Пакистан улсын нисгэгчдийн гуравны нэг нь хуурамч үнэмлэхтэй болохыг шалгалтаар тогтоожээ


Өнгөрсөн сард Пакистаны Карачи хотын орон сууцны хороололд 97 зорчигчтой нисэх онгоц унасан томоохон осол болсон билээ.

Уг ослоос хоёрхон хүн амьд гарсан юм. Лхагва гарагт Пакистан улсын агаарын тээврийн сайд парламентад мэдээлэл өгөхдөө энэ ослыг нисгэгчдийн буруугаас болсон гэж мэдээлжээ.

Улмаар нийт нисгэгчдийн дунд шалгалт явуулж, мэргэжлийн ур чадварыг нь баталгаажуулахад олон тооны хуурамч үнэмлэхтэй хүн илэрсэн байна.

Пакистан нь нислэгийн аюулгүй байдлын хамгийн муу үзүүлэлттэй орнуудын нэгт тооцогддог.

Онгоц жолоодох эрхтэй тус улсын нийт 860 нисгэгчийг шалгахад 260 гаруй нь хуурамч үнэмлэхтэй, эсвэл мэргэжлийн шалгалтанд луйвраар тэнцсэн хүмүүс байжээ.

Тавдугаар сард онгоц нь осолдсон PIA (Pakistan International Airlines) компанийн 434 нисгэгчийн 150 нь хуурамч үнэмлэхтэй болохыг шалгалтаар тогтоож, нислэгийг нь түдгэлзүүлсэн байна.

Үүний үр дүнд зарим чиглэлийн нислэгүүдээ цуцалсан тухай PIA мэдээлжээ.

Пакистаны үндэсний агаарын тээвэрлэгч PIA компани 1965 оноос хойш 10 томоохон осол, хэд хэдэн жижиг осол гаргаж байсан түүхтэй. Осол гарах бүрт засгийн газар нислэгийн аюулгүй байдлын шалгалт явуулдаг ч үйл ажиллагаа нь сайжраагүй өнөөдрийг хүрсэн байна.

Сүүлийн жилүүдэд PIA компани Пакистаны армийн агаарын хүчний чөлөөндөө гарсан офицеруудыг нисгэгчээр ажилд авах болсноос “армийн ахмадуудын асрамжийн газар” гэсэн хоч зүүх болжээ.

 

Эх сурвалж: BBC

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.