Дэлхийн хамгийн залуу улстөрчдийг танилцуулах нь + Тэднээс юу сурч болох вэ?


Монгол Улсын Парламентын сонгууль болоход ердөө сар гаруйн хугацаа үлджээ. Парламентын 76 гишүүнийг сонгодог энэ сонгуулиар бид иргэний эрхээ эдэлж, өөрсдийг маань төлөөлж шийдвэр гаргах улс төрчдийг илтгээх болно. Энэ утгаараа улс орны ирээдүйг тодорхойлоход хувь нэмэр оруулах тун хариуцлагатай өдрүүд тохиож байна. Энэ цаг мөчид манай багийнхан улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчээс хараат бусаар, The Asia Foundation, USAID, IRI зэрэг байгууллагын дэмжлэгтэйгээр эхлүүлж буй "Надад нэг санал байна" медиа аянд нэгдэж буйг дуулгахад таатай байна. Залуу сонгогчдыг идэвхжүүлэх, мэдээлэлжүүлэх зорилготой энэ аяныг UB.Life зохион байгуулж бусад хамтрагчдыг татан оруулж байгаа юм.

Бид залуучуудыг сонгуульд хариуцлагатай оролцохыг уриалсан, санал өгөхдөө юу юу анхаарахыг таниулсан цуврал контентууд бэлтгэж, сонголт хийх үйл явцыг нь хөнгөвчлөхийг зорих болно.

Эхний удаа бид дэлхий дахинд залуучууд улс төрд хэрхэн идэвхтэй оролцдогийг харуулахаар анхаарал татсан залуу улс төрчдийг түүвэрлэн танилцуулж байна. Өдгөө дэлхийн хүн амын тал хувийг 30-аас доош насны залуус эзэлж буй. Шинэ үеийн залуусын амьдралын хэв маяг өөрчлөгдөхийн хэрээр улс төр, нийгэм, эдийн засагт үзүүлэх оролцоо улам өргөжин тэлэх болжээ. Энэ хэрээр нийгэм, улс төрийн шийдвэр гаргах түвшинд залуусын оролцоо, орон зай нэмэгдсээр байна.

Нас залуу боловч зорилготой, шийдэмгий эдгээр улс төрчдийн түүхээс бидний ойлгож авах учиртай зүйл бол залуучууд бид дангаараа ч ялгаа, өөрчлөлтийг авчирч чадна. Заавал улс төрч байх албагүй ч чадалтай улс төрчдийг дэмжиж гаргаж ирж чадна. “Надад нэг санал байна” хэмээн дуу хоолойгоо өргөж чадна. Нэг хүн ийм өөрчлөлтийг гаргаж чадаж байгаа юм бол нэгдэн нийлбэл бид юунд хүрч, ямар ирээдүйг бүтээж чадахыг төсөөлж байна уу?

Unread Media

САННА МАРИН – ДЭЛХИЙН ХАМГИЙН ЗАЛУУ ЕРӨНХИЙ САЙД

Албан тушаал: Финландын Ерөнхий сайд

Нас: 34 настай

Аз жаргалын индексээр дэлхийд тэргүүлдэг Финланд улс нь дэлхийн хамгийн залуу Ерөнхий сайдтай. Энгийн дундаж айлд мэндэлж, өсвөр насандаа талхны мухлагт кассчинаар ажиллан, гадуур сэтгүүл тараадаг байсан нэгэн охин өдгөө нийгэм, улс төр, эдийн засгийн тогтвортой байдлаараа дэлхийд тэргүүлдэг Финланд улсын хамгийн нөлөө бүхий эрхэм болжээ. Финланд улс 1906 онд эмэгтэйчүүдэд улс төрд оролцох бүрэн эрхийг олгосон дэлхийн түүхэн дэх анхны улс болж, өдгөө гурав дахь эмэгтэй Ерөнхий сайдаа томилоод буй юм. Одоогоор парламентын гишүүдийг 47 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна.

Санна Марин тус улсын аж үйлдвэрийн хот гэгддэг Тамперийн захирагчаар 27 насандаа томилогдсоноор улс төрийн замнал нь эхэлжээ. Зүүн төвийн буюу социал демократ үзэлтэй тэрээр хотын захирагчаар томилогдсоноос гурван жилийн дараа Парламентын гишүүнээр сонгогдсон нь гайхмаар зүйл биш. Хариуцсан ажил үүрэгтэй нямбай ханддаг, байгаль орчны асуудлыг гүнзгий судалж оновчтой шийдвэр гаргадаг нь парламентын сонгуульд дахин сонгогдоход эерэгээр нөлөөлөөд зогсохгүй 2019 оноос Зам тээврийн сайдаар томилогджээ. Ингээд удалгүй тус улсын эрх баригч Социал демократ намын даргаар томилогдож, Ерөнхий сайд болох замаа нээснээр 2019 оны төгсгөлд ажлаа албан ёсоор хүлээн авсан билээ.

ХЛОЕ СВАРБРИК – OK, BOOMER!

Албан тушаал: Шинэ Зеландын Парламентын гишүүн

Нас: 25

Шинэ Зеландын Парламентын гишүүнээр 23 насандаа сонгогдсон тэрээр хурц яриа, эрч хүчтэй хэмнэлээрээ карьерийн амжилтаа хурдан ахиулжээ. Парламентын гишүүнээр сонгогдохоосоо өмнө 17 наснаасаа гарааны бизнес эхлүүлж, энтрепренер болсон аж. Сэтгэцийн эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, гарааны бизнестэй холбоотой асуудалд голлон анхаардаг Хлое Сварбрик хуулийн сургуулийг 17 насандаа төгсөн карьераа эхлүүлжээ. 2012 онд өөрийн анхны фэйшн бизнесээ эхлүүлэхийн хажуугаар оюутан байхдаа сургуулийнхаа фм-д хөтлөгч хийж, мэдээ, нийтлэл бичдэг нийгмийн тун идэвхтэй нэгэн байж.

Ингээд 2016 онд Аукланд хотын сунгаанд өрсөлдөж, ялагдал хүлээснийхээ дараа тус улсын Ногоон намд элсэж, цааш парламентын сонгуульд хүч үзсэний эцэст 2017 онд Шинэ Зеландын хууль тогтоох дээд байгууллагын босго давжээ.

Гишүүнээр сонгогдсоныхоо дараа хүнд өвчтөнүүдэд эмчилгээний каннабис хэрэглэхийг хуульчлах тухай хуулийн төслийг ахалж, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг ашиглах тухай хуульд шинэчлэл оруулсан байна. Өнгөрсөн онд тэрээр парламентын танхимд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас ихсэж буй нүүрсхүчлийн хийг бууруулах арга хэмжээний тухай илтгэл тавьж байхдаа яриаг нь тасалдуулан нэгэн гишүүнийг “Ok, boomer” хэмээснээр олон улсын хэвлэлд дуулиан тарьсныг санаж буй биз ээ.

ЖОРДАН СТИЙЛ ЖОН – ЯЛГААТАЙ ХӨГЖЛИЙГ ЯЛАН ДИЙЛЭХ НЬ

Албан тушаал: Австралийн Парламентын гишүүн

Нас: 25

Австралийн Ногоон намын гишүүн Жордан Стийл Жон 2017 онд тус улсын парламентын гишүүнээр сонгогдсоноор хамгийн залуу сенатороор тодорсон юм. Тэрээр тархины саажилтын улмаас багаасаа тэргэнцэр дээр явах болж, хөгжлийн ялгаатай иргэдийн эрхийн төлөө олон тэмцэж, дуу хоолойгоо хүргэсэн. Түүнд зориулан сенатын танхимыг хүртэл шинээр засч янзлан, сенатор үг хэлэхдээ зогсох ёстой гэх дүрмийг ч өөрчилсөн билээ.

Жордан Стийл Жон Их Британид төрсөн ч багадаа аав, ээжийн хамт Австрали руу нүүн иргэншлээ сольсон байна. Залуу сенатор хөгжлийн ялгаатай иргэдийг эрхийг дэмжих төдийгүй уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг дэмжиж ногоон ирээдүйг бүтээхэд хувь нэмрээ оруулна хэмээн амлан, ажиллаж буй юм.

Улс төр судлалын чиглэлээр сурч байсан ч төгсөж чадаагүй тэрээр тус улсын Ногоон намын дэд тэргүүн асан Скотт Лудламын оронд намаасаа сонгогдсон нь энэ ажээ. Скотт Лудлам нь Шинэ Зеландын давхар иргэншилтэй байсан нь илэрч, албан тушаалаасаа огцорсон юм.

САЙЕД САДДИК БИН САИД АБДУЛ РАХМАН – ОКСФОРДООС ДАВСАН АМБИЙЦ

Албан тушаал: Малайзын парламентын гишүүн

Нас: 27

Оксфордын их сургуульд магистрын зэрэгт суралцах Чевенгийн 100 хувийн тэтгэлгээс хоёр удаа татгалзаж, улс төрийн карьерээ эхлүүлсэн Сайед Саддик бин Саид Абдул Рахман хэмээх залуу Малайзын парламентын гишүүнээр 25 настайдаа сонгогдож, Залуу үе, спортын хариуцсан сайдаар хоёр жил гаруй ажиллажээ.

Азийн 600 гаруй залуусыг нэгтгэсэн Азийн парламентын мэтгэлцээний аваргаар тодорч байсан тэрээр багаасаа нүүрэмгий, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг байсан тул залуу үеийнхэнд тулгарч буй нийгмийн асуудлыг хөндөж, дуу хоолойгоо хүргэдэг байжээ. Парламентын гишүүнээр сонгогдсоныхоо дараа залуусын сонгууль өгөх насыг 21 биш 18 болгох хуулийн төслийг идэвхтэй дэмжиж, хэлэлцүүлсний эцэст энэ онд баталсан юм.

Түүнийг ажлын арга барил, өдрийг хэрхэн өнгөрүүлдэг тухай SCMP редакцын баг сурвалжлага бэлтгэж, өглөө бүр 5 цагт босоод, 50 удаа сунайх, дахин 50 удаа босч суух дасгал хийдэг тухай онцолжээ. Оффисынх нь өрөөнд номоор дүүрэн тавиурууд байснаас гадна хажууд нь хөл бөмбөгийн бэлтгэлийн хувцас өлгөсөн нь сонирхолтой.

МХАЙРИ БЛЭК - ХУРЦ ДУУ ХООЛОЙ 

Албан тушаал: Их Британийн Парламентын гишүүн

Нас: 25

Шотландын улс төрч Мхайри Блейк 20 настайдаа тус улсын Үндэсний намаас парламентын гишүүнээр сонгогдсон нь Их Британийн түүхэнд сүүлийн 300 жилд тохиогоогүй хамгийн залуу улстөрч болсон юм. 2017 оноос хойш хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж буй тэрээр Глазгогийн их сургуульд улс төр судлалын чиглэлээр суралцаж байгаад оюутны ширээнээс парламентын танхимд суух болжээ. Уламжлалт социалист үзэлтэй хэмээн өөрийгөө тодорхойлсон Мхайри Блейк Засгийн газрын гишүүдийг хэт их өр зээл тавьж, өндөр зардалтай ажиллаж буйг хүчтэй шүүмжилдэг. Нас залуу хэдий ч хурц яриа, тууштай үзэл бодлоороо ялгарсан түүний парламентын танхимд тавьсан анхны илтгэлийг нь 10 сая гаруй хүн үзэж сонирхжээ. Оюутан байхдаа хөл бөмбөгийн багт тоглож, цагийн ажил хийдэг байсан тэрээр ижил хүйстнүүдийн эрхийг хүндэлж, гэрлэлтийг нь дэмждэг гэдгээ мэдэгдэж байсан юм.

СЕБАСТЬЯН КУРЦ - ДИПЛОМАТ УДИРДАГЧ 

Албан тушаал: Австрийн канцлер

Нас: 33

Австрийн Ард түмний намыг тэргүүлж, парламентын сонгуульд ялалт байгуулсан тэрээр тус улсын канцлераар хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж буй. 2013 онд Европын хамгийн залуу гадаад хэргийн сайд болж, улс төрийн карьераа ахиулсан Себастьян Курц нь улс төрийн тавцанд дипломат харилцааны олон зоримог алхмыг хийж байсан юм. Тухайлбал, Гадаад хэргийн сайдаар ажиллаж байхдаа Европын зөвлөлийн 30 орны Гадаад хэргийн сайд нарыг урьж, Украины хямралын асуудлаар хэлэлцэж байсан билээ.

Мөн 27 настайдаа цөмийн хөтөлбөрийн асуудлаар Иран, АНУ, Хятад зэрэг долоон орны төрийн тэргүүнийг урьж, эх нутагтаа хэлэлцээр зохион байгуулж байсан. Тус хэлэлцээрийн хүрээнд Тегераны цөмийн хөтөлбөрийг хязгаарлах түүхэн гэрээг талууд Венад үзэглэсэн билээ. Тэрээр цагаачлал болон интеграцчиллын асуудлыг онцолж, хууль бус цагаачид, дүрвэгсдийн хямралыг багасгахад анхаарал хандуулан ажилласаар буй.

Эх сурвалж: ''unread.today''

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.