Тавантолгойн нүүрсний ордыг үнэхээр 60 жилээр гадныханд өгөх гэж байв уу


 

АЖЛЫН ХЭСГИЙН ДҮГНЭЛТ

 Монгол Улсын Их Хурлын даргын 2015 оны 101 дүгээр захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг удирдамжийн дагуу Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах Консорциумтай байгуулахаар төлөвлөж буй Засгийн газрын 4 дүгээр сарын 23-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн “Хамтын ажиллагааны гэрээ”, “Хөрөнгө оруулалтын гэрээ”, “Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлд төмөр замын суурь бүтэц барих-өмчлөх-ашиглах-шилжүүлэх гэрээ” болон бусад шаардлагатай асуудлыг судалж, дүгнэлт, шийдвэрийн төслийг бэлтгэн танилцуулсан.

Дүгнэлтийг бэлтгэх явцдаа шаардлагатай асуудлаар холбогдох төрийн байгууллага болон холбогдох компаниас лавлагаа, мэдээлэл авчээ.

Мөн Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах Консорциумтай байгуулах Хөрөнгө оруулалтын болон дагалдах бусад гэрээний тухай УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Л.Эрдэнэчимэг тэргүүтэй УИХ-ын нэр бүхий 16 гишүүдээс Монгол Улсын сайд М.Энхсайханд асуулга тавьж хариулт авсан байна. Эдгээр асуулгад хариулсан М.Энхсайхан сайдын хариулт нь албан ёсны нотлох баримт болох тул энэхүү санал, дүгнэлтэд эх сурвалж болгон авчээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн асуулга, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг тэргүүтэй нэр бүхий гишүүдийн асуулга болон Монгол Улсын сайд М.Энхсайханы хариултыг бүрэн эхээр нь 90 хуудас бүхий Ажлын хэсгийн 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлтээс үзэх боломжтой.

 

ОРШИЛ

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Уурхайн үйл ажиллагааны тухай товч танилцуулга

 “Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2010 онд байгуулагдаж, Тавантолгойн нүүрсний ордын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс” МГЛ ХХК-иас шилжүүлэн авч уурхайн үйл ажиллагааг явуулж байна. Цанхийн зүүн хэсэгт 2010 оны 8 дугаар сарын 27-нд, Цанхийн баруун хэсэгт 2013 оны 2 дугаар сарын 16-нд уурхайн үйл ажиллагааг эхлүүлсэн.

Тавантолгойн нүүрсний орд нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Улаан нуурын хөндийд Улаанбаатар хотоос өмнө зүгт 540 км, аймгийн төв Даланзадгадаас зүүн зүгт 90 км, Цогтцэций сумын төвөөс баруун өмнө зүгт 16 км зүгт орших ба нийт 220 хавтгай дөрвөлжин километр талбайг хамарна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь нийт 68481.5 га талбай бүхий 8 ширхэг ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг.

Тавантолгойн ордод Цанхи, Ухаахудаг, Бортээг, Ончхараат, Оорцог, Бортолгой гэсэн нүүрсний нөөцийн талбайнууд хамрагддаг. Эдгээрээс нарийвчилсан судалгааны ажил бүрэн хийгдэж, ашиглалтад бэлтгэгдсэн нүүрсний нөөцийн талбай нь Цанхийн хэсэг юм.

 

 

Ордын нөөц

Тус нүүрсний орд газар “Норвест” компанийн ЖОРК стандартад дүйцүүлэн үнэлсэн үнэлгээ 7.4 тэрбум тонн нүүрсний нөөцтөйгөөс 985.5 сая тонн нь баттай, 2,986 сая тонн нь бодитой ба үлдсэн 3,410.6 сая тонн нь боломжит нөөц болно. Үүнээс 5.4 тэрбум тонн нь коксжих нүүрс бөгөөд 1.9 тэрбум нь эрчим хүчний нүүрс болно.

 

Ордыг ашиглах Техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/

Америкийн “Норвест” компани 2009 онд Цанхийн зүүн хэсгийг ашиглах ТЭЗҮ, 2011 онд Цанхийн баруун хэсгийг ашиглах урьдчилсан ТЭЗҮ-ийг тус тус боловсруулсан.

Цанхийн зүүн хэсгийг ашиглах ТЭЗҮ-ийг 2011 оны 4 дүгээр сард  “Абсолют Майнинг” ХХК, Цанхийн баруун хэсгийг ашиглах ТЭЗҮ-ийг 2012 оны 6 дугаар сард “Уул уурхайн хүрээлэн” тус тус боловсруулж, “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл”-ийн хурлаар хэлэлцүүлж батлуулсан.

Цанхийн Зүүн хэсгийг ашиглах ил уурхайн Техник, эдийн засгийн үзүүлэлтүүд:

  • Ордын геологийн нөөц /А+В+С/ - 750.47 сая тонн
  • Жилийн хүчин чадал – 15.0 сая тонн/жил
  • Жилийн дундаж хөрс хуулалт – 43.5 сая м3
  • Баяжуулах үйлдвэр /15 сая тонн/жил/

 

Уурхай нь 5 дахь жилээс төслийн хүчин чадлаа эзэмшиж эхэлнэ. Ашиглалтын эхний 3 жилд нүүрсний IV давхаргад, 4 дэх жилээс нүүрсний 0, III давхаргуудыг олборлож эхлэхээр тусгасан байна.

Цанхийн Баруун хэсгийг ашиглах ил уурхайн Техник, эдийн засгийн үзүүлэлтүүд:

Ордын геологийн нөөц /А+В+С/ - 814.1 сая тонн

Жилийн хүчин чадал – 20 сая тонн/жил

Жилийн дундаж хөрс хуулалт – 55 сая м3

 Ашиглалтын эхний 3 жилд IV давхаргад, 4 дэх жилээс 0, III давхаргуудыг олборлож эхэлнэ.

 

АЖЛЫН ХЭСГИЙН ТОВЧ ДҮГНЭЛТ

 

Улсын Их Хурлын даргын 2015 оны 101 дүгээр захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг удирдамжийн дагуу ажиллаад дараах дүгнэлт, шийдвэрийн төслийг бэлтгэн танилцуулж байна.

16.1 Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах Консорциумтай хийхээр бэлтгэсэн Хөрөнгө оруулалтын Гэрээ болон дагалдах бусад гэрээ нь Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Иргэний хууль, Газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Төмөр замын тээврийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж байна.

16.2 Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах талаар зарласан Засгийн газрын 2014 оны 268 дугаар тогтоол нь Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар сарын 4-ны өдрийн 40 дүгээр тогтоол, Улсын Их Хурлын 2010 оны  6 дугаар сарын 24-ны өдрийн 32 дугаар тогтоолын 2.2 дахь заалт, Улсын Их Хурлын 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 37 дугаар тогтоолоор баталсан Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт заасан “Тавантолгойн орд газарт гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нартай хамтран олборлолт явуулна” гэж заасан заалт, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн 2011 оны 35/32, 2012 оны 07/04 болон2015 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 04/03 дугаар зөвлөмжүүд, Ухаа худаг – Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих эрхийг төрийн өмчит “МТЗ” компанид олгох  Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 121 тогтоол, “МТЗ” ХК-д төмөр замын суурь бүтцийн концесс олгосон 2013 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолуудыг тус тус зөрчиж байна.

16.3 Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахаар уралдаант шалгаруулалтанд ялсан Консорциумтай байгуулахаар төлөвлөсөн Хамтын ажиллагааны гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээ, Төмөр замын концессийн гэрээнүүд нь Монгол улсын хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль тогтоомжид нийцээгүй, үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхолд харш, гэрээний талуудын эрх тэгш байдлыг хангаагүй байна.

16.4 “Эрдэнэс Тавантолгой” ХК-д  2,558,175,510 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа Монгол улсын 2,475,201 иргэн болон 8,497,671 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа Монгол улсын 553 аж ахуйн нэгжийн хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах, тэдний ашиг сонирхол, эрх ашгийг хангасан арга хэмжээ аваагүй. Энэ талаархи зохицуулалтыг Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ болон дагалдах бусад гэрээнд тусгаагүй байна.

Улсын Их Хурлын Өргөдлийн Байнгын хороо 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хуралдаж, 05 дугаар тогтоол гарган “Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 1072 хувьцааг эзэмшиж буй иргэдийн эрх ашгийг хамгаалах, хувьцааны эдийн засгийн үр өгөөжийг хүртэх боломжийг бүрдүүлсэн зохицуулалтыг Тавантолгойн ордын хөрөнгө оруулагчидтай хийх гэрээ, хэлэлцээрт тусгайлсан бүлэг болгон тусгах” үүргийг Засгийн Газар өгсөнийг биелүүлээгүй байна.

Мөн 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн хуралдаанаас гаргасан 04/03 дугаар Зөвлөмжийн 4 дэх заалтаар “Монгол улсын иргэдэд олгосон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулж, хувьцааны ногдол ашиг хүртэх боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авах” үүргийг Засгийн газарт өгсөн нь хэрэгжээгүй байна.

16.5  Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах Улсын Их Хурлын 2010 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 39 дүгээр тогтоолд заасан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 20 хүртлэх хувийг дотоодын болон гадаадын хөрөнгийн биржээр худалдаж шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах арга хэмжээг Хөрөнгө оруулалтын гэрээ болон дагалдах бусад Гэрээнд тусгаагүй. Консорциумтай байгуулах Хамтын ажиллагааны гэрээ болон Хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөл Монгол улсад ашиггүй байгаа нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үнэ цэнийг бууруулж, үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлаж, тус компанийн үнэ цэнийг бууруулж, хувьцааг дотоод, гадаадын хөрөнгийн биржид арилжаалах боломжийг хааж байна.

16.6  Засгийн газрын Ажлын хэсэг Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахаар шалгарсан Консорциумтай хэлэлцээр хийж Хөрөнгө оруулалтын гэрээ болон дагалдах гэрээний төслийг бэлтгэхдээ Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар сарын 4-ны өдрийн 40 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Тавантолгойн нүүрсний ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үндсэн зарчим, удирдамжийг мөрдөөгүй, түүнийг хэрэгжүүлээгүй байна.

16.7  Тавантолгойн ордыг ашиглах Хамтын ажиллагааны гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээ, төмөр замын концессийн Гэрээ нь Гуравдагч хөршийн бодит оролцоо, хөрөнгө оруулалтыг хангаагүй, Монгол улсын гадаад бодлогод баримтлаж буй Гуравдагч хөршийн бодлоготой нийцэхгүй байна. 

16.8  Тавантолгойн нүүрсний ордын дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын хэлбэр нь Монгол улсад эдийн засгийн үр өгөөж багатай, Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг Тавантолгойн уралдаант шалгаруулалтын нэг хэсэг болгон хувийн, гадаадын хөрөнгө оруулалттай компанийн охин компанид шилжүүлэх нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2011 оны 35/32, 2012 оны 07/04 болон2015 оны 04/03 дугаар зөвлөмжүүд, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг баталсан Улсын Их Хурлын 2010 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн 32 дугаар тогтоолын 2-ын 2 дахь заалт, Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 121, 2013 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолыг тус тус  зөрчиж байна.

16.9  Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн 2010 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд заасан “улстөрийн албан тушаалтаныг хэлэлцээрийн аль нэг талд оролцуулахгүй байх” заалтыг Засгийн газар зөрчиж улстөрийн албан тушаалтан Монгол улсын сайд М.Энхсайханаар хэлэлцээ хийх ажлын хэсгийг ахлуулсан байна. Улмаар тухайн улстөрийн албан тушаалтан нь үндсэндээ дангаараа шийдвэр гарган УИХ-ын 2008 оны 40 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан удирдамжид заасан “гэрээний төсөл боловсруулахдаа олон улсад нэр хүнд бүхий зөвлөгөө үзүүлэгч байгууллагын туслалцааг авах” гэснийг зөрчсөн байна.

Ингэснээр олон улсын нэр хүнд бүхий хууль, санхүүгийн зөвлөхүүд хөлсөлж авсан хөрөнгө оруулагч Консорциумын талтай адил түвшинд ажиллаж чадаагүй байна. Ажлын хэсэг төрийн ашиг сонирхлын үүднээс харах ёстой олон асуудлууд, тухайлбал хөрөнгө оруулагч талын санхүүгийн байдалд дүн шинжилгээ хийх, олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй гадаадын хөрөнгө оруулагчийн дотоод бүтэц, үйл ажиллагааны дүрэм журмыг судлах, гэрээнд буй нарийн тодруулах, тухайн гадаадын хөрөнгө оруулагчийн харьяалдаг улстай Монгол Улс байгуулсан олон улсын гэрээнүүд төсөлд хэрхэн нөлөөлөхөд дүгнэлт хийх гэх мэт дан ганц төрийн албан хаагчдын хийх боломжгүй олон асуудлыг орхигдуулжээ.

16.10  Улсын Их Хурлын 2014 оны  34 дүгээр тогтоолын хавсралтын 1.4-т “… орд газрыг иж бүрэн хөгжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийн асуудлыг эдийн засгийн үр ашигтай, улсын төсөвт нэмэлт ачаалал үүсэхгүй байх хувилбараар гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоог хангах зарчмаар цогцоор нь шийдвэрлэх” гэж заасан атал Засгийн газар зөвхөн Цанхийн хэсгийг хөгжүүлэх, Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барих асуудлыг шийдвэрлэж Тавантолгой-Сайншанд-Хөөт-Чойбалсан-Эрээнцав зэрэг бусад чиглэлд шинээр төмөр замын суурь бүтэц барих асуудлыг шийдвэрлээгүй байна. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий Бортолгой, Бортээг, Оорцог, Онч-Хараат зэрэг талбайг ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах  асуудлыг орхигдуулсан байна.

16.11  Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 59 дүгээр тэмдэглэлийн 1.2-т заасан чиглэл зөрчигдөж сонирхлын зөрчилтэй компани уралдаант шалгаруулалтанд шалгаруулсан байна. Засгийн газар нь 2010 онд зарласан Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах уралдаант шалгаруулалтын богино жагсаалтанд үлдсэн 6 компанийн дунд уралдаант шалгаруулалтыг үргэжлүүлэн явуулсан атал уралдаант шалгаруулалтад оролцоогүй, “Энержи Ресурс Корпораци” ХХК, түүний охин компани болох  “Энержи Ресурс” ХХК-ийг шалгаруулсан байна.

16.12  Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах Төслийн компанийн 51 хувийг эзэмших “Энержи Ресурс Корпораци” нь 100 хувь гадаадын хөрөнгө оруулагчийн мэдэлд, 49 хувийг эзэмших “Чайна Шенхуа Энержи” компани нь гадаадын хуулийн этгээд байх тул Тавантолгойн нүүрсний орд шууд болон шууд бусаар гадаадын хуулийн этгээдүүдийн 100 хувь хяналтанд орж байна.

16.13  Тавантолгойн ордыг ашиглах Төслийн компанийн 51 хувийг эзэмшихээр шалгараад байгаа “Энержи Ресурс Корпораци”-ийн хувьцаа нь толгой компани болох Кайманы арлын “ММС” компанийн их хэмжээний өрийн барьцаанд байх тул төслийг хэрэгжүүлэх санхүүгийн чадамжгүй гэж үзэж байна. Санхүүгийн хүнд байдалд орсон “ММС” компанийн хувьд “Тавантолгой” ордыг ашиглах эрхийг олж авах нь бизнесийн өрсөлдөгчгүй болж, нөөцөө нэмэгдүүлэх замаар зах зээлийн үнэлгээгээ өсгөж, санхүүгийн хүндрэлээс гарах боломж болж байна.

16.14  Төсөлд оруулах Хөрөнгө оруулалтыг ойролцоогоор 4 тэрбум гэсэн бөгөөд энэ хөрөнгө оруулалтанд одоо ЭР-ийн Ухаа худгийн уурхайд оруулсан ЭР-ийн Ухаа худаг ордод оруулсан хөрөнгө оруулалтыг 1 тэрбум доллар тооцож байна. Гэвч ЭР-ийн Ухаа худаг уурхайд оруулсан бодит хөрөнгө оруулалт хэд болох, үнэлгээг хэрхэн тооцох, аргачлал, томьёололтой холбоотой заалт байхгүй байна. Гэтэл ЭР-ийг эзэмшдэг толгой компани “ММС” нь 2014 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар нийт 1 тэрбум 285 сая ам. долларын богино болон урт хугацааны өртэй гэдгийг “ММС”-ийн 2014 оны жилийн эцсийн тайланд (хуудас 14 болон notes 23, 25, 26) тусгасан байна.

16.15  Хөрөнгө оруулалтын Гэрээний заалтуудаас харахад ЭР нь 4 тэрбум долларын хөрөнгө оруулалтаа яаж ч тооцож болох, ямар хугацаанд энэ хөрөнгө оруулалтыг оруулах нь тодорхойгүй болж байна. Тус компани амалж байгаа 4 орчим ам.тэрбум долларын хөрөнгө оруулалтаа гэрээний 30 жил, сунгалтын 30 жилийн хугацаанд нийт 60 жилийн хугацааны турш үргэжлүүлэн цувуулж хийх, эсвэл Тавантолгойн ордыг ашиглаж олсон орлогоосоо хөрөнгө оруулалт болгон буцааж хийх, эсвэл хөрс хуулалт гэх зэрэг өндөр зардалтай үйл ажиллагааны зардлыг өсгөн тооцох зэргээр хөрөнгө оруулалтыг өөрийн үзэмжээрээ хийхээр зохицуулжээ.

16.16  ЭР нь Тавантолгойн ордыг ашиглах эрхийн дагуу олж авч байгаа эрх, ашиг сонирхолыг барьцаалж хөрөнгө оруулалт босгож байна. Энэ нь тус  компанийн давуу тал биш бөгөөд Тавантолгойн ордыг  ашиглах эрх авснаар үүсч байгаа боломж юм. Хэрэв Засгийн газар энэ боломжийг ЭТТ-д зөвшөөрсөн тохиолдолд ЭТТ өөрөө хөрөнгө оруулалт татах бүрэн боломжтой юм.

16.17  Хөрөнгө оруулалтын Гэрээний 8.4 (с)-ийн (ii) болон (d)-ийн (vi)-д зааснаар Санхүүжүүлэгч нь Гэрээний зүйлийг бусад этгээдэд шилжүүлэх, ЭР-ийг Гуравдагч этгээдээр сольж, эрх үүргийг нь тухайн этгээдэд шилжүүлэх эрхтэй байна. Үүнээс харахад эхнээсээ Гэрээнд ингэж бусад этгээдэд барьцаалах, шилжүүлэх эрх олгосон зохицуулалт тусгаж байгаа нь ЭР нь цаашдаа ийм үйл ажиллагаа хийх зорилготой бэлтгэж, эдгээр заалтын дагуу ирээдүйд ЭР нь Хөрөнгө оруулалтын болон дагалдах бусад гэрээнээс гарахаар төлөвлөжээ гэж үзэж байна.

16.18  Төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурал нь Гадаад хэргийн яамаар хянагдаагүй, албан ёсны орчуулга хийгдээгүй гэрээний төслийг хэлэлцэх боломжгүй гэж үзэж байна. Оюутолгойн гэрээг байгуулахад Гадаад хэргийн яам албан ёсоор орчуулгыг нь хянаж, Улсын Их Хуралд өргөн барьсныг тэмдэглэх нь зүйтэй.

16.19  Уул уурхайн томоохон төслийн асуудлаар Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулагчидтай байгуулсан гэрээ бүр ямар нэг хэмжээгээр маргаан дагуулдаг, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж чадаагүй нь цагийн шалгуураар тодорхой болдог, улмаар тухайн үед ажил хариуцаж гэрээ байгуулсан албан тушаалтнуудадхариуцлага тооцох боломжгүй болдог буруу жишиг Тавантолгойн гэрээний төсөл боловсруулах явцад ч давтагджээ.

Олон арван тэрбум доллараар үнэлэгдэх Тавантолгой нүүрсний ордыг ашиглах асуудлаар хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийж, гэрээний төсөл боловсруулах Засгийн газрын ажлын хэсэг  анхнаасаа Монгол Улсын хүчин төгөлдөр хууль тогтоомж, Улсын Их Хурлын тогтоол, Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлалын холбогдох заалт, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн зөвлөмж, Засгийн газрын шийдвэрийг зөрчин Хөрөнгө оруулагч нартай хэлэлцээр хийж, Монгол улсад ашиггүй нөхцөл бүхий гэрээний төслийг бэлтгэсэн байна.

Иймд Засгийн газрын ажлын хэсгийн холбогдох улс төрийн албан тушаалтан болон төрийн албан хаагчдад хуулийн дагуу хариуцлага тооцох шаардлагатай.

16.20  Засгийн газар Хөрөнгө оруулалтын гэрээ болон дагалдах бусад гэрээг байгуулахдаа Монгол Улсын Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хүрээнд үүрэг хүлээх нь зүйтэй байна.

16.21   Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байгаа Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөрийн 181 дүгээр тогтоол болон 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 268 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж Ажлын хэсгээс дүгнэж байна.

Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоол хүчингүй болсноор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 1072 хувьцаа эзэмшиж байгаа иргэдийн хууль ёсны эрх ашиг хангагдах болно. Засгийн газрын 2014 оны 268 дугаар тогтоол хүчингүй болсноор 2010 онд зарласан Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах уралдаант шалгаруулалтын богино жагсаалтанд багтсан 6 компанийг дахин хууль, тогтоомжид нийцүүлэн сонгох боломж нээлттэй хэвээр үлдэх бөгөөд Улсын Их Хурлаас шинээр батлах тогтоолд нийцүүлэн Засгийн газар уралдаант шалгаруулалтыг үргэжлүүлэн явуулж богино хугацаанд дуусгах боломжтой.

16.22  Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар сарын 4-ны өдрийн 40 дүгээр тогтоолын 3-ын 1 дэх заалт болон 2010 оны 39 дүгээр тогтоолын 1-ийн 5 дахь заалтын дагуу Засгийн газар нь Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, чуулганаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх ёстой.

Иймд Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах асуудлаар өмнө гарсан Улсын Их Хурлын тогтоолуудыг нэгтгэн Улсын Их Хурлаас Засгийн газарт баримтлах тодорхой зарчим, удирдамж бүхий тогтоол баталж,Улсын Их Хурлын зүгээс хяналт тавьж ажиллах нь зүйтэй гэж Ажлын хэсгийн гишүүд үзэж “Тавантолгойн ордыг ашиглах тухай” тогтоолын төслийг санаачлан Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байна.

 

Ажлын хэсэгт

Ажлын хэсгийн дарга                                                                                                                   

Л. ЭРДЭНЭЧИМЭГ

 

Гишүүд:                                                             

А. БАКЕЙ

Су. БАТБОЛД

О. БААСАНХҮҮ

Д. ГАНХУЯГ

С. ГАНБААТАР

Б. НАРАНХҮҮ

Д. СУМЬЯАБАЗАР

М. СОНОМПИЛ

Б. ЧОЙЖИЛСҮРЭН

 

16 ЗҮЙЛ БҮХИЙ ДҮГНЭЛТИЙН НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ

Нэг. Тавантолгойн ордыг ашиглах тухай асуудлаар Засгийн газраас өргөн барьсан Хамтын ажиллагааны гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээ, Төмөр замын концессын гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хууль, тогтоомжид нийцэж байгаа эсэх.

 Консорциумтай байгуулахаар төлөвлөж буй Хамтын ажиллагааны гэрээний “Талууд” гэсний 2 дахь хэсэгт болон Хөрөнгө оруулалтын гэрээний “Талууд” гэсний 5 дахь хэсэгт “Энержи Ресурс” ХХК-ийг төлөөлж “Төслийн компани гэж заахаар томьёолжээ. Цаашид энэхүү дүгнэлтэд “Төслийн компани” гэдгийг “Энержи Ресурс” ХХК (товчилж ЭР) гэж тодорхой нэрээр нь бичнэ.

 

 

1.1 Хамтын ажиллагааны гэрээний тухай

Энэхүү “Хамтын ажиллагааны гэрээ”-г /цаашид Гэрээ гэнэ/ Монгол Улсын төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК /цаашид ЭТТ гэнэ/ болон Люксембургийн “Монголиан Коал Корпораци”-ийн 100 хувийн хөрөнгө оруулалттай охин компани болох “Энержи Ресурс Корпораци” болон “Энержи Ресурс Корпораци”-ийн 100 хувийн охин компани болох “Энержи Ресурс” ХХК /цаашид ЭР гэнэ/ болон Хятад улсын төрийн өмчит “Чайна Шенхуа Энержи компани лимитед” /цаашид Шенхуа гэнэ/ компаниуд Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зорилгоор байгуулахаар төсөл бэлтгэсэн байна.

Хамтын ажиллагааны гэрээний Талууд гэсний 4 дэх хэсэгт зааснаар “Энержи Ресурс Корпораци” болон “Чайна Шенхуа Энержи компани лимитед” нь ЭР-ийн хөрөнгө оруулагчид болж байна.

  • Гэрээний угтвар нөхцөлийн D хэсэг, гэрээний 1.1 /a/, /b/, 1.2 /a/ заалтууд болон 6.1 /d/ заалтуудаар ЭТТ нь Цанхийн ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон уул уурхай үйл ажиллагаатай холбоотой бүх эрх болон зарим тодорхой үүрэг, уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой бүх эрхээ болон газар эзэмших эрхээ ЭР-д энэ гэрээний нийт хугацаагаар /Хамтын ажиллагааны гэрээний болон Хөрөнгө оруулалтын гэрээний үндсэн хугацаа 30 жил, сунгалт 30 жил/ шилжүүлж байна.

ЭТТ-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл ЭР-д шилжихгүй тул тусгай зөвшөөрөл эзэмшигч ЭТТ нь Ашигт малтмалын тухай хуулийн дагуу эрх үүргээ хадгалах ёстой.

Иймд ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой бүх эрхийг шилжүүлж авах дээр дурдсан заалтууд нь Ашигт малтмалын тухай хуульд заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэгтэй холбоотой заалтуудыг бүхэлд нь зөрчиж байна.

 Хамтын ажиллагааны гэрээний 1.2 /а/ заалтаар гэрээний хугацаанд ЭТТ нь Тавантолгойн газар эзэмших эрхээ ЭР-д үнэ төлбөргүй шилжүүлж байна. Мөн Хамтын ажиллагааны гэрээний 5.1 /j/ заалт, Хөрөнгө оруулалтын гэрээний 5.7 /а/ заалтаар “төслийн бусад үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах газар эзэмших, ашиглах эрхийг ЭР олж авах эрхтэй. Засгийн газар холбогдох байгууллагуудаараа дамжуулан газар эзэмших, ашиглах эрхийг ЭР болон түүний Хамааралтай этгээдэд олгоно” гэжээ.

ЭР нь Тавантолгойн газрыг эзэмших эрхийг авч байгаа нь Газрын тухай хуулийн 6.3 дахь хэсэг “Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харьяалалгүй хүн тодорхой зориулалт, хугацаа, болзол, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу газар ашиглагч байж болно” гэсэн заалтыг зөрчиж байна.

Учир нь Хөрөнгө оруулалтын гэрээний “Угтвар нөхцөл” /H/-д зааснаар “Чайна Шенхуа Оверсийс Девелопмент энд Инвестмент лимитед” болон дотоодын хөрөнгө оруулагч нар хамтарсан компани байгуулж, одоо Ухаахудаг ордод үйл ажиллагаа явуулж байгаа ЭР-ийг шууд ба шууд бусаар өмчлөхөөр заажээ.

Иймд ЭР нь Люксембургийн хөрөнгө оруулалттай ЭРК болон Хятадын хөрөнгө оруулалттай Шенхуа компанийн хөрөнгө оруулалттай гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болж зохион байгуулагдах учир Газрын тухай хуулийн 6.3 дахь заалтын дагуу газар эзэмших эрхгүй.

Мөн Хөрөнгө оруулалтын гэрээний 5.7 /а/-д заасан үйл ажиллагаа эрхлэх ЭР-ийн хамааралтай этгээдүүд нь гадаадын хөрөнгө оруулалттай этгээдүүд байвал газар эзэмших эрхгүй.

  • Хамтын ажиллагааны гэрээний “Угтвар нөхцөл” хэсгийн /Е/ болон 5.1 /q/-д зааснаар ЭТТ нь өөрийн Цанхийн уурхайд ажиллаж байгаа ажилчид, Цанхийн талбайтай холбоотой нүүрс борлуулах гэрээ, уул уурхайн үйлчилгээ үзүүлэх гэрээ болон бусад гэрээг хамааруулсан ЭТТ-н тодорхой үүрэг, эд хөрөнгийг ЭР-д шилжүүлж, “Эрх үүрэг шилжүүлэх гэрээ”-г тусад нь байгуулахаар тохирчээ.

Төрийн өмчит ЭТТ-ийн эд хөрөнгийг ЭР-д шилжүүлэх асуудал нь хувьчлалын асуудал үүсгэх болно. Иймд энэ заалт нь Төрийн болон орон нутгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх заалт “Төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдахад Засгийн газрын, төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийг Төрийн өмчийн хорооны, бусад эд хөрөнгийг тухайн хуулийн этгээдийн шийдвэрээр гагцхүү дуудлага худалдаагаар худалдаж болно” гэснийг зөрчиж байна.

Мөн ЭТТ компанийн эд хөрөнгө, тодорхой үүрэг, ажилчдыг өөр компанид шилжүүлэх тухай асуудал Компанийн тухай хуулийн “Их хэмжээний хэлцэл” гэсэн 87 дугаар зүйлийн дагуу шийдвэрлэгдэх ёстой.

Компанийн тухай хуулийн энэ заалтын дагуу ЭТТ компанийн шийдвэр гараагүй байхад Хамтын ажиллагааны болон Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хэлэлцээрийг хийсэн байна. Энэ шийдвэр гараагүй байхад “Эрх үүрэг шилжүүлэх гэрээ” байгуулах нь Компанийн тухай хуулийн 87 дугаар хэсгийг бүхэлд нь зөрчинө.

 Гэрээний 6.1 /l/ заалтаар ЭР нь Цанхийн талбайгаас олборлосон нүүрсийг өмчлөх эрхтэй байхаар заажээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь заалтад “газрын хэвлий, түүний баялаг төрийн өмч мөн” гэж заасан. Ашигт малтмалын тухай хуулийн 5.1-д “Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн” гэж Үндсэн хуулийн заалтыг илүү тодруулан заасан байна.

Иймд Цанхийн талбайгаас олборлосон нүүрсийг ЭР өмчлөх эрхгүй. Тэгээд ч Хөрөнгө оруулалтын гэрээний 29.6-д зааснаар “ЭР нь энэхүү гэрээний дагуу бие даасан гэрээт гүйцэтгэгч байх..” гэж заасан байна.

  • 6 Гэрээний 5.1 /o/-д зааснаар Цанхийн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх зорилгоор ЭР нь ЭТТ-с олгосон итгэмжлэлгүйгээр аливаа санал гомдол, нэхэмжлэлийг холбогдох төрийн болон эрх бүхий байгууллага, шүүх, албан тушаалтанд гаргах эрхтэй гэжээ.

Энэ нь Иргэний хуулийн “Төлөөлөл” гэсэн 7 дугаар бүлэгт заасан хуулийн дагуу итгэмжлэлийн үндсэн дээр үүсэх харилцааг бүхэлд нь зөрчиж байна.

 Гэрээний 8.1 /b/-д “ЭР болон Хөрөнгө оруулагчид нь хөрөнгө босгох зорилгоор энэ гэрээний дагуу олгогдсон эрх, ашиг сонирхол, үр ашгаа Хөрөнгө оруулагчид эсхүл Санхүүжүүлэгчид барьцаалах замаар шилжүүлэх эрхтэй” гэсэн байна.

Энэ нь Гэрээний хамгийн ноцтой бөгөөд Засгийн газар болон ЭТТ хүлээн зөвшөөрч болохгүй заалт болно.

Гэрээний угтвар нөхцөлийн D хэсэг, гэрээний 1.1 /a/, /b/, 1.2 /a/ заалтууд болон 6.1 /d/ заалтуудаар ЭТТ нь Цанхийн ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон уул уурхай үйл ажиллагаатай холбоотой бүх эрх болон зарим тодорхой үүрэг, уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой бүх эрхээ болон газар эзэмших эрхээ ЭР-д энэ гэрээний нийт хугацаагаар /Хамтын ажиллагааны гэрээний болон Хөрөнгө оруулалтын гэрээний үндсэн хугацаа 30 жил, сунгалт 30 жил/ шилжүүлж байна.

Мөн Гэрээний 5.1 /е/ болон 6.1 /l/ заалтуудад ЭР нь Цанхийн талбайгаас олборлосон, боловсруулсан /угаасан нүүрс/ нүүрсийг өмчлөх эрхтэй байхаар заажээ. Энэ бүх эрх, ашиг сонирхлоо Нэгт, Хөрөнгө оруулагч нар, Хоёрт, Санхүүжүүлэгч нарт барьцаалан шилжүүлэх эрхтэй болж байна.

Энэ гэрээгээр бол Хөрөнгө оруулагч нь Люксембургийн “Монголиан Коал Корпораци”-ийн 100 хувийн хөрөнгө оруулалттай охин компани болох “Энержи Ресурс Корпораци” болон Хятад улсын төрийн өмчит “Чайна Шенхуа Энержи компани лимитед” компаниуд юм.

Хөрөнгө оруулалтын гэрээний 30.1 /g/-д зааснаар Санхүүжүүлэгч гэдэг нь ЭР-т зээл олгож байгаа БНХАУ болон Япон улсын экспортын зээлийн агентлагууд, хөгжлийн банкууд, арилжааны банкууд болон олон талт санхүүгийн байгууллага зэрэг олон улсын хөрөнгө оруулагч эсвэл банк, санхүүгийн байгууллагыг ойлгоно гэж тодорхойлсон байна.

Эхнээсээ Гэрээнд ингэж барьцаалан шилжүүлэх эрх олгосон заалт хийж байгаа нь ЭР нь цаашдаа ийм үйл ажиллагаа хийх зорилготой, ийм аргаар Тавантолгойн ордыг бусдад шилжүүлэхээр урьдчилан төлөвлөсөн байна гэж дүгнэж байна.

 Өөрөөр хэлбэл, ЭР нь өрийн барьцаанд гэрээний дагуу олж авч байгаа эрх, ашиг сонирхол, үр ашгаа бусдад шилжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд ийнхүү шилжүүлэн авахаар төлөвлөсөн байна гэж дүгнэж байна. Учир нь ЭР нь Хонконг, Люксембург, Монгол зэрэг улсад байдаг охин компаниар нь дамжуулаад Кайманы аралд бүртгэлтэй ММС компанийн өмчлөлд байдаг бөгөөд 2015 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн байдлаар ММС нь олон улсын банк, санхүүгийн байгууллагад 570 сая ам.долларын өртэй, бонд гаргасан 600 сая ам.долларын өртэй байна. Энэ компаний нийт өр нь 1 тэрбум 170 сая ам.доллар байна. Энэ өрөндөө Монгол Улсад байгаа ЭР-ийн нүүрс угаах үйлдвэр, цахилгаан станц, эд хөрөнгө, бэлэн мөнгө болон ЭР-ийг өмчилдөг Хонгконг дахь охин компани “Mongolian Coal Corporation”, Люксембург дахь “Mongolian Coal Corporation” S.A.R.L компанийн хувьцааг барьцаалсан байна.

Гэтэл Гэрээний 8.2 /b/ заалтаар Тавантолгойн ордыг хууль ёсны эзэмшигч болох төрийн өмчит ЭТТ компанид аливаа барьцааны эрх үүсгэхийг хориглосон заалт нь Ашигт малтмалын тухай 51.1 дэх заалттай зөрчилдөж байна. Хуулийн дагуу ЭТТ нь тусгай зөвшөөрлөө энэ хуульд заасан шаардлагын дагуу буюу байгууллагад тухай ордын үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор банк, банк бус санхүүгийн байгууллагад барьцаалах эрхтэй.

 Гэрээний 8.2 /с/ заалтаар хэрэв ЭТТ нь Цанхийн ашиглалтын тусгай зөвшөөрлөө Гуравдагч этгээдэд худалдах, шилжүүлэх, аливаа байдлаар захиран зарцуулахаар шийдвэрлэсэн тохиолдолд ЭР нь өөртөө шилжүүлэн авах санал гаргах давуу эрхтэй байна.

Гэрээний энэ заалт нь Ашигт малтмалын тухай хуулийн 49.1 болон 49.3 дахь заалтуудтай зөрчилдөж байна. Хуулийн эдгээр заалтаар тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу ЭТТ нь зөвхөн нэгдэж, нийлэх хэлбэрээр өөрчлөн байгуулагдсан тохиолдол шинээр бий болсон эрх, үүрэг хүлээн авагчид, түүний хараат, охин компани нь толгой компанидаа тусгай зөвшөөрлийг шилжүүлэх эсвэл уурхайгаа худалдсан тохиолдолд тусгай зөвшөөрлөө шилжүүлэх эрхтэй байна.

Тэгээд ч Тавантолгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2014 оны 268 дугаар тогтоолын 1-ийн а/-д “Төрийн өмчит Эрдэнэс Тавантолгой ХК-ийн эзэмшилд байгаа Тавантолгойн ордын ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг хөрөнгө оруулагчийн мэдэлд шилжүүлэхгүйгээр “хөрөнгө оруулж, хамтран ашиглах гэрээ”-ний хүрээнд бүрэн ашиглуулах” гэж заасантай зөрчилдөх болно.

Тавантолгойн ордын ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг шилжүүлэхгүй байх нь Хөрөнгө оруулагчтай хамтран ажиллах гол нөхцөл юм. Тиймээс Гэрээнд ийм заалт тусгах шаардлагагүй бөгөөд тусгай зөвшөөрөл ЭР-д ямар нэгэн байдлаар шилжсэн тохиолдолд уралдаант шалгаруулалтын гол нөхцөл зөрчигдөх болно.

 Гэрээний 8.2 /d/-ийн /v/-д ЭТТ нь Цанхийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг зөвхөн бүхэлд нь шилжүүлэх эрхтэй бөгөөд хэсэгчлэн шилжүүлэхгүй гэсэн заалтаар ЭТТ-н хууль ёсны эрхийг хязгаарласан байна.

Цанхи нь баруун, зүүн хэсэгтэй бөгөөд ЭТТ нь зах зээлийн нөхцөлтэй уялдуулан өөрийн эрх хэмжээнд зохицуулалт хийх эрхийг хориглосон байна. Энэ заалт нь Ашигт малтмалын тухай хуулийн Тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэсэн 49 дүгээр зүйлийн 49.1 болон Тусгай зөвшөөрлөөр олгогдсон газрын тодорхой хэсгийг шилжүүлэх гэсэн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсгийг зөрчиж байна.

 

1.2 Хөрөнгө оруулалтын гэрээний тухай

 Энэхүү “Хөрөнгө оруулалтын гэрээ”-г /цаашид Гэрээ гэнэ/ Монгол Улсын Засгийн газар, төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК /цаашид ЭТТ гэнэ/ болон Люксембургийн “Монголиан Коал Корпораци”-ийн 100 хувийн хөрөнгө оруулалттай охин компани болох “Энержи Ресурс Корпораци” болон “Энержи Ресурс Корпораци”-ийн 100 хувийн охин компани болох “Энержи Ресурс” ХХК /цаашид ЭР гэнэ/ болон Хятад улсын төрийн өмчит “Чайна Шенхуа Энержи компани лимитед” /цаашид Шенхуа гэнэ/ компаниуд Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зорилгоор байгуулахаар төсөл бэлтгэсэн байна.

1.2.1. Хөрөнгө оруулалтын гэрээний 2.1 /с/ болон /d/-д зааснаар ЭР нь уулын ажлын нарийвчилсан төлөвлөгөө, барилгын болон уул уурхайн үйл ажиллагааны зардал, хөрөнгө оруулалтын нөхцөлийг тодорхойлж, уул уурхайн үйл ажиллагааны хүрээг тодорхойлох болон тооцоолол, уурхай хөгжүүлэх, хайгуул хийх төлөвлөгөөг гаргах, тайланг бие даан өөрийн үзэмжээр гаргах, төслийн бусад үйл ажиллагаатай холбоотой шийдвэрийг гаргах, шаардлагатай бүх арга хэмжээг авах бүрэн эрхтэй байхаар заажээ.

Мөн ЭР нь Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах ТЭЗҮ боловсруулах, түүнд нэмэлт, өөрчлөлт хийх, уурхайн нарийвчилсан төлөвлөгөө, бүтээн байгуулалтын хөтөлбөр, уул уурхайн үйл ажиллагааны болон барилга угсралтын зардлыг тодорхойлох, хөрөнгө оруулалтын болзол нөхцөлийг тогтоох, Тавантолгойн ордоос боловсруулсан бүтээгдэхүүн болон олборлосон нүүрсээ экспортлох, худалдах, тээвэрлэх, худалдах маркетинг хийх бүх ажиллагааг бие даан зохион байгуулах эрхтэй гэжээ. /Хөрөнгө оруулалтын гэрээний 5.1 /b/, Хамтын ажиллагааны гэрээний /d/, /n/ заалт/

Мөн ЭР нь Цанхийн талбайгаас аль ч жилд олборлох, боловсруулах бүтээгдэхүүний тоо хэмжээ болон бүтээгдэхүүн нийлүүлэх зах зээлийг сонгох, нүүрс боловсруулах зардал, үнэлгээг тодорхойлох, борлуулах, бүтээгдэхүүний тоо хэмжээ, худалдах үнийг тогтоох, тээврийн давтамж, тээвэрлэлтийн хэлцэл болон арилжааны бусад нөхцөлийг тодорхойлох зэрэг бүтээгдэхүүний борлуулалттай холбоотой шийдвэрийг дангаараа бие даан тодорхойлох, бие даан ажиллах эрхтэй байна.

Эдгээр заалт нь Ашигт малтмалын тухай хуулийн 48.6 дахь заалтыг зөрчиж байна. Учир нь 48.6-д зааснаар ТЭЗҮ хийх болон уулын ажлын төлөвлөгөө хийх, нөөцийн зэрэглэлийг ахиулах ашиглалтын хайгуул хийх, тайлан гаргах эрх нь тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу ЭТТ эрх хэмжээнд байхаар хуульчлагдсан байна.

 Эдгээр заалтуудаас харахад ЭР нь гэрээний хугацаанд төслийн зардлыг нэмж тооцох, ТЭЗҮ-д нэмэлт, өөрчлөлт хийснээр хөрөнгө оруулалтаа өсгөх, бууруулах зэргийг дангаараа шийдвэрлэх эрх эдэлж байна. Ялангуяа хайгуулын ажлын зардлаа хэт өндөр гаргаж, хөрөнгө оруулалтаа нөхөх боломжгүй гэдэг байдлаар ямар ч хугацаагаар төслийг ЭР нь хяналтад байлгах боломж олгож байна. Гэрээний заалтуудаас харахад ЭР-ийн энэхүү үйл ажиллагаанд Засгийн газар болон ЭТТ зүгээс ямар ч хяналт тавих боломжгүй байна.

1.2.2. Хөрөнгө оруулалтын гэрээний төмөр замын суурь бүтэц байгуулах гэсэн 2.6 дугаар зүйлд зааснаар Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих-өмчлөх-ашиглах–шилжүүлэх болон төмөр замын тээврийн үйл ажиллагааг эрхлэх онцгой эрхийг ЭР нь 30 жил 100 хувь өмчилнө.

Төмөр замын өмчлөлийн 51 хувийг 30 жилийн дараа төрд үнэгүй шилжүүлж, 49 хувийг төрд худалдаж болно гэсэн нь Төмөр замын тээврийн тухай хуулийн 6.2 дахь заалттай нийцэхгүй байна.

 Иймд Хөрөнгө оруулалтын гэрээний төмөр замын суурь бүтэц байгуулах гэсэн 2.6 дугаар зүйлд зааснаар Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих-өмчлөх-ашиглах–шилжүүлэх болон төмөр замын тээврийн үйл ажиллагааг эрхлэх онцгой эрхийг ЭРР нь 30 жил 100 хувь өмчлөх заалт нь Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичгийг баталсан 2010 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 32 дугаар тогтоолын 2-ын 2 /эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой шинээр барих төмөр замын суурь бүтцийг Төмөр замын тээврийн тухай хуулийн 6.2-д заасны дагуу төрийн өмчид байлгах/ гэж заасныг зөрчиж байна.

 

1.3 Төмөр замын суурь бүтэц “барих-ашиглах-өмчлөх-шилжүүлэх” концессийн гэрээний тухай

 Энэхүү “Төмөр замын суурь бүтэц “барих-ашиглах-өмчлөх-шилжүүлэх” концессийн гэрээ”-г /цаашид Концессын гэрээ гэнэ/ /1/ Монгол Улсын Засгийн газар болон Люксембургийн “Монголиан Коал Корпораци”-ийн 100 хувийн хөрөнгө оруулалттай охин компани /2/ “Энержи Ресурс Корпораци” /цаашид ЭРК гэнэ/ болон “Энержи Ресурс Корпораци”-ийн 100 хувийн охин компани болох “Энержи Ресурс” ХХК-ийн охин компани /3/ “Энержи Ресурс Рэйл” ХХК /цаашид ЭРР гэнэ/ болон Хятад улсын төрийн өмчит /4/ “Чайна Шенхуа Энержи компани лимитед” /цаашид Шенхуа гэнэ/ гэсэн 4 субьектийн хооронд байгуулахаар төсөл бэлтгэсэн байна.

Мөн Хөрөнгө оруулалтын гэрээний 10.4-т зааснаар Концесс эзэмшигч  /Концесс эзэмшигч нь ЭРР/ нь Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг өмчлөх бөгөөд тус гэрээний хавсралт 4-т газартай холбоотой эрхийг тусгайлан зохицуулсан байна. Энд зааснаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын концессын газрыг 60 жилийн хугацаатай, сунгах нөхцөлтэйгөөр олгож байна.

Гэтэл энэ чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл болон концессын эрхийг Монгол Улсын төрийн өмчит “МТЗ” ХК эзэмшиж байна.

Төмөр замын тээврийн тухай хуулийн 6.2 дахь заалт болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Зөвлөмжийн дагуу Засгийн газар 2012 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр 121 дүгээр тогтоол гаргаж, 1 болон 2 дахь үе шатанд баригдах /Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ороод/ төмөр замын суурь бүтцийг улс орны эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой суурь бүтэц гэж тогтоож, төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг 100 хувийн төрийн өмчит МТЗ ХК-д олгожээ.

Мөн Засгийн гзарын 2013 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод заасан 1,2 дугаар үе  шатанд барих /Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ороод/ төмөр замын суурь бүтцийг “барих-ашиглах-шилжүүлэх” концессыг “Монголын төмөр зам” ХК-д олгосон байна.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсад шинээр баригдах төмөр замын суурь бүтэц барих зөвшөөрөл болон концессыг уралдаант шалгаруулалтаар олгох нь үндэсний аюулгүй байдалд харшилна гэж Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл үзэж зөвлөмж гаргасан бөгөөд түүнийг үндэслэн Засгийн газар шинээр төмөр зам барих тусгай зөвшөөрөл болон төмөр замын суурь бүтцийн концессыг төрийн өмчит “МТЗ” ХК-д олгосон байна.

 Иймд Засгийн газар Ухаахудаг-Гашуунсухайт төмөр замын суурь бүтцийг барих эрх болон концессын эрхийг төрийн өмчит “МТЗ” ХК-аас шилжүүлэн авч бусад хуулийн этгээдэд шилжүүлсэн шийдвэр гаргах хуулийн үндэслэлгүй байна.
Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг Тавантолгойн уралдаант шалгаруулалтын нэг хэсэг болгон гадаадын хөрөнгө оруулалттай, хувийн компанид шилжүүлэх нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2011 оны 35/32 дугаар болон 2015 оны 04/03 дугаар зөвлөмжүүд, УИХ-ын 2010 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 32 дугаар тогтоолын 2.2 дахь заальт, Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 121, 2013 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолыг тус тус зөрчиж байна.

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.