Засгийн газар өөрийгөө сөнөөх шийдвэр нэгийг нэмэх гээд байна уу


Техникээр зодож газар самарчихаад хаяад явдаг нинжа нар, амьжиргаагаа залгаад нөхөн сэргээлтээ хийж, орон нутагтаа хувь нэмэр оруулж байгаа бичил уурхайчин хоёроо төр засаг ялгаж салгаж авч үзэх хэрэгтэй.

Техникээр зодож газар самарчихаад хаяад явдаг нинжа нар, амьжиргаагаа залгаад нөхөн сэргээлтээ хийж, орон нутагтаа хувь нэмэр оруулж байгаа бичил уурхайчин хоёроо төр засаг ялгаж салгаж авч үзэх хэрэгтэй.

     У.Хүрэлсүхийн Засгийн газар гурван хүнд таалагдах поп шийдвэр гаргаж 3000 хүний дургүйг хүргэж байгаагаа мэдэхгүй байгаа нь эмгэнэлтэй. Удахгүй бас л олон мянган хүний хоолоор оролдсон асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулж магадгүй нь бололтой. Тэр нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхайн яамнаас санал болгож буй “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг цуцлах асуудал юм. Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор бичил уурхай эрхлэгчдийг журамласан нь үр дүнгээ өгч эхэлсэн юм. Тэгвэл тус тогтоолыг Засгийн газар цуцалж өөрсөндөө 110 000 “дайсан” бэлдэх нь бололтой. Хоёрхон сарын дараа болох сонгуулиа хардаггүй юм болов уу. Ерөнхий сайд, намын дарга У.Хүрэлсүхийн хувьд хамгийн чухал, номер нэгдүгээр асуудал нь ирэх сонгууль шүү дээ. Бодит байдал дээрээ уул ус онгичиж, байгаль орчин сүйтгээд байна гэж гол нь харлаад байгаа нийслэлийн иргэн, аймгийн төвийн сонгогч байгаа юм уу. Сошиалд нэр бүхий хэдэн хүн л “Байгаль орчин сүйрлээ” гэж чарлаад байхаас бус нийгэмд падлийгүй байгаа сэдэв. Хамгийн идэвхтэй сонгуулийн насныхан бол “Монгол Улсад мөнгө л хэрэгтэй байна. Мөнгө олж байгаа бүхнээ дэмжье” гэсэн үзэл бодолтой болчихсон. Тэгвэл мөнгө олж, улс орныхоо валютын нөөцийн чамгүй хувийг бүрдүүлж байгаа нийгмийн тодорхой хэсэг бол яах аргагүй бичил уурхайчид юм. Эдгээр бичил уурхай эрхлэгчид нийтдээ 350 га талбайг л ашигладаг. Ийм бага зайд үйл ажиллагаа явуулж буй хэрнээ үүнээс ч их 450 га-д нөхөн сэргээлт хийчихсэн байх жишээтэй. Тэдний гэрээт талбай ийм жаахан байхад Архангайн Цэнхэрт цуцлагддаг Ц.Мянганбаярын эзэмшил талбай 8700 га шүү дээ. Ер нь бол уул уурхайн компаниудын ашигладаг талбайн дундаж дүн мянга мянган га-аар хэмжигдэнэ. 10-20 мянган га талбайтай нэр бүхий компаниуд цөөнгүй бий. Лиценз нь цуцлагдсан компаниудын нийт ажиллагсдын тоо 1200 орчим юм билээ. Тэгвэл дээрх журам цуцлагдвал 9500 орчим бичил уурхайчин шууд ажилгүй болно. Ар гэрийнхнийг нь оруулбал хэдэн мянга болох уу. Энэхүү 9500 гэсэн тоо бол “Монголын бичил уурхайн нэгдсэн Дээвэр холбоо” ТББ-аас гаргасан албан ёсны тоо. Цаашлаад энэ тоог албажуулаад явбал 60 000 хүрнэ. Бод доо, үндсэндээ нийт 350 га-д 10000 орчим бичил уурхайчид ажиллаж байна. Харин 1000 хүрэхгүй ажиллагсадтай, нөхөн сэргээлт хийдэггүй уул уурхайн компаниудын ашиглалалтын талбай хэдэн мянгаар тоологдоно. Нэг талд нь хэдэн зуун хүнийг ажлын байраар хангадаг ч хичнээн том талбайд олборлолт явуулан, татвараа төлөхгүй байж байгаад өршөөлийн гэх мэт хууль захиалан Монголын баялгийг цөлмөдөг гадны хөрөнгө оруулалттай компаниуд, нөгөө талд нь багахан талбайд олон мянган хүнийг амьжиргаатай нь залгуулж буй бичил уурхайн байгуулагууд. Үнэн ийм л байгаа.

     Одоо улс орны эдийн засагт хэн нь ямар хэмжээний нэмэр тустай явдгийг тоогоор хэлье. Өнгөрсөн онд алт олборлогчид нийт 21,8 тн алтыг Монголбанкинд тушаасан. Энэхүү алтны дийлэнхийг буюу 12,5 тонныг 175 иргэн тушаасан нь бичил уурхай эрхлэгчид. Монголбанкны валютын нөөц 4 тэрбумд хүрсэн нь том үзүүлэлт. Монголын санхүүгийн баталгаа. Гэтэл энэхүү валютын нөөцийг бүрдүүлэхэд чамлахааргүй хувийг эзэлдэг бичил уурхай эрхлэгчдийнхээ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар журмыг нь цуцалж “сөнөөгөөд хаячихъя“ гэж байна. Энэ эрүүл оюун ухаан мөн үү. Ухаалаг улс төрчдийн хийдэг ажил мөн үү. Бичил уурхай эрхлэгчдийг нинжа гэж ойлгоод, тэднийг устгаад хаячихвал ард түмэнд бид янзтай сайхан таалагдана гэж эргүүтээд суугаа нь энэ юм уу. Алтны роялтийг 5 хувь болгох УИХ-ын шийдвэр алт тушаалтад ямар айхавтар сөргөөр нөлөөлснийг бүгд мэдэж байгаа. Алт тушаалт эрс буурч, хил гаалиар хууль бусаар алт их гарах болсныг, бүр хил гааль дамнасан мафи сүлжээ ажлаа эрчимжүүлж л дууссан даа. Гэвч яаж ч чадахгүй байна. Нөхцөл байдал ийм хүндэрч байхад нэрмээс болж улс орондоо алтаа шударгаар тушааж байгаа бичил уурхай эрхлэгчдийг устгана гэж байгаа энэ төр засаг үнэхээр чадваргүй, сохор, зөвхөн сошиалын цуу үгээр ажлаа хийдэг, амьдрал мэдэхгүй байгаагийн тод жишээ юм.

      Гэхдээ ийм шийдвэр гаргахгүй байх гэдэгт ард түмэн итгэж байгаа бололтой. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэдэг болчих вий гэж ч бас санаа зовцгоож байна. Учир нь Засгийн газар, салбарын яамдууд нь “Энэ журмыг чинь бид ингэж сайжруулж байгаа юм” гээд худлаа ярьдаг жишиг Монголд бий болчихсон. Журам нь амьдралд хэрэгжээд эхлэхээр ярьж байснаас нь тэс өөр, жинхэнэдээ тэр салбарыг хорлон сүйтгэсэн дүрэм, журам баталсан байдаг. Бодит амьдрал дээр бол 2017 оны 151 дүгээр тогтоолоор бичил уурхай эрхлэгчид мөрдөх журмыг баталсан нь сайн ажил болсныг эхэнд хэлсэн. Эзэнгүйдсэн байсан, зарим нэршлээр нинжа нэр авсан хэсэг бүлэг хүмүүсийг албан ёсны хуулийн этгээдүүд болгож, хууль журмын дагуу ажилладаг болсон нь өнөөдрийн байдлаар 9000 орчим бичил уурхай эрхлэгчид болсон байна. Бичил уурхай гэдэг бол нинжа биш юм. Учир нь бичил уурхай нь нөхөн сэргээлт хийдэг, албан ёсоор олгогдсон газруудтай, Монголбанкинд алтаа тушаадаг, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажилладаг хүмүүс. Тийм ч учраас Монгол Улс Азидаа цорын ганцаар бичил уурхайн стандартыг Олон улсын түвшинд хангасан гэж үнэлэгдэж, албан ёсоор зарлагдсан улс юм. Өнөөдрийн байдлаар дэлхийн 70 гаруй улсад 100 сая орчим иргэн бичил уурхай эрхэлж байна. 200-300 жилийн түүхтэй. Зарим улсад зөв төлөвшүүлсэн байдаг бол зарим улсын төр засгийн буруу бодлогоос болж иргэний дайнд хүргэсэн практик ч бий. Тэгэхээр Монголын төр 2005 оноос хойш боломжийн ухаалаг бодлого хэрэгжүүлж ирсэнээ цаашид үргэлжлүүлэх ёстойгоос биш зарим шийдвэр гаргагчид шиг унтаж босч ирээд юм уу, утсаараа шар мэдээлэл авангуутаа шийдвэр гаргахаар ухасхийдэг байдлаар хандаж болохгүй юм. Цаана чинь 110 000 иргэний хоолтой ярьж буй асуудал шүү. Нийгмийн сэтгэл зүй юун дээр цочмог босдог вэ гэвэл хоолоор нь оролдоод эхлэхээр яах ийхийн зуургүй босдог. Эрх чөлөөг нь илэрхий хасаад эхлэхээр шууд зэвсэг ярьдгийг дэлхийгээс бид харж байна. Тиймээс ч тэр туршлага, харамсал, практикт үндэслээд олон улсад нийнжа буюу хууль бус олборлогчдоос салах зөв бөгөөд цорын ганц арга нь тэднийг хааж хорих бус, зохион байгуулалтад оруулж, хариуцлагатай бичил уурхайг хөгжүүлэх явдал гэж үзэж, зөвлөж байна.

      Өнгөрсөн оны сүүлээр Засгийн газар 355 дугаар тогтоол гаргаж бичил уурхайн нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг хязгаарлах шийдвэр гаргасан. Үр дүн нь тун чиг удалгүй харагдсан даа. Сүүлийн хэдэн жил дуулдахаа байсан нинжа нарын бөөгнөрөл, дайралт гээд чих дэлсээд эхэлсэн. Гурав дөрөвхөн сарын дотор 7 аймгийн 15 сумын нутагт 16 удаагийн, давхардсан тоогоор 14.700 хүнийг хамарсанхууль бус олборлогч нарын бөөгнөрөл үүсэж, бужигнасан. Өнөөхөндөө корона гээд чимээгүйхэн байгаа болохоосхорио тавигдаад, цаг дулаараад ирэхээр хүмүүс амьдрахын эрхэнд шороо ухахаар гардаг л юм даа.Харин хэдэн мянган хүн гарч, хэд нь амь нас, эрүүл мэндээ зольж, хэд нь шорон гяндан руу явахыг шийдвэр гаргагчид тооцоолсон л байгаасай. 

     Монголын энэ олон мянган иргэд төр засгийн зөв бодлогын үрээр ажилтай, орлоготой, нийгмийн баталгаатай байсан бол ингэж газар ухаад явахгүй нь тодорхой шүү дээ. Яг үнэндээ газар ухаж өм цөм баяжчих санаатай гэхээсээ амьжиргаагаа залгуулах нь лингэж хүчир хөдөлмөрт зүтгэх шалтгаан болдог юм билээ. Техникээр зодож газар самарчихаад хаяад явдаг нинжа нар, амьжиргаагаа залгаад нөхөн сэргээлтээ хийж, орон нутагтаа хувь нэмэр оруулж байгаа бичил уурхайчин хоёроо төр засаг ялгаж салгаж авч үзэх хэрэгтэй.

     Бичил уурхайчдаас олон хүнийг бусад салбар руу, бусад ажлын байр руу аажмаар шилжүүлэх ажил эрчимтэй хэрэгжиж байна. Өнгөрсөн жил гэхэд хамгийн олон бичил уурхай эрхлэгчидтэй Заамарт 15 хүнийг МСҮТ-д ойжуулагч, нөхөн сэргээлтийн мэргэжлээр сургасан байна. Мөн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран 60 бичил уурхайчныг хүнд машин механизмын оператор, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан, үсчин, гоо сайханч, цэцэрлэгийн туслах багш зэргээр сурган мэргэжлийн үнэмлэхийг нь олгож, бичил уурхайгаас өөр ажил хөдөлмөр эрхлэх боломжоор хангасан байна.Энэ чиглэлд Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо /МБУНДХ/ асар хариуцлагатай ажиллаж байна. Тус ТББ нь одоогоор 15 аймаг, 55 суманд салбараа байгуулжээ. Төр засгаас илүү нийгэмд, амьдралын гүнд хүрч, хууль ёсыг хэрэгжүүлж, маш бага нутаг дэвсгэрт, олон мянган бичил уурхай эрхлэгчдийг хариуцлагатай ажиллуулж чадаж байгаа МБУНДХолбоо шиг газруудад төрийн эрх үүргийн зарим хэсгийг өгөх цаг одоо болсон. Дэлхийн жишиг нь өөрөө тийм юм. Төрийн ачаанаас ТББ-ууддаа үүрүүлдэг. Жишээ нь, Монголын барилгын үндэсний ассоциаци (МБҮА) гэж ТББ-д барилгын тусгай зөвшөөрөл өгдөг төрийн мэдлийн эрх мэдлийг шилжүүлснээр тэр салбарт авлига, албан тушаалын хүнд суртал... хууль бус маш олон ажил цэгцэрч, эрүүлжиж, барилгын компаниудад ямар амар, сайхан болсныг барилгын салбарынхан ярьж байна шүү дээ. Хөгжсөн орны төр засгийн байгууллагууд өөрсдийнхөө эрх үүргээс ТББ-ууддаа шилжүүлж, өөрсдийнхөө ачаанаас хөнгөлдөг, хууль бус байдлаас сэргийлдэг, ингэснээр төрийг эрүүлжүүлдэг сайн жишгийг одоо Монголд хэрэгжүүлье. Тэдгээр ТББ-ууд нь маш хариуцлагатай, ажил хэрэгч, амьдралд бодитой хэрэгжих санал, бодлогын бичиг баримтуудыг төр засагтаа хүргүүлж, төртэйгөө хамтран хэлэлцүүлгүүдийг үр дүнтэй зохион байгуулж чаддаг байх ёстой. Үүнд Монголын төр засаг итгэл үзүүлэх хэрэгтэй. Өнөөдөр Монголд салбар бүрт сайн ажиллаж байгаа ТББ-ууд цөөнгүй бий. Тухайлбал, МБУНДХ шиг дотооддоо, мөн ОУ-ын байгууллагуудтай мэргэжлийн түвшинд хамтран ажилладаг.

      Бид амьдралыг бодитой харах хэрэгтэй. Байгалийн баялгийн үр өгөөж ард түмэнд хэр хүрч байгаа юм. Үнэндээ эх орныхоо байгалийн баялгаас хүртээд байгаа монгол хүн байхгүйтэй адил. Хамгийн бодитойгоор, хуулийн хүрээнд байгалийн баялгаасаа тэгш хүртэж буй хүмүүс бол бичил уурхай эрхлэгчид. Нэгэн үе хувь хувьдаа металл хайгч, ногоон түмпэн бариад дайрч байсан иргэдийг мянга мянгаар нь албажуулж, хариуцлагажуулж, хууль ёсны болгож, эрүүл салбар руу оруулж, Монголын валютын нөөцийн гол цөмийг бүрдүүлэгчдийн эгнээнд шилжүүлж, тийш нь өдөр өдрөөр нүүлгэсээр байгаа МБУНДХ шиг ийм ТББ-уудыг улам олон болгомоор байна. Гэтэл юу гэнэ вэ, бодлогын бичиг баримт, хууль цааз нь болж, үр дүнгээ өгч байгаа “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг Засгийн газрын хуралдаанаар оруулж цуцална гэнэ үү. Өөрчлөлт оруулна гэнэ үү. Өөрчлөлт хийнэ гэсэн өөх ч биш булчирхай ч биш юм ярьж саармагжуулахын оронд бараг цуцлаад сонгуульд орохгүй юу даа, эрх баригчид. Өнгөрсөн Их хурлын сонгуулиар Өмнөговийн Засаг дарга Бадраа, “Ажнай” Бат-Эрдэнэ хоёр шиг өндөр рейтингтэй, мөнгөтэй, хөлтэй, нөлөөтэй нэр дэвшигч бараг байгаагүй. Нөхдүүд нэг их сүртэй уриа дэвшүүлсэн нь “Өмнөговь аймгийг бичил уурхайгүй аймаг болгоно” гэсэн лоозон. Өөрсдийгөө ч ёстой сөнөөсөн дөө. Одоо чинь утас интернэт гэж асар хурдтай мэдээллийн сүлжээ үүсчихсэн. Мэдээлэл авсан хэдэн зуун бичил уурхайчин сум, аймгийн төвүүд рүү давхин орж, санал өгөх насны ах дүү, амраг садан, найз нөхдөө энэ хоёрын эсрэг босгосон байдаг юм. Үнэндээ аймаг сум бүрт байгаа бичил уурхайн байгууллагын тэргүүнүүд нь сум орон, жалга дов бүрдээ хамгийн нөлөөтэй нөхдүүд байдгийг эрхэм хоёр дарга даан ч нэг тооцолгүй алдсан даа. Оронд нь хэн ч танихгүй Амарзаяа, Энхболд гэсэн хүмүүс сүнхийгээд гараад ирсэн. Бичил уурхай эрхлэгчдийг уулын мухарт юу ч мэдэхгүй сууж байдаг хүмүүс гэж бодож байна уу. Тэгвэл зөвхөн Өмнөговь аймагт гэхэд орон нутгийнх нь телевизээр “Бичил уурхайн үнэн дүр төрх” нэртэй 20 минутын нэвтрүүлэг бэлтгэн цахим орчинд тавьсан даруй нэг цагийн дотор 43500 хүн үзэж хэдэн мянган сэтгэгдэл бичсэн байдаг юм. Бичил уурхайчид гэж нийгмийн ийм нэг том масс бий болчихоод байгаа юм. Гэтэл Засгийн газар тэднийг хоолноос нь салгана гэнэ. Хоёрхон сарын дараах сонгуулиар хоолойнд чинь тээглэсэн яс болж мэднэ шүү.

 

                                                                                                                                                                                                                                              П.Хашчулуун

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.