Ахмадын холбооны байрны газрыг ногоон байгууламж болгон тохижуулж байна


“Газар эзэмших эрхээ эзэмшээд 15 жил болсон ч зориулалтын дагуу ашиглаагүй Ахмадын холбооны нэртэй ухаад хаячихсан газар Гадаад харилцааны яамны баруун тал, Блью Скай зочид буудлын зүүн талд бий.

Сүүлдээ барилга барих биш самбарын бизнес хийдэг хэдэн хүмүүсийн бизнес болсон. Тэр газрын эзэмшлийг нь цуцалж, нийтийн эзэмшилд буцаан авч ногоон байгууламж болгон тохижуулж, ээжүүд, эхчүүдийн нэрэмжит талбай болгоно” гэж Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн “Хотын мэдээллийн цаг”-аараа мэдэгдсэн.

Энэ дагуу тохижилт, бүтээн байгуулалтын ажил эхэлжээ. Гүйцэтгэгчээр нийслэлийн Хот тохижилтын газар ажиллаж байна.

Нийслэлийн Хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж “Ажил эхлээд найм хонож байна. Ухсан нүхийг шороогоор дүүргэж, газрыг тэгшлэх ажил үндсэндээ дууслаа. Шороогоо нягтаршуулах ажил хийгдэж байна. Удахгүй тохижилтын ажил эхэлнэ” гэсэн мэдээллийг өглөө.

Энэ үеэр хотын Захирагч С.Амарсайхан “Өнгөрсөн хугацаанд Сүхбаатарын талбайн урд талын 2.5 га талбайгаас эхлээд “Улаанбаатар” зочид буудлын өмнөх Монгол-Туркийн цэцэрлэгт хүрээлэн, Тагнуулын ерөнхий газрын байрны урдах Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэн гээд олон газрыг нийслэлийн тусгай хэрэгцээнд буцааж авсан.

Төв талбайн тохижилт үндсэндээ дуусч байна. Энэ талбайг мөн хүүхэд, ээжүүд, иргэд, олон нийт ирж чөлөөт цагаа өнгөрүүлдэг, салхилдаг талбай болгон тохижуулна. Тохижилтын ажлыг долоодугаар сард багтааж дуусгана. Зөвхөн хотын төвд ч биш дүүрэг бүрт ийм нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгүүдийг стандартын дагуу бий болгож байна” гэв.

Мөн Улаанбаатар хотыг стандарттай болгох ажлын хүрээнд ногоон байгууламж, тохижилт, бүтээн байгуулалтуудыг стандартын дагуу хийхээр зорьж ажиллаж байна. Хотын захын,  төвийн гэхгүй бүх газар ингэж тохижуулагдах ёстой гэдгийг холбогдох албаны хүмүүст онцолж хэлсэн юм.

 

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.