-Үндэсний аудитын газарт 208 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн. Шаардлага хангахгүй хэчнээн мөрийн хөтөлбөр байна вэ?
-Бие даан нэр дэвшигч 208 хүн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт ирүүлсэн. Төрийн аудитын байгууллагаас мөрийн хөтөлбөрүүдийг хянаж үзээд, 121 бие даагчийнх хуулийн шаардлага хангаагүй гэдэг үндэслэлээр буцаачихсан.
-Тэдэнд мөрийн хөтөлбөрөө хуульд нийцүүлж засах боломж бий биз дээ?
-Энэ хүмүүс УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 38.9-д заасны дагуу тав хоногийн дотор мөрийн хөтөлбөрийн хуульд нийцэхгүй байгаа зүйлүүдээ залруулаад, дахиж ирүүлэх эрхтэй.
-Мөрийн хөтөлбөрийг нь хэзээ буцаасан бэ?
-Өнгөрсөн баасан гарагт буцаасан. Заримыг нь өчигдөр буцаасан байгаа. Хуульд нийцүүлээд ирэх юм бол дахиж хянаад, нийцсэн эсэх талаарх дүгнэлтийг гаргана.
-Бие даагчдын мөрийн хөтөлбөр хуульд нийцсэн эсэх эцсийн дүгнэлт хэзээ гарах билээ?
-Тавдугаар сарын 22-ноос өмнө бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хууль нийцүүлж, боломжтой хүмүүсийн нэрсийг гаргах ёстой. Бие даагчдаас ирүүлсэн мөрийн хөтөлбөрийг Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал, Сонгуулийн тухай хуулийн 38.3-т заасан эд хөрөнгө амлалт өгөхгүй байх заалт, зарцуулагдах хөрөнгийн эх үүсвэр нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн холбогдох заалтуудад нийцсэн байх гэсэн 3 үндсэн үзүүлэлтээр шалгах юм.