АНУ дэлхийг захирна гэдэгт найдах хэрэггүй болж байгааг Ангела Меркель анхааруулжээ


Германы канцлерь Ангела Меркель өчигдөр Европын зургаан том сонинд өгсөн ярилцлагадаа АНУ-ын дэлхийд тэргүүлэх байр суурийн талаар хөнджээ.

“АНУ бол дэлхийд тэргүүлэх зорилготой гүрэн гэсэн ойлголтоор бид өсөж хүмүүжсэн. Гэхдээ Нэгдсэн Улс өнөөдөр энэ зорилгоосоо өөрийн хүсэлтээр ухарч байгаа бол бид ч гэсэн бодох ёстой болж байна” гэж Меркель ярьсан байна.

Тэрбээр АНУ-ын дэлхийд үзүүлэх нөлөөг талархан дэмждэгээ өмнө нь олон удаа илэрхийлж байсан түүхтэй. Тухайлбал тэр 2009 онд конгресст үг хэлэхдээ АНУ-ын дэмжлэгтэй Берлиний ханыг нурааснаар өөрийнх нь өссөн зүүн Герман эрх чөлөөтэй болсныг талархан дурсаж байжээ. 

Гэхдээ сүүлийн жилүүдэд Трампын засаг захиргаа Герман улсыг хамтын батлан хамгаалах үйлсэд хангалттай зардал гаргахгүй байна гэж шүүмжлэх болсон юм.

Саяхан Трамп Германд байрлаж байгаа АНУ-ын цэргийн тоо хэмжээг 9,500-аар бууруулах шийдвэрээ зарлаж байв.

“Герман дахь Америкийн цэрэг нь Германыг хамгаалахаас гадна Европын бусад бүс нутаг болон АНУ-ын өөрийнх нь ашиг сонирхлыг хамгаалах үүрэгтэй юм. Батлан хамгаалах үйлсэд зарцуулах хөрөнгө мөнгийг нэмэгдүүлэх шаардлагатайг бид ойлгож, сүүлийн жилүүдэд хангалттай өсгөж байгаа. Цаашдаа ч бид ийм бодлого барьж ажиллана” гэж Меркель мэдэгджээ.

Тэрбээр цааш нь ярихдаа “Дэлхийг болон Хятад, Энэтхэгийг харвал бид Трансатлантын хамтын батлан хамгаалах эвсэлдээ үнэнч байж, хүчээ нэгтгэх хэрэгцээ хэвээр байгаа нь тодорхой. Гэхдээ хүйтэн дайны үетэй харьцуулахад Европт шийдвэрлэх асуудал, бэрхшээл нэмэгдээд байгааг ойлгох хэрэгтэй” гэсэн байна.

Харин Оросын аюулыг Герман улс хэрхэн үнэлж байгааг асуухад Меркель “Орос улс кибер халдлага, дотоодын улс төрийг тогтворгүй болгох янз бүрийн арга хэрэглэдгийг бид мэдэж байгаа. Гэхдээ нөгөө талаас Оростой хамтран ажиллах олон шалтгаан бий. Сири, Ливи зэрэг улсууд, хил залгаа Европын улсуудад Оросын стратегийн нөлөө хүчтэй. Тиймээс би хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх эрмэлзлэлтэй байна” гэж ярьжээ.

 

Эх сурвалж: The Guardian

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.