ОХУ яагаад Монголтой харилцаагаа бэхжүүлэхээр хичээж байна вэ


Гадаад харилцаа, геополитикийн асуудал хөндөн бичдэг The Diplomat сайтад энэ сарын 23-нд Орос Монголтой яагаад харилцаагаа бэхжүүлэх болов гэсэн агуулга бүхий нийтлэл гарчээ. Тус нийтлэлийг орчуулан хүргэж байна. 

Орос, Украин, Беларусь зэрэг Славян аймгуудын нэгдлийн үр дүнд байгуулагдсан Киевийн Русь буюу Киевийн Вант улс 13-р зуунд Чингис хааны хамгийн их итгэл хүлээсэн жанжнуудын нэг Зэвийн удирдлага дор явагдсан дайны ажиллагаанд Монголд эзлэгдсэн. /Киевийн вант улс нь МЭ 880 оноос XIII зууны дунд үе хүртэл оршин тогтносон бөгөөд 1237-1241 онуудад болсон Монголын аян дайны үед эзлэгдэж мөхсөн юм./ 

Ийнхүү Киевийн вант улсыг эзлэн түрэмгийлэх үйл явц үргэлжилсээр хоёр дахь давлагаа буюу Чингис хааны ууган хүү Зүчи Оросын нутаг дэвсгэрийг дайлаар мордсон. Үүний үр дүнд Орос эзлэгдэж, монголчуудын дарангуйлал дор Орос улсын ихэнх хэсэг нь Алтан Ордны улсын вассал буюу хараат улсын  байдалтай байж алба, гувчуур төлж байжээ. Энэ үеийг "татарын талхигдал", “татарын дарангуйлал” гэж нэрлэдэг. 

Гэхдээ 21-р зуун дахь Орос, Монголын харилцаа дундад зууны үетэй огт харьцуулашгүй. 

Оросын эрх баригчид Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулсан цэргийн ёслолын жагсаалд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийг оролцохыг урьсан. Энэхүү томоохон арга хэмжээнд Монгол Улсын оролцоог хэд хэдэн шалтгаанаар тайлбарлаж болно. Нэгдүгээрт, жагсаалд оролцсон Армени, Беларусь, Серб, Узбекистан зэрэг улс орнуудыг харвал бараг бүгд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Кремльтэй нягт харилцаатай байгдаг. Харин Монгол Улс нь бэлгэдлийн талаасаа ч Оросын тогтвортой холбоотнуудын тоонд багтдаг. Түүнээс гадна цэргийн жагсаалын үеэр Монгол Улс дэлхийн II-р дайны үед ЗХУ-д мөнгө, түүхий эд, цэргийн тусламж үзүүлсэн хэмээн Аугаа их Эх орны дайны ялалтад Монголын оруулсан хувь нэмрийг онцлон тэмдэглэв. 

Орос Монголыг сонирхож буй нь Төв Азийн бүс нутагтай илүү идэвхтэй бодлого явуулах ерөнхий чиг хандлагын нэгээхэн хэсэг юм. 

Монголын талыг Ялалтын баярын арга хэмжээнд урихад гайхмаар зүйл огт байхгүй. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн 2010 онд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн нар “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээ”-нд гарын үсэг зурсан. Тус гэрээг байгуулах үеэр Путин хоёр орны улс төр, эдийн засаг, соёлын харилцаа чухал болохыг онцлон тэмдэглэсэн.  

Монгол, Оросын худалдааны харилцаа улам бэхжиж байна. 2019 оны эхний есөн сард Орос, Монголын худалдааны эргэлт 1.7 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 13 хувиар өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн Оросын компаниуд Монголын дэд бүтцийн томоохон төслүүдэд, тэр дундаа Улаанбаатарын төмөр замд шинэчлэл хийх ажилд идэвхтэй оролцож байна. 

Тэгвэл Москва яагаад Улаанбаатартай харилцаагаа хөгжүүлэхийг зорьж байна вэ? Худалдааны салбарт ахиц гарч байгаа хэдий ч хоёр улсын хоорондох худалдааны тээврийн зардал өндөр. Орос, Монголын хил 3500 км үргэлжилдэг. Хээр тал нутгаараа алдартай Монгол Улс нь 3 сая гаруй хүн амтай тул Оросын бараа бүтээгдэхүүнийг худалдан авах томоохон түнш болж нь эргэлзээтэй. Шинжээчдийн үзэж буйгаар Монгол эрчим хүчний дийлэнх хувийг Оросоос авдаг. Иймээс Оросын эрчим хүчийг Хятад руу нийлүүлэх гол дамжин өнгөрөх зам нь Монгол Улс байхыг хэн ч үгүйсгэхгүй. Путин Монгол Улстай харилцаагаа хөгжүүлэх болсон нь үүнтэй ч холбоотой байж магадгүй.  

Оросын эрчим хүчийг Хятад руу нийлүүлэх гол дамжин өнгөрөх зам нь Монгол Улс байхыг хэн ч үгүйсгэхгүй. 

Орос Монголыг сонирхож буй нь Кремль Төв Азийн бүс нутагтай илүү идэвхтэй бодлого явуулах ерөнхий чиг хандлагын нэг хэсэг юм. COVID-19-ийн аюулыг үл харгалзан Төв Азийн таван орны дөрвийнх нь удирдагч Ялалтын баярт оролцохоо илэрхийлсэн (тав дахь Туркменистаны ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов төлөвлөгөөгөө цуцалсан). Энэ бол Кремль Төв Азийн улс төрийн "тогоо"-нд үргэлж оролцоотой байхаа харуулсан нэгэн үзүүлэлт болж буй юм. Үүнээс гадна ОХУ тус бүс нутаг дахь нөлөөгөө бэхжүүлэхийн тулд тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал өнгөрсөн онд Узбекистан Оросоос орчин үеийн цэргийн техник хэрэгсэл худалдан авах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн. Мөн Тажикистаны нийслэл Душанбе хотын ойролцоо уулархаг бүс нутагт Орос, Тажикстан хамтарсан цэргийн сургуулилт хийсэн. Улаанбаатартай харилцаагаа өргөжүүлэх Москвагийн оролдлогыг Оросын эрх баригчид хуучин Зөвлөлт дэх өөрийн нөлөөг хэвээр хадгалах зорилготой гэсэн өргөн цар хүрээнд авч үзэж болох юм. 

COVID-19-ийн аюул заналхийллийг үл харгалзан Төв Азийн таван орны дөрвийнх нь удирдагч Ялалтын баярт оролцохоо илэрхийлсэн нь Кремль Төв Азийн улс төрийн "тогоо"-нд үргэлж оролцоотой байхаа харуулсан нэгэн үзүүлэлт болж буй юм. 

Түүнчлэн Турк улс тус бүс нутагтай түүхэн харилцаатай байдаг. 16-р зуунд Догшин Иван хаан монголын залгамжлагчдад ялагдал хүлээсний дараа Османы түрэгүүд Оросуудтай хийсэн тэмцэлд “Түрэг Монгол ахан дүүс”-ээ үргэлжлүүлэн дэмжиж байв. Сүүлийн жилүүдэд Турк улс дипломат харилцаанд "зөөлөн хүч"-ний бодлогыг идэвхтэй ашиглаж байна. Тухайлбал Монголын компанитай хамтарч амны хаалт болон бусад эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэх чиглэлд хамтран ажиллаж байгаа юм. Мөн монгол аж ахуйчдад туслах 250 тн тэжээлийн багтаах хүчин чадал бүхий агуулах барих ажил өрнөж байна.  

Сири, Ливийн мөргөлдөөнд өөр байр суурь баримталдаг гэх шалтгаанаар Турк, Орос харилцаа сүүлийн жилүүдэд сайнгүй байгаа. Гэхдээ хоёр том гүрний эрх баригчид Ойрхи Дорнодын хямралыг шийдвэрлэхэд хангалттай хүчин чармайлт гаргаагүй. 

Түүнчлэн АНУ-ын Монголд нааштай хандаж байгааг Путин сайн мэдэж байгаа. Вашингтон Монголыг "Номхон далай дахь чухал түнш" хэмээн мэдэгдэж, улмаар талууд "эрх чөлөө, ардчилал ба хүний ​​эрхийн хамтын хэлэлцээр" -д гарын үсэг зурсан. Тиймээс Оросын Монголтой харилцаж буй нь зөвхөн Хятадын нөлөөллийн эсрэг гэхээс илүү Турк, АНУ зэрэг бусад өрсөлдөгчдөөсөө түрүүлэн Төв Азийн бүс нутагт нөлөөлөгөө тогтоох гэсэн оролдлого гэж харж болно. 

Орос өмнөд хөрштэйгөө эерэг харилцаатай байх нь урьд өмнөхөөс илүү их хэрэгтэй байна. Учир нь хэрэв Монгол Оросод “гомдвол” түүнийг аргадахаар ээлжээ хүлээж буй хэн нэгэн бий. 

Нийтлэлчийн тухайд: Шахид Хуссейн- University College London их сургуулиас 17-р зууны Англи-Оросын дипломат харилцаа сэдвээр докторын зэрэг авахаар горилж буй. Тэрбээр мөн их сургуульдаа бакалавр, магистрын зэрэг хамгаалсан бөгөөд Оросын Исламын ертөнц дэх харилцаа сэдвээр мэргэшсэн олон улсын тоймч.    

Эх сурвалж: The Diplomat

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.