ЗОРИГИЙН ҮГ


МОНЦАМЭ” агентлагийн сэтгүүлч, яруу найрагч, зохиолч Ж.Батсайхан өөрийн цахим нүүр хуудсаар Ардчиллын С.Зориг агсны төрсөн өдөрт зориулан ийн бичжээ.

Монголын ардчиллын төлөө тэмцэгч, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг өнөөдөр 58 нас хүрлээ.
1962 он 04 дүгээр сарын 20. С.Зориг төржээ.


1998 онд 36 насандаа гэмт халдлагад өртөж харамсалтайгаар амь насаа алдсан ч тэрбээр амьд мэт оршин байна.
Амьдсан бол тэр юу гэх байсан бол оо? Ийм асуултын хариуг өнөөдрийн ардчиллын өнгө төрхөөс олж харж чадах байсан болов уу?


С.Зориг бол 1962 оныхны гол дүр, голлон тоглогч, сонгомол баатар нь юм. Өнөөдөр бол 1962 оныхны гол билэгдэл нь болсон гэж үе тэнгийнхэн болон чацуутнууд нь үздэг.


Хөшөө болсон ч С.Зоригийн хэлэх үг хүрэл цээжинд нь зангирсан л харагдах шиг. Тамхиа дутуу татаж, хуруундаа хавчуулсан нь хэлэх үгээ ч амнаасаа унагахад бэлэн байх шиг...?


Дэлхийн утга зохиолд нэрт хүмүүсийг амьдчилах, сэтгүүл зүйд амьдчилан ярилцах зэрэг аргууд байдаг. Хэрвээ Зоригтой ярилцвал, түүний үгийг сонсоё гэвэл энэ аргыг хэрэглэхээс аргагүй.


Сэтгүүлч, зохиолч миний хувьд монголын төр, нийгмийн удирдагч, зүтгэлтнүүдтэй өнгөрсөн цагаас сэрээж, өнөөдөрт авчран уулзахын тулд дээрх сонгодог аргыг хэрэглэсэн "Хөшөө амилах цаг" памфлет романархуу, нийтлэл, эсээ, шүлэг, баримт зүүлт хослуулсан бүтээл дээрээ ажиллаад цөөнгүй жилийн нүүр үзэж байна. Миний зохиол бол баримтат бүтээл бөгөөд гол баатрууд маань нэгэнт хөшөө болжээ. Тиймээс ч тэдэнтэй ярьсан, хуучилсан бүтээлээ "Хөшөө амилах цаг"-т бичихээс яах вэ?


С.Зоригтой чацуу бөгөөд нэгэн цаг үед цуг ажиллаж, амьдарч байсан болохоор хэд хэдэн бичвэр надад байдаг юм.Заримыг номондоо уван цуван оруулж л байна.
Энэ удаа төрсөн өдрөөр нь " Зоригийн үг"-ийг чагнаархлаа...

Batsaikhan Jigmed-н зураг.

Batsaikhan Jigmed-н зураг.

ЗОРИГИЙН ҮГ

"Би хараад л байгаа шүү:
Биеийнхээ шархыг мартан мартан
Би хараад л байгаа шүү:
Бидний ардчилал хаашаа явааг
Би хараад л байгаа шүү:
Бичсэн болоод бичигдээгүй андгайгаа санаж л байгаа шүү!
Би хараад л байгаа шүү:
Бүхний нүдэн дээр ардчиллын өнгө ямар өөр хувьсан байгааг
Би хараад л байгаа шүү:
Хэн нь хэн болсныг харан харан
Би хараад л байгаа шүү:
Хэлж, хийсэн нь яаж өөрчлөгдөн хувирахыг
Би хараад л байгаа шүү:
Ордонд суугаад юу юу гэж "донгодоод" байгааг
Би хараад л байгаа шүү:
Олбог сэнтийд тухлаад хэр хэр "донгосоод" буйг
Би хараад л байгаа шүү:
Олон түмэн хууртан бухимдаж бачуураад байгааг
Би хараад л байгаа шүү:
Олз нь хэнд, гарз нь хэнд очиж Эх орон нүцгэрээд байгааг
Би хараад л байгаа шүү:
"Хонхны дуу" цуурай болж, олны дуу ч "хуурай" болохыг
Би хараад л байгаа шүү:
Хориннэгдүгээр зуунд морьтой монгол явган болсныг
Би хараад л байгаа шүү:
"Хоосон амлалт" уриа болж хоринхоёрдугаар зуунд шалдан орох вий гэж
Би хараад л байгаа шүү:
Хорвоод Монгол түүх газар шороон дор дарагдах вий гэж
Би хараад л байгаа шүү:
Дэлхийн магнайд хэзээ цойлон гарч ирэхийг чинь
Би хараад л байгаа шүү:
Дээд тэнгэрийн хүчин дор Хүннү, Чингис, Монгол тодрон гэрэлтэхийг
Би хараад л байгаа шүү:
Морьтон удам Хүн төрөлхтөнд сайн бүхний үлгэр болон гайхуулахыг
Би хараад л байгаа шүү:
Монгол хүний саруул ухаанд итгэсэн хэвээрээ зогссоор л...!
Би энэ цаг үеэ нэвт шувт хараад л байгаа шүү!!!

Зоригийн үг ийн шивнэвэй...

2020.04.20...20:20 цагун дору...

 

МЗЭ-ийн Шагналт Зохиолч, Яруу найрагч Ж.БАТСАЙХАН

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.