд өөрөө ч гайхсан талаараа ярьж байжээ. Түүнчлэн Милтон Глейзер дуучин Боб Диланы өнгө өнгийн үстэй зурагт хуудсыг хийснээрээ алдартай. 

Милтон Глейзер 1929 онд Нью-Йоркийн Бронкс дүүрэгт төржээ. Тэрбээр Нью-Йоркт  Шинжлэх ухаан, урлагийн хөгжлийн Куперийн холбоо коллежид суралцаж төгсөөд, Италийн Болонья хотын Дүрслэх урлагийн академид суралцсан байна. 

1954 онд тэрбээр коллежийн нөхөдтэйгөө хамтарч "Push Pin Studios" нэртэй анхны студиэ байгуулж, ар нуво хэв маягаас эхлээд герман модон сийлбэр, 1930-аад онд Америкт ид мандаж байсан комиксоос сэдэл, урам зориг авч, шинэ илэрхийлэмж бүхий өнгө төрхийг бий болгож, хавсарга урлагт онцгой хувь нэмэр оруулж байжээ. 

1968 онд Глейзер "Нью-Йорк" сэтгүүлийн үүсгэн байгуулагчдын нэг болсон ба есөн жил дизайны хэлтсийг удирдсан байна. 1974 онд тэрбээр хувийн Milton Glaser, Inc. дизайны фирмээ байгуулжээ. 

Түүнээс гурван жилийн дараа буюу эдийн засгийн хямралд өртөж, гэмт хэргийн их гардаг байсан  төрөлх хотдоо аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд "I ♥ NY" логог үнэ төлбөргүй бүтээсэн байна. "Хайртай" гэдэг үгний оронд улаан зүрх тавих санаа нь түүнийг таксинд сууж явахад нь орж иржээ. Тэрбээр зүрхийг улаан харандаагаар дугтуйн дээр зурсан байна. Өдгөө дугтуйг Нью-Йоркийн орчин үеийн урлагийн музей MoMA-д хадгалж байгаа аж. 

Нью-Йоркийн орчин үеийн урлагийн музей MoMA-д хадгалагдаж байгаа "I love NY"-ийн  1976 оны загвар зурагНью-Йоркийн орчин үеийн урлагийн музей MoMA-д хадгалагдаж байгаа "I love NY"-ийн 1976 оны загвар зураг

Түүнчлэн Глейзер ДЭМБ-д зориулж ДОХ-тай тэмцэх лого, зурагт хуудас, Brooklyn Brewery-гийн лого, “Mad Men”  цувралын сүүлийн улирлын сурталчилгааны хуудасны загварыг гаргаж байжээ. 

2004 онд түүнд Смитсоны музейгээс түүнд загварын салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж шагнал гардуулсан бол 2009 онд урлагийн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж түүнд АНУ-ын Үндэсний одон гардуулсан бөгөөд тэрбээр энэ шагналыг авсан анхны дизайнер болжээ.

Эх сурвалж: ВВС

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.