Нур-Султан, Алма-Ата хотынхон амралтын өдрүүдээ дахин хорио цээрийн дэглэмд өнгөрүүлнэ


 Казахстаны нийслэл болон тус улсын томоохон хот болох Алма-Ата хотод оршин суугчдынх нь нэрлэснээр ээлжит “хөл хорионы амралтын өдрүүд” эхэлж байна.

 

Эдгээр хотод долоо хоногийн өмнөхтэй адил бямба, ням гарагт нийтийн тээврийн хэрэгслүүд явахгүй, дэлгүүр, зугаа цэнгэлийн төв, захууд хаалттай байхаас гадна, кафе, зоогийн газрууд зөвхөн гудамжинд үйлчлүүлэгчдэд үйлчлэх аж.

 

Зургадугаар сарын 20, 21-ний амралтын өдрүүдэд Казахстаны нийслэл хотыг оруулаад зургаан хотод худалдааны төв, захуудын үйл ажиллагааг зогсоож, нийтийн тээврийн хэрэгслийн үйлчилгээг хязгаарлажээ. Тус улсад коронавирусний халдварын тархалтын байдал улам хүндэрсэн тул ийм арга хэмжээ авсан байна. Зургадугаар сар гарснаас хойш Нур-Султан, Алма-Ата хотууд болон Казахстаны бусад бүс нутагт халдвар авсан хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа юм.

 

Гуравдугаар сарын 15-нд Казахстаны Ерөнхийлөгч Кассым-Жомарт Токаев коронавирус тархсантай холбогдуулан дөрөвдүгээр сарын 15 хүртэл тус улсад онцгой байдал тогтоох зарлигт гарын үсэг зурсан юм. Мөн гуравдугаар сарын 19-нд Нур-Султан, Алма-Ата хотуудад хорио цээрийн дэглэм тогтоохоор шийдвэрлэсэн байна. Дараа нь тэрбээр тус улсын бүх бүс нутагт хорио цээрийн арга хэмжээг чангатгахыг үүрэг болгожээ.

 

Казахстанд тогтоосон онцгой байдлыг тавдугаар сарын 11 хүртэл сунгасан юм. Энэ өдрөөс хойш онцгой байдлын дэглэмийг цуцалсан боловч янз бүрийн бүс нутгуудад зарим хязгаарлалтыг хэвээр үлдээжээ. Сүүлийн үед байдал улам хүндэрч байгаатай холбогдуулан эрх баригчид орон даяар ариун цэврийн арга хэмжээг тодорхой хэмжээгээр чангатгасан байна.

 

Одоогийн байдлаар Казахстанд 20319 хүн коронавирусээр халдварлаж, 12548 өвчтөн эдгэрсэн бол 150 хүн нас баржээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.