М.Энхсайханд ял оноож, Б.Махбалын хэрэг хойшлогдов


Өнгөрөгч долоо хоногт дуулиан тарьсан хоёр хэрэг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болов. Нэг нь Зам тээврийн яаманд гарсан хүн амины хэрэг, нөгөө нь Тавантолгойн гэрээг боловсруулахтай холбоотой М.Энхсайханы хэрэг байв.

Б.Махбалын хэргийг эргэн сануулахад, 2018 оны наймдугаар сарын 09-нд Зам тээврийн яаманд хүн амины ноцтой хэрэг гарав. Тодруулбал, тухайн үед ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал халдсан болохыг мөрдөн байцаалтын явцад шалгаж тогтоосон. Талийгаачийн ар гэрийнхэн цөхрөнгөө барж, хууль шүүхийнхэнд итгэх итгэл найдвараа алдаж эхэллээ. Учир нь, өнгөрөгч Баасан гаригт /2020.05.08/ болсон шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч нараас хохирол төлбөр төлөх таван хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан тул шүүх уг хүсэлтийг хүлээн авч дараагийн шүүх хуралдааныг тавдугаар сарын 15-ны өдрийн 08.30 цаг хүртэл хойшлуулсан байна. Өөрөөр хэлбэл хэрэг анхан шатны шүүхэд нэгдүгээр сард шилжсэнээс хойш арван нэг дэх удаагаа хойшиллоо. Магадгүй Б.Махбал хөөн хэлэлцэх хугацаагаар ял завших болов уу гэсэн хардлага байгааг ч нуухгүй юм.

Харин Ерөнхий сайд асан М.Энхсайханы хэрэг шүүхээр оров уу үгүй юу шийдэгдчихлээ. Шүүхээс түүнд 4.6 жилийн хорих ял оноож, нийтийн албанд дөрвөн жил томилгдох эрхийг хасав. Өмгөөлөгч нарын зүгээс уг хэргийг нэг талыг баримтлан шийдвэрлэсэн хэмээн тайлбарлаж буй. М.Энхсайханыг 130 сая төгрөгөөр албан хэрэгцээнд автомашин худалдаж авсан, Тавантолгой ордыг хөрөнгө оруулагч талд ашигтай байдлаар байгуулах гэрээг боловсруулсан хэмээн буруутгаж шүүхээс дээрх ялыг оногдуулсан. Зүй нь бол уг хэргийг хэрэгсэхгүй болгож, прокурорт буцаан шийдвэрлэж болох байсныг олон хүн ярьж байна. Түүний өмгөөлөгч Ц.Эрдэнэбат шүүх хурлын үеэр шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, үйлчлүүлэгчээ гэм буруугүйг батлахдаа иргэн Х.Баттулгын Монгол Улсын прокуроруудын зөвлөгөөний үеэр аваачиж өгсөн 178 хуудас бүхий гомдлын дагуу шүүх маргаан хэлэлцэхдээ хараат бус байдлаар шийдвэр гаргаж чадахгүй байх гэдэгт эргэлзэж буйгаа хэлсэн. Энэ ч үндэстэй байж болох юм.

Нөгөөтэйгүүр шүүх хараат бус байдлаа алдаж Э.Энхсайханд хүчээр шахуу автомашин худалдан авсан хэргийг тохсон бол бүхэл бүтэн хоёр гаруй жилийн хугацаанд сунжирч буй нотлох баримттай, яамны гадна гарсан хүн амины хэргийг шийдвэрлэхгүй өдгөөг хүрсэн нь сонирхолтой. Өөрөөр хэлбэл гэрчтэй, нотлох баримттай хүний аминд хүрсэн этгээд тодорхой байхад хэргийг ингэж сунжруулж удаашруулах цаад сонирхол юу бэ. Хэдэн сар хэвлэлээр шуугьсан энэ хэрэг ингэж явсаар мартагдах вий.

Э.АРИУН

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.