Үзэг, үнэн хоёроор ташуур хийж агсарсан найрагч


“Тэмцдэггүй ард түмэн бөхдөг, урсдаггүй ус ширгэдэг” гэсэн ардын мэргэн үг байдаг. Тэр ч утгаараа аливаа улс үндэстэн бүрт өөр өөрийн гэсэн үндэсний онцлогтой “тэмцэгч”, “дууч”, “бамбар”, “туг” болсон нийгэм, улстөрийн манлайлагч төрдөг.

Цаг үеийнхээ шаардлагаар төрсөн тэдгээр хүмүүс нь зон олон доо хэдийнээ хүлээн зөвшөөрөгдсөн, улстөрийнхөнд шүдний “өвчин” нь болсон хүмүүс байдгаараа онцлогтой.

Түмний нүдэнд амьдрал, уран бүтээл нь өрнөж байдаг манлайлагчдын нэг бол яах аргаггүй олноо “Ай” хэмээн алдаршсан Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул нутагтай тэмцэгч СГЗ Айлтгүйн Төмөр-Очир болой. Түүнд олон цол гуншин бий. Энэ удаад тэмцэгч найрагч гэдгээр нь Ай... ахынхаа гал ассан, эмнэг залуу морьд шиг догшин, агсарсан, халгиа цалгиатай бүтээлүүдээс нь дээжлэн хүргэж байна.

Ailtgui Tumur-Ochir-н зураг.

“ТАМ”-ынд зочилж, үхэлтэй гар барьж, тэврэлдээд ирсэн. Тэндээс харин “ҮЗЭГ, ҮНЭН” хоёроор таяг хийгээд ЦАХИЛЖ зугатсан хэмээн өөрийгөө “тунхаглах” дуртай Ай.Төмөр-Очир:

Элгээ сольсон би ЭДГЭРНЭ ЭЭ

Эх орноо зарсан тэд БЭТГЭРНЭ ЭЭ ... Бурууг булж, булхайг нэрэгсэдтэй эцсээ хүртэл ТУЛАЛДАНА АА хэмээн зарим нэг бүтэхгүй хулгайч, луйварчин, бялдуучдыг үзэн ядаж (“Бүлэглэл”, “Улстөрч”)-дөд хугацаагүй “ДАЙН”-ыг 2016 оны 05 дугаар сарын 08-ны тэр нэгэн өдөр зарласан байдаг. Учир нь тэрээр энэ өдөр ажил, амьдралынхаа 36 жилийн итгэл, сэтгэлээ зориулсан энхрийн хайрт МАН (хуучнаар МАХН)-ынхаа гишүүнчлэл БАТЛАХ-аа өргөдөлийн хамт эгүүлэн өгч, Чөлөөт уран бүтээлч хийгээд үнэний дууч болох Тэмцэгчийн замналыг эргэлт буцалтгүйгээр сонгосон нь энэ.

Ailtgui Tumur-Ochir-н зураг.

Яруу найрагч, сэтгүүлч, зураач Зоригтнуудынхны овогт Айлтгүйн Төмөр-Очир нь АУДуС, НДС, ИЗИС-ийг тус тус төгссөн. Сэтгүүлч, Эрх зүйч мэргэжилтэй. Удирдахуйн ухааны магистр, МСНЭ-ийн ХМТА, “Ган Үзэг” шагналт, Равжаа хутагтын нэрэмжит “Алтан бийр-2007” яруу найргийн наамдын тэргүүн, “Ар халхын алт мөнгөн тамгатай Ялгуусан хутагт Чимэдцэрэнгийн хишигт найрагч” (2009, 2014 он), “Тусгаар тогтнолын дууч Р. Чойном”-ын нэрэмжит шагналтай (2011 он).

“Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн”, “Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Туг”-ийн одон, “Алтан Гадас” одонтой.

“Адууны нутаг Дарьганга”, “Давхар уяаны морьд”, “Эмнэг хар азарга”, “Азын дөрвөн морь”, “Эмээлтэй мөндөр”, “Морин шуурга” яруу найраг, нийтлэлийн ном туурвисан. ОХУ, Хятад, Солонгос, Швед, Япон улсад бүтээлүүд нь хэвлэгдсэн.

ХМТА, сэтгүүлч Өөлдийн Дархч  овогт

Санжаадорж БАТГҮР

 

ЧОНО ЕР НЬ ЯАСАН ЮМ БЭ

“Хүнээс чоно үнэртэнэ”

Ардын уран зохиолч Д. Пүрэвдорж

 

Хонины сүүл л цөмөө биз дээ

Хотлын жаргалыг цөлмөсөн юм уу

Эргүү хурга л нудраа биз дээ

Эх орныг минь шударсан юм уу

Ухна, хуц л унагаа биз дээ

Улаан хоолойг нь хэрчээ байлгүй

Улс гүрнийхээ алт эрдэнэсийг

Уутаар зөөгөөд гаргачихсан юм уу

Чоно ер нь яасан юм бэ

Атан тэмээ төхөөрөө л биз дээ

 Алтай, Хангайг төнхсөн юм уу

Амбан  шар л нударсан байлгүй

Ард түмнээ ямар гударсан юм уу

Зээрийн янзага хонгогдсон л байлгүй

Зэлүүд талыг минь  шомбодсон юм уу

Зэлний унага барьсан л биз дээ

Зэндмэнэ  талыг минь барсан юм уу

Чоно ер нь яасан юм бэ

Хандгай, мазаалай туусан л байлгүй

Хангай, Хэнтийг минь зуусан юм уу

Харлаг тэх, сарлаг үхэр, борлог морь

Хан Алтайгаас  үнэтэй гэж үү

Ховдог нэртэй чоно

Ходоодоо дүүрэхээр цаддаг аа

Сувдаг зантай ноёд л

Сугаа язартал идэх юм даа

Чоно ер нь яасан юм бэ

Төлөг идсэн боохойнууд

Төрд буруутан... болоогүй ээ

Бод идсэн боохой л

Борвио тасартал суниав аа

Богц нь язарсан түшээдийг

Борцолж хатаавал яасан юм бэ

Чоно ер нь яасан юм бэ

Үнээг тугалтай нь, бухыг бяруутай нь

Үлдээхгүй идчихсэн чоно гэж дуулсаан би

Үүцээ, үлэг гүрвэлээ, Үндсэн хуулиа идчихдэг

Сүүлгүй чононуудтай л бид чинь

Сүрэглэн бэлчиж явна шүү дээ

Чоно ер нь яасан юм бэ

Сүлдэнд тачигнах морин эрдэнэ минь

Сүүлгүй чононуудаас зугтана аа

Сүргээрээ улилдах энэ бүлийн

Сүүдэр нь хүртэл хазчих гээд байна

Сүүлтэй чононууд сүргээрээ

Шүлсээ залгиад шогшиж байна

Сүүлгүй чононуудын дунд л би

Шүлгээрээ гулгиад богшихгүй ээ

Чоно ер нь яасан юм бэ

Үнэнээс айгаагүй бол ноёд оо

Үүдээ нээгээрэй

Үүдэн дээр чинь

Үй олон дагжиж байна

Хаан төрөө чи хаалгаа тайл аа

Хамаг Монгол ... Модун Шанюүгийн голомтны

Халуун тулганы галд гараа ээмээр байна шүү

Чоно ер нь яасан юм бэ

                                                                2014 он

 

ИДЭХИЙН ДОНТОНГУУДАД ИЛГЭЭХ “ИЛҮҮР” ШҮЛЭГ ...

 

Тоорой... гэдэг хөөрхөөн

Тохойн чинээ биетэй

Тоодог шувуун харин

Тором ботгоны дайтай

Мэгж нэртэй ижий нь

Мээм дэлэнгээ савчуулаад л

Мэгжид Жанрайсэгийн мэлмийн дээр

Мэрэгч “амьтад” зувчуулаад л

Бодон хэмээх аав нь

Годон мушгиа сүүлтэй богийн чинээ түшмэл

Боохойн дарваан амтай

Улцан цагаан гахайнууд

Ууж л идэхийн донтой

Умсаа даахгүй түшээд

Улсаа зулгаах дуртай

Хамраараа ярьдаг тэд

Хачин ховдог зантай

Халуун төмс залгичихаад

Хахаж яваа сурагтай

Шалбаагт өнхчих мэгжнүүд

Шалдан хүүхнүүд аятай

Шалдир булдар албатууд

Шармал бурхан төрхтэй

Ингэх гээд байсан  юм аа

Илүү зантай лоолойнууд

Ичихээ мартсан та нарыг

ИЛҮҮР шүлгээрээ хуйхлая аа

Дүнбэн зүстэй мэгж

Дүрлэгэр нүдийг мөрөөднө өө

Дүлзэн цөстөн тэгж

Дүрэм журмыг хөрөөдөнө өө

Алаг тарлан бодонгийн

Алхаа гишгээ нь болхи доо

Авилгад идэгдсэн түшээд

Аман буутай хулхи даа

Тарган гахайны толгойг

Сорж үзэхэд устай байв

Зэрлэг гахай бол өөрөө

Үндэс ухаад хооллодог оо

Зээтүү, Жоотуу ноёд л

Үндэстнээ нухаад л зооглодог оо

Идэхийн донтой дээдэс ээ

Ичих булчирхай чинь хаана байна аа

Ишигний эвэртэй найрагчийн

Бичихийн хужирхай тэнийвэй...

 

УЛС ТӨР ГЭЖ ЮУ ВЭ?

 

Улс төр гэж юу вэ?

Уулбаянд байсан хүн

Аймагт ирэхийг хэлнэ

Улаанбаатарт суусан хүн

Хөдөө гарахыг хэлнэ

Агт морьдын зүчээнд

Илжиг чихэлдэхийг хэлнэ

Ангир чуулсан нууранд

Нохой сэлэхийг хэлнэ

 

Улс төр гэж юу вэ?

Хүзүү урттай хүний

Чамархай гүрэлзэхийг хэлнэ

Гүзээ ихтэй  хүний

Хужирхай тэнийхийг хэлнэ

Дээшээ явсан хүн

Доошоо унахыг хэлнэ

 

Улс төр гэж юу вэ?

Сохор нохой... гэтсээр

Од шүүрэхийг хэлнэ

Соёолон банхар алцаганасаар

Мод мөргөхийг хэлнэ

Мухар үхэр үймээнээр

Худгаасаа төөрөхийг хэлнэ

Мулгуу толгой тамга дараад

“Муур багш” болохыг хэлнэ

 

Улс төр гэж юу вэ?

Дарга явсан амьтан

Дагзаараа савахыг хэлнэ

Даалуу алаг сэнтий дээр

Ёоз зайдлахыг хэлнэ

Ухна явсан эр

Ишиг болохыг хэлнэ

Урамдаж байсан буга

Сөхөрч унахыг хэлнэ

 

Улс төр гэж юу вэ?

Эрх мэдэлтний доогуур

Эхнэрээ ивэгчийг

Эрлийз хурлийзийн дээгүүр

Ээж нөмөрлөгчийг

Эвэртэн туурайтны өмнө

Эрүүгээ дэвсэгчийг

Элэг буруутны өвөр лүү

Эх орноо чихэгчийг

 

Улс төр гэж юу вэ?

Сарваа дааганы жаалууд

Сайд болохыг хэлнэ

Саарал  ордныг хазаарлаад

Садансаж цус ойртохыг хэлнэ

Судсаа хануулахаас айгаагүй эр

Энгэр цоолохыг хэлнэ

Гудсаа хуулуулахаас айсан эр

Тэнгэр харахыг хэлнэ

 

Улс төр гэж юу вэ?

Бурхан явсан хүн

Бунхан болохыг хэлнэ

Будмал эмээ зөнөглөөд

Янхан болохыг хэлнэ

Ялж сурсан намынхан

Ялагдаж уйлахыг хэлнэ

Ялагдаж турсан намынхан

Яз таргалахыг хэлнэ

 

Улс төр гэж юу вэ?

Тариатын хийдийн лам нар

Танк хүлэхийг хэлнэ

Буриадын хөвүүн Бат-Үүл

Трактор жагсаахыг хэлнэ

Тэмээний толгойд эвэр нааж

Тэнэглэж тоглохыг хэлнэ

Тэрбум төгрөг өвөртлөөд

Тэрий хадахыг хэлнэ

 

Улс төр гэж юу вэ?

Захын хар наймаачин

Засгийн газарт шургалахыг хэлнэ

Замын уртад намууд нүцгэлээд

Загасны шпрот болохыг хэлнэ

Ивэрхий тулам, илэрхий шулам

Их хуралд таргалахыг хэлнэ

Идсэн ууснаа ижилхэн мартаад

Индүүдэж нуугаад жимийхий хэлнэ

 

Улс төр гэж юу вэ?

Дамдины хүү Сүхбаатарт

Хор өгөхийг хэлнэ

Данзан, Бодоо хоёрыгоо

Нам буудахыг хэлнэ

Эрдэмт хувраг лам нараа

Эсэргүүд тооцохыг хэлнэ

Элдэв башир аргатнууд

Эх орноо худалдахыг хэлнэ

 

Улс төр гэж юу ву?

Намдаа хайртай над мэт

Насаараа өлсөхийг хэлнэ

Наагуур цаагуур явсан хүн

Нусаараа тоглохыг хэлнэ

Хоёр туулай хөөсөн хүн

Хоосон хоцрохыг хэлнэ

Хоноцын хүүхдүүд дандаа

Голомт сахихыг хэлнэ

 

Улс төр гэж  юу вэ?

Далан худалч дээр ... нэмэх

Зургаан цэцнийг хэлнэ дээ

Дараагийн сонгуулиар нураах

“Улс төрийн гандан”-г хэлдэг ...

 

АВИЛГАЧ ЛУЙВАРЧДЫГ НАМНАХ

АЛМАСАН “СҮХ”-ТЭЙ ШҮЛЭГ

Хууль зүй, Дотоод Хэргийн Сайд

Цэндийн НЯМДОРЖ танаа

 

Амандаа зулзагаа ... ЗУУЧИХСАН

Алаг жингэрийг ... ӨРӨВДНӨМ

Ард түмнээ ШУЛААД мөлжчихсөн

Авилгач ноёдод ӨШИРНӨМ ...

ДУУДААД хоолломоор АМЬТАН

АЛАГ ЖИНГЭР ээ ... ГӨЛӨӨГ, ГӨЛӨГ

ГӨЛӨГ

ДУХАНД нь СУМ зоочихмоор

АВИЛГАЧ ХУЛГАЙЧДАА ...

ОНИЛ, ТОНИЛ

ТОНИЛГО

Амандаа зулзагаа ЗУУЧИХСАН

АЛАГ ЖИНГЭР шиг ЗАСАГ БАЙГААРАЙ

Ард түмнээ АМАНДАА зуучихсан

АРСЛАН БАР шиг ТӨР ЯВААРАЙ

Цаг үе чинь ТА НАРЫГ

ДҮЛЖ, ХӨРВӨӨСӨӨР ТӨРҮҮЛЛЭЭ

ЦАГААН ШОРГООЛЖ шиг АРД ТҮМЭН

ҮҮЦЭЭ алдчихаад УЙЛЖ байна аа

(ҮҮРЭЭ СУЙЛУУЛЧИХААД)

Ноход хоолловол БУЯН болдог атал

Ноёд цатгавал НҮГЭЛ байдаг ажээ

Тагтаанд будааг цацаж өгдөг өө

Та нараас БУЯНАА БУЛААЖ авна аа

МАНЖ ийн дарлалын үедсэн бол

ЕСӨН ЗООС оор ЦУВИМААР байна

МАН АН бүрхсэн ӨНӨӨДӨР бол

ЕРӨӨЛ өргөөд л ЯВЖ байх юм

ЖАРАН ТЭР БУМ аар ЗАРАГДСАН

ЧИНГИС ийн ТӨР өө БУЦААЖ авьяа

ЖАЛГАНД АВААЧААД БУУДЧИХДАГ

ХУУЧИН номлолоо ч САНАГАЛЗАНА

Амандаа ЗУЛЗАГА аа ЗУУЧИХСАН

АРСЛАН гийн ГҮЕН шиг НАЙРАГЧ би

АВИЛГАЧ, ХУЛГАЙЧ НОХОД РУУ

АРХИРЧ дайрахад БЭЛЭН БАЙНА

ШИНЭ ЗАСГИЙН ЧИХЭНД

ШИВНЭЖ УНШИХГҮЙ ШҮЛЭГ ЭЭ

ЭХ ОРНЫ МИНЬ ... ЗОВЛОНГООС

ЭМТЭЛЖ ХЭМХЧИХ “СҮХ” ЭЭ

Гүрнээ ЗАЖЛААД идэгсэдийн

ГҮЗЭЭГ ХАГАЛААД ҮЗЭХ юм бол

Уул толгод минь ... ЦУГААРАА

УЙЛАЛДСААР гарч ирэх БАЙХ ДАА ...

УУЛ ТОЛГОДЫНХОО ХОЙНООС

УМ МА НИ БАД МИ ХУМ ...

УЛС ТӨРИЙН ГАНДАН ШАТААСАЙ ...

УЛААН ГАЛААР ДҮРЭЛЗЭЭСЭЙ ...

               2017.10.21

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.