НАСА, SpaceX-ийн хамтарсан түүхэн нислэг цаг агаарын улмаас хойшлогдлоо


Илон Маскийн үүсгэн байгуулсан SpaceX компанийн “Драгон” сансрын хөлөг хоёр сансрын нисгэгчтэйгээр сансарт нисэхээр төлөвлөж байсан ч цаг агаарын улмаас түр хойшлууллаа. Хоёр дахь оролдлогыг тавдугаар сарын 30 буюу энэ бямба гарагт хийхээр боллоо.

Энэ нь сүүлийн есөн жилийн хугацаанд анх удаа АНУ-ын нутаг дэвсгэрээс америк хөлгөөр өөрсдийн сансрын нисгэгчдийг тойрог замд хүргэх түүхэн үйл явдал болох байв. 

Даг Херли, Роберт Бенкен нар “Тесла”-гийн цахилгаан машинаар ирцгээжДаг Херли, Роберт Бенкен нар “Тесла”-гийн цахилгаан машинаар ирцгээж

Америкийн сансрын нисгэгч Даг Херли, Роберт Бенкен нар “Тесла”-гийн цахилгаан машинаар ирцгээж, 77 метрийн өндөрт байрладаг талбай руу лифтээр гарчээ. 

Тэнд “цагаан өрөө” нэртэй байгууламжинд орж, ханан дээр гарын үсгээ зурцгаасан байна.

Үүний дараа Херли, Бенкен нар төлөвлөгөөний дагуу капсулдаа сууцгааж, техникийн ажилчид нь дүрэмт хувцас болон бусад тоног төхөөрөмж, хоёр талын холбоо харилцаа хэвийн эсэхийг шалган, хөөрөхөд бэлэн болцгоосон байна. Сансрын нисгэгчид гэнэтийн ослоос өөрсдийг нь аврах системийг идэвхжүүлжээ.

Дараа нь пуужинд түлш, исэлдүүлэгчийг шахаж эхэлсэн бөгөөд нисэхээс 20 минутын өмнө гэхэд цаг агаарын байдал сайжраагүй тул нислэгийг цуцалсан байна.

Хэрвээ нислэг амжилтгүй болж осол болбол сансрын нисгэгчдийг аврах капсул АНУ-ын зүүн эрэг орчмын далайд унах ёстой байв. Уг үйл явдлыг НАСА болон SpaceX  дамжуулж байжээ. 

Цаг уурчид сансрын буудал орчимд хүчтэй аадар бороо орно гэдгийг анхааруулж байсан ч НАСА сансрын агентлагийн хувьд цаг агаарын ямар нөхцөлд нисэж болох нарийн шалгуур байдаг аж. Үүнд салхины хурд, үүлэрхэг байдал болон бусад хэмжүүрүүд ордог байна. Урьдчилсан мэдээллээр цаг агаарын байдал сайжрах магадлал 50 хувьтай байв.

Хэрвээ бямба гарагт цаг агаар сайхан байвал дахин нисэх оролдлого хийх юм. 

"Фалкон" пуужин орон нутгийн цагаар 16:33 цагт хөөрөх байв. Энэ цагийг нарийн тооцохгүй бол цагт 27 мянган км-ийн хурдтай сансрын хөлөг олон улсын сансрын станцтай нэгдэхгүй юм байна.

ИЛОН МАСК: SPACEX-ИЙГ 2002 ОНД ҮҮСГЭН БАЙГУУЛЖ БАЙХАД ЭНЭ ӨДӨР ИРНЭ ГЭДГИЙГ ТӨСӨӨЛЖ Ч БАЙСАНГҮЙ

“Бид маш хэцүү тооцооллууд хийж, бүтэлгүйтэж, осол ч болж байсан. Гэлээ ч энэ бүх оролдлогууд SpaceX-ийг онцгой компани болгож байна” хэмээн сансрын буудалд болсон хэвлэлийн бага хурлын үеэр НАСА-гийн тэргүүн Жим Бриденстайн хэлжээ. 

Илон Маск энэ бүх ослууд газар дээр хийсэн туршилтын үеэр буюу нислэг үйлдээгүй байхад болсон гэдгийг тодотгож байв. “Би ”SpaceX-ийг 2002 онд үүсгэн байгуулж байхад энэ өдөр ирнэ гэдгийг төсөөлж ч байсангүй. Тиймээс 2002 онд надад хэн нэгэн нь намайг НАСА-гийн тэргүүнтэй хамт зогсож, сансрын нисгэгчидтэй уулзаж байхыг мөн 39А талбайд тэдний нисэх сансрын хөлөг нь хүлээж байна гэдгийг хэлсэн бол би тэр хүнд "мэдэхгүй залуу минь, байж боломгүй зүйл" гэж хэлэх байсан”  гэжээ.

Түүний хөлгөөр нисэх гэж буй сансрын нисгэгчдийн өмнө хариуцлага хүлээж байна уу гэж Маскаас асуухад тэрбээр сансрын нисгэгчдийн гэр бүлийнхэнтэй нь уулзсан гэдгээ хэлж “Аавыг нь гэрт нь хариулахын тулд бид чадах бүхнээ хийсэн гэдгээ хэлсэн” гэжээ.

Эх сурвалж: ВВС

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.