НИЙТЛЭЛЧ Б.ЦЭНДДОО: Түвшин ба Эрэмбэ


Нэг. Зөв залуустай таарсан цаг.

Ихэнх дэвшил, том алхмыг бид тогтоон анзаарч чаддаггүй. Хүүхэд нүдэн дээр том болж, хаврын ногоо үзтэл ургаж байдаг ч яг хаана, аль мөчид, ямар зааг дээр тэдний өсөлт, үсрэлт байгааг олж харахад нэн амаргүй. Гэхдээ өсөлт хөгжил бүрт “үүнээс өмнө ба хойно” гэж ялгарахаар зааг заавал байдаг. Бидний сургуульд орохын өмнөх ба хойшхи үе огт өөрөөр дурсагддаг шиг.

Нийгэм, улстөр, соёлын амьдралын алхмууд ч тэр мэт. Арваад жилийн өмнө “Британника” ширээний нэвтэрхий толь монголоор, манай улстай холбогдох шинэ сэдвүүдээр баяжин гарсан нь манай соёл түүх танин мэдэхүйн амьдралд гарсан шинэ эргэлт байв. Наад зах нь манай нэвтэрхий толиудыг “Монгол Бриттаника гарахаас өмнө ба хойно” хэмээн хуваагаад харахад шал өөр стандартууд харагддаг. 

Британникагийн дараагаар аймаг, орон нутаг судлал ч өөрийн шинэ үеийг эхлүүлэв. Өмнө нь “Ийм л домогтой, тийм хуучтай даа” гэдэг зарчмаар явж байсан аман сурвалжтэй түүхүүд шинжлэх ухааны судалгааны эмх цэгцэнд орж эхэлсэн. Энэ ажлын түүчээнд Завхан аймгийн “Британника” стандартын нэвтэрхий толь, Германы “Хроника” хэвлэлийн газрын хэвлэн нийтлэх эрхтэй “Он дарааллын бичиг” гарсан нь энэ чиглэлийн анхдагч болсон юм. Манай орон нутаг судлалын түүх, он дарааллын бичлэгийг “Завханы Британника, Хроника гарснаас өмнө ба хойно” хэмээн хоёр хувааж болохоор.

Гэтэл, бидний ажлыг үлэмж хөнгөвчилсөн цуврал бүтээлүүд гараад ирсэн нь маш их завшаан болов. Юун гэвэл “Завхан судлал Төв” төрийн бус байгууллага гараад хэдэн жил болсон явдал байв.

Төрийн бус байгууллага гэхээр л энд тэнд жагсаал цуглаан хийж, зодоон нүдээн дэгдээж, амьтан хүн айлгаж явдаг, нийгмийн тустай хөдөлмөр эрхлэхгүй атлаа тарган цатгалан аж төрдөг, ёс төргүй нөхдүүд ихэнхдээ санаанд буудаг даа. Гэтэл “Завхан судлал Төв” гэдэг төрийн бус байгууллага болохоор орон нутгийнхаа түүхийг л судлаад л, цуврал ном гаргаад л чимээ амиагүй аж төрдөг нэг газар байж таарав. Тэрийгээ ч нэг их сурталчлаад явдаггүй, зүгээр л эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулаал орхидог нь системчилсэн бүтээл гаргах сайхан сурвалж болдог аж.

Орон нутгийн түүхээр сэдэвчилсэн хориод боть гаргасан байна. Жишээлэхэд, 1929 оны амын тооллогын материалыг кирилл үсэгт буулган тухайн хошуу, одоогийн сумдаар бүлэглэн гаргасан нь өнөөгийнхэнд удам судраа тодотгон, ургийн бичгээ сийрүүлэх гол сурвалж болоод байна.

Эдний залуус“том том түүх” зохиож алдарших зам засахын оронд том түүхийн тоосго, өрлөг болдог эх сурвалжийг нийтийн хүртээл болгох санаачилга гаргажээ.Гэвч ихэнх хүн тэднийг “Далд байсан, олдоогүй явсан үнэт сурвалжууды ггаргажээ” гэхээс биш “Мундаг түүх зохиожээ” гэж хэлэхгүй. Үнэлэх, урамшуулах сэдэл гаргалаа гэхэд “Юу нь шинэ байгаа юм бэ. Архив ухаад л гаргасан байна” хэмээн эс тоох ч ч хүн гарна.

Гэвч ийм хүмүүсийн оролцоогүйгээр түүх бүтээнэ гэдэг бол тоосго, блок, цутгамал ханагүйгээр барилга барих шиг боломжгүй. Ийм үнэлгээг мэдэж байгаад хөдөлмөрлөсөн, цаг хүч, хөрөнгөө гаргасан болохоор би тэднийг хүндлэх сэтгэл төрөөд байсан юм. Учир нь ийм хандлагатай хүмүүсийн дундаас л зөв өсөлт, зөв эрэмбээр авирсан судлаач, түүхч, зохион байгуулж удирдагч нар төрдөг болоод тэр.

Дарга нь Б.Түвшин гээд даруухан царайны залуу байсан бөгөөд эдийн засгийн талын хүн болохыг тэгэхэд мэдэв. АПУ энэ тэр гээд бизнесийн том бүлэглэлийн дундуур дамжаад гарсан, дараа нь хувийн бизнес хөгжүүлээд явсан хүн гэнэ. Нарийн түүхийг нь сонирхоогүй ч их зөв хандлагатай залуусыг цуглуулж, зохион байгуулж дээ гэж бодоод өнгөрсөн. Асуудлын гол нь Завхандаа биш, түүхийн номондоо ч биш. Харин “зөв хандлага”, “зөв өгсүүлэх эрэмбэ” олж хардагтаа байгаа биз.

Хоёр. Шатгүй өгсөж, гишгүүргүй буугсад

Сонгууль чухал болоод байхад юун Британника яриад унав гэхээр ийм учиртай. Жинхэнэ өөрчлөлтийг “зөв эрэмбэ ба стандарт” чирж явдаг гэдгийг ярих гээд байгаа ухаантай. 

Танин мэдэхүйн хэвлэл лүгээ адил зүгшрүүлүүштэй өөр нэг юм бол манай улс төр. Сонгуулийн тогтолцоог дэлхийн жишгээр авсан боловч тэр нь хэлбэр талдаа.

   Нэг талаас нь харахад арав, хорь, бүр гучин жил тасралтгүй сонгогдсон өвгөчүүлээ харахаар социализмын үеийн “ганц хүн дэвшээд тэрийгээ дугуйлдаг” тогтолцоо хэвээрээ байгаа ч юм уу гэмээр.

Эсвэл хэн ч танихгүй нэг жаал шат алгасан хярд гарч ирээд л тэндээсээ гэнэт баяжиж олигархи болсноо доошоо бууж, зарим нь уусан идсэн хэргээр аавын хаалга татаж байгааг харахаар бүх юм урвуугаараа эргэж,хөл толгой нь алдагдсан ч юм шиг.

Шинэ үеийнхний өгсөх эрэмбэ алдагдсан учраас хуучин үе нь үндсээрээ халагдаж өгөхгүй байгаа хэрэг. Шинэ үе номоороо өгсөхгүй байгаа учраас эргэж нисээд, шатнаас хальтраад, улстөрийн өндөрлөгт зохих байраа эзэлж чадахгүй байна гэсэн үг.

 Шинэ үе зайгаа эзэлж чадахгүй байгаа учраас “УИХ-ын гишүүнээр төрөөд, гишүүнээрээ өтөлж яваа улстөрийн өтгөс” байр сууриа тавьж өгөхгүй байна шүү дээ. 

Гурав. Муулуулж байвал сайн

Сонгууль бол “Тогос ороод гахай болж гардаг” гэж үг бий. Нэр дэвшигчид юу эсийг сонсох билээ? Миний мэдэхгүй зөндөө юмыг, зөндөөн “дүгнэлт” нэмээд ярьжээ. Түвшин чинь банк бус Санхүүгийн байгууллага байгуулж явсан гэнэ.Түвшинг ББСБ байгуулж явсан учраас бараг л ЖДҮ-чин мөн байх гэнэ.

Нэг юм хэлмээр санагдчихлаа. Асуудалд «Түрийвчтэй юм чинь эндээ хулгайн мөнгө хийсэн байгаа. Гэрт нь хутга байгаа хойно хүн дүрсэн л байж таараа» гэж хандаж болохгүй ээ. Төрөөс хууль гаргахдаа: Банкинд хандах гэхээр тоогдохгүй, байгаа нь арай хүрэхгүй иргэдэд түргэн тусламж,  амь тариа болтугай гэж Банк бус санхүүгийн байгууллагыг хуульчилсан юм. 

ЖДҮ-чингүүд луйвардсан мөнгөө Банк бус руу хийсэн ч байгаа, газар ухаж булсан ч байгаа. Хулгай луйврыг үзэн ядах нь зөв. Харин хулгайн юмаа хадгалж байсан гээд бүхий л сэйф,  түрүүвчийг устгаад байж болохгүй. Хулгайн мөнгө булсан учраас гээд газар шороогоо сүйтгээд байлтай биш. Мөн үү!?

Гаж донтнууд хүчин хийж байгаа нь үнэн. Энэнээс болоод чамайг,

-Хэрэглэл нь байгаа юм чинь гаж донтон яг мөн гээд бариад авахтай л адил эндүүрэл гэдгийг дамжуулаарай гэж. 

Бас АПУ-д ажиллаж байсан учраас бас муу гэнэ үү? Манай үндэсний үйлдвэрлэгч АПУ муу газар юм уу, АПУ-гаар дайраад гарсан учраас муу юм уу, аль эсвэл АПУ сайн газар, тэндээс гарсан учраас муу болоод байгаа юм уу? Түвшин ороод гарсан учраас АПУ муу юм уу, ёстой чөөгий бүү мэд?

Ямар ч байсан энэ залуугийн рейтинг сайн байгаа учраас л дайраад байгаа нь тодорхой. Эрх баригчдийг Төрийн ордондоо улирсаар, тэндээ өтлөж дуусахад саадтай болоод байгаа юм байна.

Нэг юмыг хэлье. "Ковид 19"-өөр далимдуулаад манай эрх баригчид “Өөрснөөсөө өөр хүнтэй танилцах боломжгүй” сонгууль хийж байна. Танигдаад ирмэгц нь бөөнөөр боорлон дайрч байна. боорлож дийлэхгүйгээ шоронд аваачиж байна

Ийм учраас хамгийн их нулимуулж байгаа нь л хамгийн зөв хүн гээд бодоход алдахгүй. Нэр дэвшигчдийг магтуулж байгаагаар нь бус харин муулуулж яваагаар нь эрэмблэхэд алдахгүй. “Зөв хүнээ сонгох” уриатай Электорат хөдөлгөөнийхэн ч түүнийг “Зөв залуу” гэж дэмжээд байгаа нь цаанаа учиртай.

дөрөв.Зөв өсөлттэй залуусаа дэмжье!

Манайхан “төрийн албаны Мерит зарчим алдагдлаа” гэж яриад байгаа нь эрэмбэ дараатай шат дамжлагаар туршлагажин ажил албандаа дэвшдэг замнал арилсныг хэлээд байгаа юм. Энэнээс болоод, манай төрийн албанд шатгүй дэвшсэн шинэ үеийнхэн нь үүрнээсээ хальчихаад, хууччуул нь үүрэндээ өтлөөд явж байна.

Манайд төрийн албан тушаалтны өгсөх эрэмбийг, төрд төдийгүй, ажил мэргэжлийн салбар бүрт тогтоод байсан туршлагыг сэргээмээр санагддаг. (Харин гоц авъяастай, гойд чадалтай нь бол тусдаа л даа)

Жишээлэхэд, "Үнэн" сонины ажилтнаар сэтгүүлчийн гараагаа эхэлсэн бидний хэдэн нөхөд эхлээд хэвлэх үйлдвэрийн хянагч-нийлэгчийн дамжлагыг заавал дайрдаг байв. “Барилгын ажлыг тоосго үүрэхээс, сэтгүүлчийн ажлыг үсэг хянагчаас” гэж бүр уриатай. Тэндээсээ өгсөөд мэдээнд гүйдэг сурвалжлагч,тодорхой туршлага суусны дарааагаар тойм, тайлбар өгүүлэл бичих хэмжээнд очих гэхчлэн өгсөнө.

Тэр мэтээр, шинэ үеийнхэн маань болж өгвөл дүүргийн иргэдийн хурал, хотын депутатаар дамжиж парламент руу өгсвөл улс төрийн өндөрлөгөөс “толгой эргэн нисч унах, гишгүүргүй хальтрах”-ын зовлонг тойрч болмоор санагддаг. 

Зөв эрэмбэ, мерит зарчим гэлээ гэгчээр өмнө ярьсан Б.Түвшинг Ардчилсан намаас нэр дэвшүүлжээ. Хан уул дүүрэгт. Зөв хандлагаар өгсч яваа санагддаг энэ залуу хотын депутат буюу нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч. Үсэрч гараад, нисч буудгуудын дэргэд шатаар өгсөж, зөв гишгэж яваа залуусын нэг юм. Намтрыг нь биш, хүнийх нь хандлагыг ярих гэсэн болохоор хувийн замналыг нь жичдээ орхив.

Энэ сонгуулиар бид хувьсгал хийх хэрэгтэй байна. Хувьсгалаар шинэ хүмүүс гарч ирдэг нь жам. Гэхдээ тэр шинэ хүмүүс нь шатнаас хальтирч, хяраас хийсчихээргүй “туршлагатай шинэ”, “зөв эрэмбээр өсч яваа шинэ” хүмүүс байх ёстой. Тэгж гэмээнэ төрийн өндөрлөгт тогтож, байр сууриа олж авна. Ийм хүмүүс байр сууриа олохын хэрээр бид төрөө шинэчилж, Их хуралд өтөлсөн хэдээсээ салж, шинэ амьсгаа авах юм.

Эх сурвалж: Б.Цэнддоо 2020.06.19

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.