Б.Янжмаа: Сөүл хотын дахин нэг сүмээс коронавирусийн шинэ голомт илэрчээ


COVID-19 халдварын дэлхийн дахины нөхцөл байдлыг ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа танилцуулав.

АНУ

Зургаадугаар сарын 27-ны өдөр АНУ-д 44,600 тохиолдол, 651 нас баралт шинээр бүртгэгдлээ.

Ингэснээр тус улсад нийт халдвар авсан хүний тоо 2,459,000-д хүрч, 124,900 гаруй хүн амиа алджээ.

АНУ-ын баруун болон өмнөд хэсгийн мужуудад халдварын тархалт өндөр байна.

Тухайлбал, Калифорни, Техас, Флорида зэрэг мужид 100 мянгаас дээш тооны хүн халдвар авсан нь батлагджээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд гэхэд л Флорида мужид л 9,500 гаруй, Техаст 6,000, Калифорнид 4,500 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн байгаа юм.

АНУ-ын Тyson foods компани зургаадугаар сарын 17-19-ны өдрүүдэд Миссури муж улс дахь өөрийн тахианы мах боловсруулах үйлдвэрийн 1,142 ажилтныг шинжилгээнд хамруулахад 291 нь халдвар авсан нь батлагджээ.

Үүний 85 хувьд нь буюу 249-д нь эмнэл зүйн ямар ч шинж тэмдэг илрээгүй байсан талаар тус компани мэдээлсэн байна.

Мөн тус компанийн бусад ажилтнууд мужийн эрүүл мэндийн байгууллагын коронавирус илрүүлэх шинжилгээнд хамрагдахад дахин 80 ажилтнаас нь халдвар илэрчээ.

Бразил

Бразил улсад өчигдөр 38,600 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 1,109 хүн нас баржээ.

Ингэснээр тус улсын хэмжээнд батлагдсан халдварын тоо 1,313,000 болж, нас баралт 57 мянгыг давлаа.

Халдвар авсан хүмүүсээс 715 мянган хүн эдгэрсэн бол одоогоор 540 мянган хүн халдвартай хэвээр байна гэж Бразил улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

БНЭУ

Зүүн Өмнөд Азийн бүсийн БНЭУ-д өчигдөр 18,500 гаруй шинэ тохиолдол бүртгэгдлээ.

Ингэснээр Энэтхэг улсын батлагдсан халдварын тоо өссөн дүнгээр 509 мянгад хүрлээ.

Мөн өдөр 385 хүн эндэж, коронавирусийн улмаас нас барсан хүний тоо 15,685 болжээ.

БНСУ

Номхон далайн баруун бүсийн БНСУ-д сүүлийн 24 цагийн дотор 62 тохиолдол нэмж бүртгэгдлээ.

Ингэснээр тус улсын батлагдсан халдварын тоо 12,715 болсон талаар БНСУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс мэдээллээ.

Шинэ тохиолдлуудын 40 нь дотоодын халдвар байсан бол 22 нь гаднаас зөөвөрлөгджээ.

Сөүл хотод Анианг сүмийн үйл ажиллагаатай холбоотой дахин нэг голомт шинээр илэрчээ.

Уг голомтоос Бямба гарагийн байдлаар 10 гаруй хүн халдвар авсан нь батлагдаад байна.

Япон

Япон улсад өнгөрсөн Баасан гарагт 100 тохиолдол бүртгэгдсэн. Тэгвэл өчигдөр дахин 89 тохиолдол шинээр нэмэгджээ.

Шинэ тохиолдлуудын 57 нь Токио хотод бүртгэгдсэн бөгөөд батлагдсан тохиолдлуудын 70 орчим хувь нь 20-30 насныхан байжээ.

Тэдгээрийн 21 нь өмнө нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал байсан бол үлдсэн 36-ийнх нь халдвар авсан зам мөрийг тодорхойлж чадаагүй байна.

БНХАУ

Бямба гарагт БНХАУ-д шинээр 17 тохиолдол бүртгэгдлээ.

Шинэ тохиолдлуудын 14 нь дотоодын халдвар байсан бол 3 нь гаднаас зөөвөрлөгджээ.

Зургаадугаар сарын 11-ний өдрөөс хойш Бээжин хотод бүртгэгдсэн тохиолдол 311 болсон байна.

Түүнчлэн Бээжинд өчигдөр шинж тэмдэггүй 3 тохиолдол илэрсэн гэж Бээжин хотын Эрүүл мэндийн хорооноос мэдээллээ.

ВИДЕО:

Эх сурвалж: ''ikon.mn''

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.