МАН-ын дарга ЖДҮ-чдээ нэр дэвшүүлэхээр болсон уу?


МАН-ын Бага хурал энэ Баасан гаригт  хуралдана. Хурлаар 2020 оны сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулна. Сонгуулийн тухай хуулиар тавдугаар сарын 10-16-ны хооронд нам, эвслүүд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж, СЕХ-нд бүртгүүлэх ёстой. Энэ дагуу намууд Бага хурлаа хийж, нэр дэвшигчдээ зарлана.

Энэ удаагийн сонгууль цар тахлын үед буюу хорио цээрийн дэглэмийн үед явагдана гэдгээрээ онцлогтой. Ийм цаг үед шинэ хүмүүс олон нийтэд танигдахад хязгаарлагдмал учраас намын дарга нараас мэргэн сонголтыг шаардах нь. Нөгөөтэйгүүр 2020 оны сонгууль томсгосон тойргоор явагдах учраас нэг намын нэр дэвшигчид хоорондоо өрсөлддөг. Ялахын тулд бие биеийнхээ эсрэг хар пиар хийдэг гээд сул талтай.

Өнгөрсөн дөрвөн жил эрх барьсан МАН дахин ялалтаа бататгах эсэх нь У.Хүрэлсүхийн багаас шууд хамаарна. Ялангуяа гишүүд нь хамгийн их шүүмжлэл, хэл ам дагуулсан МАН-аас хэн, хэн нэр дэвших нь  олон нийтийн анхаарлыг хамгийн их татаж байгаа.

МАН-ын дарга У.Хүрэлсүх “ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдээ сонгуульд нэр дэвшүүлэхгүй”  гэж намын бүлгийн хурал дээр хэлсэн үгэндээ хүрэх эсэх нь ирэх Баасан гаригт тодорхой болно.

Нэгэнт энэ мэдэгдэл нь олон нийтэд хүрч, нийгэмд хүлээлт болсон үед тэр ЖДҮ-чин гишүүдээ дахин нэр дэвшүүлбэл олон нийт У.Хүрэлсүхэд мөн МАН-д итгэл алдрах нь тодорхой. Тийм учраас МАН-ын дарга ямар багийг сонгуульд авч орох вэ гэдэгт толгойгоо гашилгаж суугаа нь тодорхой.

Тэрбээр “УИХ-д хулгайч хүмүүс биш сор болсон сэхээтнүүд суугаасай гэж хүсдэг" хэмээн нэгэн цагт хэлж байсан удаатай. Намын даргынхаа сонголтод багтаж чадах эсэхдээ эргэлзсэн “асуудал”-тай гишүүд нь энэ өдрүүдэд хоёр талд хэсэг хэсгээрээ уулзалдаж байгаа сурагтай. ЖДҮ-чид нь нэг талд, нөгөө талд 60 тэрбумын нөхөд. “Хэрэв ЖДҮ-чидээ нэр дэвшүүлбэл, бид ч барьцана хэмээн 60 тэрбумынхан ярьж суугаа гэх. Ингэх нь ч аргагүй.

Хэдийгээр УИХ-ын дарга асан М.Энхболд, МАН-ын дарга У.Хүрэлсүх хоёр эвлэрч, учир зүйгээ ололцоогүй байгаа ч М.Энхболд гишүүн намын даргаа ямар шийдвэр гаргахыг харъя гэж намын хэдэн нөхдөдөө хэлсэн байдаг. Хэрэв хулгайч гишүүдээ нэр дэвшүүлбэл МАН олонх болохгүй нь тодорхой. Мөн У.Хүрэлсүхийн рейтинг шууд унана.

Одоогийн байдлаар, МАН-ын ЖДҮ-чин гишүүдээс Б.Батзориг, Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Г.Солтан, Л.Энхболд, А.Сүхбат нар 2020 оны сонгуульд нэр дэвшихгүй нь тодорхой болсон.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Я.Содбаатар хоёрын хувьд намынхаа сонгуулийн төв штабт ажиллаж дараа нь сайдын суудалд санаархахаар зэхжээ. Гэхдээ тэдэнд  нам нь дахиад Засгийн эрх авна гэж хэн ч хэлээд байгаа юм, авлаа гэхэд улс төрийн өндөр албан тушаал хаших эрх байхгүй.

Д.Дамба-Очир, Л.Энхболд, Б.Ундармаа, Б.Батзориг нарын хувьд хуулийн шүүхийн байгууллагаар шалгагдаж буй.

Тэгвэл У.Хүрэлсүх үлдсэн ЖДҮ-чин гишүүдээ мөн адил сонгуульд нэр дэвшүүлэхгүй, ижил тэгш хандаж чадах эсэх нь бас л эргэлзээтэй байна. Учир нь  ЖДҮ-чидээ дотор нь ангилж, намдаа дахин суудал авчирч ирэх боломжтой эсэх мөн боловсрол мэдлэг зэргийг нь давхар харгалзан үзэж байгаа гэнэ. Тиймдээ ч УИХ-ын гишүүн Н.Учрал, Г.Тэмүүлэн, Б.Баттөмөр, Х.Нямбаатар, Х.Болорчулуун, Б.Саранчимэг, Н.Оюундарийг нэр дэвшүүлэх нь тодорхой болжээ.

Намдаа муу нэр зүүлгэсэн бүх гишүүдээ нэр дэвшүүлэхгүй байя гэсэн хүсэл У.Хүрэлсүхэд мянгантаа байвч, хүч хүрэхгүй өчнөөн шалтгаан байгааг нуух юун. Авлигачдаасаа бүрмөсөн салаад дан нэр цэвэр, шинэ хүн дэвшүүллээ гэхэд авлигачид нь эргээд ноцно. Сонгуулийн өмнө их үймээн дотроо гаргахыг хэн ч хүсэхгүй нь лавтай. Мөн У.Хүрэлсүхийн сонгуульд авч орсон баг нь УИХ-д хамгийн багадаа 39 суудал авч олонх болж чадахгүй бол тэрбээр намын даргаасаа буух хариуцлага ч яригдана.

Түүний сонгосон 76 хүнээс МАН  болон У.Хүрэлсүхийн хувь заяа шууд хамаарах учраас хэн, хэнийг хаалганы гадна үлдээх үү гэдэг хариуцлагатай сонголтыг тэр хийнэ. Ингэхдээ дан ганц УИХ дотроос бус хариуцлага тооцсон намын гишүүдээ ч гэсэн нэр дэвшүүлэхгүй гэж хэлснээ бататгаж чадвал, түүний одоогийн нэр хүнд улам өсөх болно.

Эсрэгээрээ олон нийтийн итгэлийг алдаж, ЖДҮ-чдээ багтаа авч баярлуулах уу, эсвэл олон нийтийн итгэлийг хариулж,  ЖДҮ-чдээ гомдоох уу гэдэг түүний сонголт хоёрхон хоногийн дараа ил болно.

Эх сурвалж: News.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.