“Хангайн Цом”-ын авшигтай эгшиглэнт янжилхамын хишигт найрагч


Цаана чинь уулын хүү Цаст Цамбагаравын хүү “Болор Цом”-ын эзэн болж гэнэ, Өөлдийн удам дахиад цомын эзэнтэй болж, нутгийн Батдоржийн ууган хүү эгшиглэнт Янжинлхамын найрагчаар тодорч, зохиолч Н.Баасанжавын “зөөлөн” шавь нь нэрээ дуурсгажээ, “Тарвас” Жамбаа үеийн залуучуудаасаа түрүүлж зул задаллаа гэсэн гэгээн явган яриа өвсөнд тавьсан гал шиг хормын зуур Ховдчуудыг нойрноос сэрээж, уулын цасыг ханзартал сар гаран ам амраахгүй баярлуулан Хаврын тэргүүн сартай золгууллаа.

БОЛОР ЦОМ I Шилдэг таван найрагчийн СҮҮЛИЙН ДАВААНД уншсан шүлгүүд ...

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Уугуул хүү тэрээр СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн Сургуулийг “Найруулагч” мэргэжлээр 2012 онд амжилттай суралцан төгссөн. Нэгэн удаа Говь-Алтай аймагт болсон “Болор Цом” наадамд анх удаа “Тарвас” шүлгээ уншсанаар “Тарвас” Жамбаа нэрээр утга зохиол, яруу найргийн хүрээнийхэнд танигдаж эхэлсэн түүхтэй. Түүнээс хойш яруу найргийн “Болор Цом” наадамд 6 удаа шүлгээ өгч, гуравт нь шалгарч оролцсоноор ийнхүү Гахай жилийн сүүл, Хулгана жилийн босгон дээр эгшиглэнт Янжинлхамийн тэргүүн найрагчаар тунаж үлдсэн “битүү морь” болсон нь энэ. Яруу найрагт элэгтэй уншигчид, утга зохиолийн шүүмжлэгч, судлаачдийн анхаарлаас холуур, тааварт багтаагүй залуу яруу найрагч маань гэнэт цойлж гарч ирсэн яруу найрагч биш юм.

Болор цом”-ын эзэн Б.Жамбалдорж: Манай үеийнхний зул “задарлаа ...

Тэрээр Цаст Цамбагаравын бэлээс “тэнгэрт дэвшсэн” ээжийгээ санаж, тайтгарах даа үгээр шүлэг урлаж, сэтгэлээ дэвтээж өөрийгөө олсон байдаг. Монгол зурагт шимдэн дурлах даа өөрийгөө “Бурханы зураач” урлаач болно доо гэж өөртөө бат итгэсэн  мөрөөдлөөр хүслийн жигүүр хийж явсан үе түүнд бий. Ийнхүү утга зохиол, яруу найргийн адармаатай бэрх агаатай эгшиглэнтэй замын туршид улс, бүсийн олон нэр хүндтэй яруу найргийн наадмуудад боломжоороо тасралтгүй оролцон ахмад, дунд, үеийнхээ яруу тансаг шүлгийн далайгаас сэлж сурах ухаан хийгээд үг урлах сэтгэлийг өөртөө авах гээхийн ухаанаар нааж явж.

Болор цом

Тиймдээ ч, өөрийгөө уяч сойдог хүлэг  шиг яван чангарч явах даа бүсийн нэр хүндтэй яруу найргийн “Хангайн цом-2018” наадмын Тэргүүн найрагчаар шалгарч, “Тарвас” Жамбаагаас залуу яруу найрагч Батдоржийн Жамбалдорж нэрээ бүтэн эгүүлэн олж авч чадсан. Энэ л авшиг ерөөлтэй Хангайн цомын нэр хүндээр дотоод эрчим хүчнийхээ шүлгэн гэрлээ бадраасаар 37 дахь хавартайгаа золгож байгаа эгшиглэнт Янжинлхамын Хишигт найрагчаар “битүү морь” шиг чавхадан давхисаар “Болор Цом” хүртлээ. Түүний тухай үзэг тавилгүй их юм бичиж болох ч, энэ удаад үзэг амраая. Сайн цагийг даллан дуудах яруу найрагчийн дотоод ертөнцөөс нь хамтдаа шүлэг шүүрье.

ХМТА, Сэтгүүлч С. Батгүр

 

ЖАМЫН ЦАС

Бургасан унь нахилзуулан гэрийн цас шүүрдэж

Бусдын дээгүүр будрууланхан байхдаа

Үүдээр цухуйх аавынхаа дээрээс

Үлээсэн цас минь үснийх нь сор болсон

Халуун уур савссан тооноор унасан цас

Хайртай ижийн минь санчигт бас хүрсэн

Хааш яаш цацан бужигнуулсан цасан дор

Хамгийн бага дүү минь алгаа дэлгэж зогссон

Өглөө эртээ явсан ижийнхээ мөрийг шүүрдэж

Өдөр явах замаа гаргаж зогсдогсон би

Шинэхэн цас орсон өглөө

Шинэ мөр хайгаад л ижийгээ саначихлаа

Тийм дотнохон мөр харалгүй уджээ

Тэнгэрээс нэг удаа үзүүлээд өгдөг ч болоосой

Зөөлөн гишгэх алхаан дундаасаа

Зөн минь сэрээд л ижийгээ ирэх нь гээд итгэчихлээ

Явган хүний ганц нарийхан жимээр

Явсаар ижийдээ хүрнэ гээд сэтгэчихлээ

Дээрээс хэн нэгэн харж байгаа бол

Дэрсэн шүүрээр би бурханы тиг татаж харагдана

Нэвсийтэл дарсан цасан дунд нэг хүү

Нээрээ л ижийгээ санаж дээ гэж бодогдоно

Мөр, нуруун дээр минь зузаан цас малгайлахад

Мөн чиг хүнд санагдаад ажин түжин

Мөнх бусын тухай эргэцүүлэхэд тэр цас

Мөрийг минь дарж хаялаад үнэн санагдана

Огторгуй өөд ширтэн, ширтэн хэвтэхэд

Олон морьтон давхилдсаар нүдэн

дотор минь унана

Жамын тухай бодоход мөн чанар нь танигдаад

Жаргал, зовлон хоёр минь тэнцүүхэн болчихно

Нэг л өвлийн цастай амьдрал гэдэг сууринд

Нээрээ л бид чинь будраад өнгөрөх цас аа...

 

УУЛЫН ӨВӨЛ

Хүн гөрөөсний мөр хараад гайхаж зогссон хөвүүн нас минь

Хүүгэх салхи хадны сэнжээр үлээхэд нь цочин буцна

Үлэг гүрвэлийн араг ясан хясаан дээгүүр үнэгэн сар шагайж

Үнэний тухай бодоход ижий ааваа л өрөвдөж суух

Уулын өвөл өө

 

Мөс үүрээд зүтгэх өвөг дээдэс шиг, аварга хадны доогуур гүйх

Мөнхийн ус уусан шиг хөх амьтад маанийн үрэл шиг санагдана

Хамгийн гоёмсог цэцэгсийг мөсөн цэвдэгт хөеөлж

Харахад хавраараа дэлгэрч сайхан үнэрээр шагнах

Уулын өвөл өө

 

Нируны үеийн үзэсгэлэнт гүнжийг оршоосон хадан хашаанд

Нэрийг нь үл мэдэх баатар эрс дуулалдсаар байгаа нь сонсогдоно

Амьтан хүнээс нууцаар алтан аяганд нь хурын ус хүртэж

Араа шүдэндээ мөнгөн соёог нь зууж өнжих

Уулын өвөл өө

 

Цөвүүн цагт бурхадаа ачаад бусгаж явсан дээдэс минь

Цөхөрсөн хоолойгоор цөөд цөөд гэсээр таширлаж орох нь харагдана

Үр цүүрээр дэмий юм харлаа гэж, тэнгэр чулуу хага цахиж үзүүлэхэд

Үүдээр би хараацай мэт шунган ороод бүлээн яндан тэврэх

уулын өвөл өө

 

Даргар даргар эвэрнүүд хиншүү үнэрттэл харгалдсаар

Дараа нь одод шиг шар цэцэг цасан дороос түүж одно

Хоёр банхар өтгөн манагаас гэнэт гарч ирэхэд нь

Хормой дэрвүүлэн үүлэн дээгүүр нисэх мэт гүйлгэх

Уулын өвөл өө

 

Хөгжмийн хамгийн хүнд өнгөнөөс ч хүндээр архирах араатанг

Хэнз ишиг мөргөн тоглосоор янгир болон дүүлдэг

Хамаг бүхнийг тасдаж мэдэх бяруу шиг тэр араатнууд

Хачин уярамтгай нүдээр хорвоог ширтсээр л өтөлдөг

Уулын өвөл өө

 

Үдшээр хаялах цасны дор уулын охидын хацар туяарч

Үүрэглэж суухуйд өндөрөөс унах мэт болоод хайранд согтоход

Бараа бараагаа харсан эрлийн хоёр хүн өөд өдөөсөө тэмүүлж

Байгалийнхаа хэлээр морьд нь асга товшин бүжих

Уулын өвөл өө

 

Дөрвөн ойрдын нутагтаа солонго задлан хатируулж

Дөрвөн цаг солигдох мэт цасны захаас сугарна

Мэргийн чулуу түүгээд хүний мөрөөсөл болоход

Мэндээ мэнд, хүү минь ирнээ гэх шиг хүсэл дүүрэн

Уулын өвөл өө

 

Ээжээ санаад уйлвал нулмас хөлдөж мэдэх

Аавынхаа дэргэд тамхи татвал алгадуулж мэдэх

Уулын өвөл өө

Нэгэн насаар аж төрөхүйд улаанбаатараас хол ч гэлээ

Нэгэн зуны өнгө нь, мянган оны хувиралтай Цамбагарав минь

 

НУЛИМСТАЙ АНЧИН

Задгай цэнхэр салхины хөлөөр гэтэх

Заамны товч мэт тунгалаг нүдийг хайрлаж

Эх огторгуйн нэгээхэн чөлөөнд

Эзэн савдаг мэт анчин, хүний санаанаас хол оо

Борооны тунгалаг дусалд өвсний үзүүр дүрж

Бидэнд хайрлахын захидал бичих нь анзаарагдамгүй

Болор шиг тунгалаг сэтгэлээр орчлонг шагайж

Бидэнд байгалийн үгийг хөрвүүлэх нь ойлгогдомгүй

Боронго цаснаар сортой арьс нөмөрсөн ч

Борог хөх үрсээ тэжээх гэж ууланд зүтгэх эцэг анчин

Нялх амьтнаас буугаа нууж магнай тэнийхэд нь

Нэрмэлийн тогоо шиг нууранд минь тэнгэрийн долгис тарна

Загасчны хөвүүр шиг сар, хувилгаан мэт үржиж

Замбативийн нүдэн дотор янзага дэгдэж одохдоо

Алсыг чагнан чагнан гэдэлзэнэ

Чигээрээ одчихолгүй ийм сайханаар зугтах нь

Чи бидэнтэй ярих гэж оролдох мэт хэлгүй

Амьд байгалийн зүрхний цохилтыг сонсоход

А үсэг хэрэггүй...

Буун дуу сонсоход нүдээ аньдаг анчинг

Бурхан ирээд зам заа гэхэд хөдлөхгүй

Альхан тийшээ одоод жинхэнээсээ нүд анихаа

Амьтны хуулиас ангид бодохгүй

Ойн цоорхой түүнгүй бол шатаж мэдэх шаналантай

Орчлонд тэр дэлхийгээс өөр газар очих газаргүй гунигтай

Араатны өөдөөс ширтэж зүрхээ өвтгөсөн анчины

Алдсан сум нь ч гэсэн өөрийн дотуур

Хүүшлээд ирсэн цэцэцгсийн чөлөөнө

Хүүгээ дагуулаад анд явна гэж мөрөөддөг

Идэхийн бус хайрлахын хүсэл тээсэн

Идэр залуу насаа уулсын хооронд гээсэн

Хүдэр хөх анчны үрчлээ бүхэнд

Хүний зовлон, жаргал тэнцүүхэн байгаа

Баяр гунигийн нулимсаа салхиар арчиж яваа

Бадарчин мэт гэгээн анчинаас хангай хишгээ харамлахгүй

Говийн баавгай шиг ховор анчины дэргэд

Хангайн баавгай ирээд хүн чанар үнэрлэж зогсдог

Үүл чирэн эргэх махчин шувууд түүний дээр эргэж

Үсний сорыг нь зууж оддог Шувуудад

Үсээ өгөөд бууралтсан анчин Сураг ажиггүй,

Зүрхний минь цаана суудаг аа

Дэлхийн дулаарал дээлэн дотор нь мэдрэгддэг

Дэргэдэх нь уйдагүй үлгэр туульс шиг

Хүн төрөлхтөнөөс хөндий, Хүүшийн анчин

Нурж буй байшин шиг мөнхийн цасны өвөрт талд

Нулимастай анчин салхи сөрөөд зогсож байна

 

ҮГ  ХЭЛДЭГ ШУВУУ

Сэр хийтэл хаалга татан орвол

Тольны өмнө ганц богширго дөрөв болж үзэгдэв

Нисэх гэж толь руу зүтгээд

Нэг хэсэгтээ л шувуу бидэн сандрав

Айлгачихлаа даа гэж бодоод хаалгаа дэлгэвэл

Амьсгаа өндөр шувуухайны нүд дүрлийтэл томорчээ

Жижигхэн зүрх нь хичнээн хурдан цохилж буйг ажаад

Зэрвэс зэрвэсхэн нулимс түрэв

Энэ шувууг яахнав гэсэн шиг

Ээжийн хөрөг над руу ширтэх шиг санагдав

Үүдээр нисэхдээ тэр шувуухай

Үг хэлэх шиг жиргэж одов оо

 

ХҮНИЙ АМЬДРАЛД САЙХАН ЗҮЙЛ ИХ БАЙНА

Хүүдээ нэр өгч, шувуудын араас гунигтайхан гудайна

Аагтай сонгины нимгэн шар цамцыг чимээгүйхэн тайлж

Аргагүйн эрхэнд нулимсаа унаган хэн нэгнийг үгүйлнэ

Цагцгай үүрээ орхиод эв муутайхан жигүүр дэлгэхэд

Тэнгэр болсон элэнц бүргэд элгэндээ тэвэрч эрхлүүлнэ

Болц нь ханасан уулын жимсний дарс

Борог зүдүүхэн гэрийн минь хаяагаар ханхийхүйд салхи дайвалзна

Уятай морь тургихад богширго үргэж

Сүрэг сүрэг шувуу үдэш орой айл бараадан гарын аясаар хошуурна

Хөгшчүүлийн хэлж амжаагүй үг шиг бороо

Хөх хөх уулсын ган тайлж шивэрнэ

Урьд өмнө санаанд ч ороогүй гэрэлт нүдийг хараад

Зэрлэг амьтан шиг холын холд дөлнө

Хүний амьдралд сайхан зүйл их байна

Хүсээгүй байхад ирдэг талархамаар учирлууд олон байна

Дэлхийн амьтад нар, сарны тухай муугаар бодохгүй

Дэргэд суугаа аавыгаа тэврээд авмаар ч хайр тийм нялуун биш ээ

Хар яргай ташуур атгасан залуус дөрөөн дээр босоход

Хагас зуунаар нугдайсан намхан толгод өндийнө

Хэтэрхий их чимээгүйд дассан зээрийн сүрэгнээс

Сахилгагүй нэг нь тургихад, удирдаач тэнгэрийн дохиур адил сэтгэлрүү хуйларна

Хүний амьдралд сайхан зүйл их байна даа

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.