Малчид бүтээн байгуулалттай танилцлаа


Энэ оны нэгдүгээр сард аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг малчдын өвөлжилтийн байдалтай газар дээр нь танилцаж тэдний санал хүсэлтийг хүлээн авсан. Энэ үеэр малчид аймаг орон нутагт мал аж ахуйн чиглэлээр хийж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилтай биечлэн танилцах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тус хүсэлтийн дагуу 05 дугаар сарын 29-ний өдөр дөрвөн сумын малчдын төлөөлөл Малын удмын сан, Арьс ширний цогцолбор, Хонгор сумын Хар бэлчир дэх Сэлэнгэ үүлдрийн цөм сүргийн аж ахуйтай танилцлаа.

“Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” аймгийн дэд хөтөлбөр, аймгийн Засаг дарга, Малын удмын сангийн үндэсний төвтэй 2020 онд хамтран ажиллах Санамж бичиг байгуулсан аж. Санамж бичгийн хүрээнд малчид Малын удмын сангийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцсан юм. Энэхүү малын удмын сангийн үндэсний цогцолборын үйл ажиллагааны чиглэл нь Мал, сүргийн генетик, нөөцийг хамгаалах, хадгалах, баяжуулах, ашиг шимийг нь нэмэгдүүлэх, удам, гарвал, үүлдэр угсааг сайжруулах, малын нөхөн үржихүйн чадавх, нөөц боломжид суурилан үржүүлгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, биотехнологи, инженерчлэлийн ололтыг мал аж ахуйн салбарт нэвтрүүлэх, нэг малаас авах үр төл, түүхий эдийг нэмэгдүүлэхэд оршдог ажээ.

Малчдын дараагийн очсон газар бол Хонгор сумын 2 дугаар багт барьж буй “Дархан арьс ширний цогцолбор” юм. Нийтдээ 180 га газарт цахилгааны дэд станцын барилгын ажил, дулааны шугам хоолой татах ажил, ноос угаах, самнах үйлдвэрийн барилгын ажил хийж байгаатай танилцлаа. Энэхүү цогцолбор ашиглалтад орсноор арьс ширний үйлдвэрийг түшиглэсэн олон жижиг үйлдвэрлэгчид төрөн гарч улмаар орон нутагт 2500 орчим байнгын ажлын байр бий болох давуу талтай аж.


Хонгор сумын Хар бэлчир дэх махны чиглэлийн Сэлэнгэ үүлдрийн цөм сүргийн аж ахуйтай малчид бүтээн байгуулалттай танилцах аяллын төгсгөлд очсон юм. Ийнхүү дөрвөн сумын малчдын төлөөлөл мал аж ахуйн чиглэлээр аймагтаа хийж байгаа томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилтай биечлэн танилцсандаа баяртай байлаа.

Эх сурвалж: montsame.mn 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.