Мехико хотын цагдаагийн газрын даргын амийг хөнөөх оролдлого гарчээ


Өчигдөр Мексик улсын нийслэлд хотын цагдаагийн газрын даргын амийг хөнөөх оролдлого гарах үеэр гурван хүн алагджээ.

Мехико хотын цагдаагийн газрын дарга Омар Гарсиа Харфуч өглөө эрт ажилдаа явж байгаад гадаадын элчин сайдын яамд байрладаг дүүрэгт зэвсэгт халдлагад өртсөн байна.

Халдлага үйлдсэн этгээдүүд зам засварлаж буй ажилчдын дүрээр отож байгаад довтолжээ.

37 настай цагдаагийн дарга гурван удаа буудуулсан ч эмнэлэгт хүргэгдэн амьд үлдсэн байна. Халдлагын үеэр гурван хүн алагдаж, 12 хүн баривчлагдсаныг Мехико хотын дарга Клаудиа Шейнбаум мэдээлжээ.

Буудалцааны үеэр алагдсан гурван хүний хоёр нь цагдаагийн даргын бие хамгаалагчид, нэг нь ойролцоо алхаж яваад хэлмэгдсэн эмэгтэй юм байна.

Халдлагыг хэн үйлдсэн нь тогтоогдоогүй байгаа ч Халисто Шинэ Үеийнхэн (Jalisto New Generation) нэртэй хар тамхины гэмт хэргийн бүлэг байх өндөр магадлалтайг албаныхан мэдээлжээ.

Мексикийн нийслэлд хамгийн сүүлд 1971 онд ийм халдлага гарч байсныг тус улсын нэртэй сэтгүүлч Паскаль Белтран дел Рио ярьсан байна.

Мексикийн ерөнхийлөгч Андрес Мануэл Лопез Обрадор цагдаагийн даргын амийх хөнөөх оролдлого гарсанд харамсаж байгаагаа илэрхийлээд гэмт хэргийн бүлэглэлүүдтэй хийх тэмцлээсээ ухрахгүй гэдгийг мэдэгджээ.

2018 онд сонгогдохдоо зүүний үзэлтэй тэрбээр өмнөх ерөнхийлөгч нарын хар тамхины бүлэглэлүүдтэй хийсэн дайныг үр дүнгүй гэж шүүмжлээд хүч хэрэглэхгүйгээр гэмт хэрэгтэй тэмцэхээ амлаж байв. Гэхдээ Обрадорын тэмцэл үр дүнд хүрээгүй байна.

Мексик улсад өнгөрсөн онд нийт 34,582 аллагын хэрэг бүртгэгдсэн нь тус улсын түүхэнд байгаагүй өндөр тоо төдийгүй дэлхийд тэргүүлэх муу үзүүлэлт юм.

 

Эх сурвалж: Тhe Guardian

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.