АМГТГ: Өнөөдөртөө багтаж бүх ШТС үнээ 300 төгрөгөөр бууруулна


Ашигт малтмал газрын тосны газраас өнөөдөр /2020.04.15/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тус газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр “2020 он гарсаар дэлхийн түүхий тосны олон улсын бирж дээрх үнэ 72 ам. доллароос доош унасан. Нэг, хоёр, гурав, дөрөвдүгээр сард үнэ буурсан тул 2020 оны дөрөвдүгээр сарын 13-наас шатахууны жижиглэнгийн лирт тутмын үнэ бууралттай болж ирсэн байна. ОХУ-аас Монгол Улс бүтээгдэхүүний 95 хувийг авдаг бол БНСУ, БНХАУ-аас үлдсэн хувийг оруулж ирдэг.

2020 оны нэгдүгээр сард АИ 92 бензин литр тутамдаа 1830 төгрөгийн үнэтэй байсан. Үүний дагуу гуравдугаар сарын хилийн үнэ Роснефьтээс орж ирэхдээ АИ 92 бензин литр тутамдаа 58 ам. доллароор бууж орж ирсэн. Үүний дагуу нэг литрийг нь 50 төгрөгөөр хямдруулахын зэрэгцээ долларын ханшийн зөрүүг тооцож оруулсан.

2020 оны гуравдугаар сарын 25-ны өдөр дөрөвдүгээр сарын хил үнэ тонн тутамдаа 120-209 ам. доллароор буурсан. Үүний дагуу энэ сарын 13-ны өдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын бүтээгдэхүүн жижиглэнгийн худалдаанд орж түгээлт эхэлж байна. Энэ дагуу улсын хэмжээнд бүх шатахуун түгээх станцуудын үнийг буулгаж ажиллалаа. Дэлхийд коронавирустай холбоотойгоор үнэ нэлээд буурсан.

Гуравдугаар сарын эхээр ОХУ болон ОПЕК-ийн уулзалт маргаан дагуулсан. Энэ нь олборлолтын хэмжээ бууруулах тал дээр санал нэгдэж чадаагүй. Үүний улмаас түүхий тосны үнэ 26 ам. доллароос доошоо бууж орж ирсэн. Өнгөрөгч долоо хоногийн Пүрэв гаригт баррель тосны олборлолтын хэмжээг 9.5 сая тонноор бууруулахаар тохиролцсон. Гэсэн хэдий ч  эцсийн байдлаар  үнэ тохиролцож чадаагүй. Учир нь газрын тос олборлогч орнуудын томоохон тоглогч Мексикээс олборлолтын хэмжээг бууруулахыг зөвшөөрөхгүй байна. Дээрх үндэслэлүүдээс үүдээд тосны үнэ 32 ам.доллар очсон байна. Тэгэхээр цаашдаа газрын тосны бүтээгдэхүүний үнэ өсөх таамаг байна. Бид нэг сарын хугацаанд буурсан үнийг тодорхой түвшинд барин ажиллаж байна” гэлээ.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Шатахууны үнэ 300 төгрөгөөр буурсан  гэж байгаа ч хотын захын ШТС-д буураагүй байна. Тэгэхээр нэгдсэн нэг журмаар үнэ буулгаагүй юм уу?

-Түрүүн хэлсэнчлэн энэ Даваа гаригаас үнэ нь буурсан нефтийн бүтээгдэхүүн орж ирж байгаа. Хэмжээнээс шалтгаалан цувж орж ирнэ. Сарын нөөцийн хэмжээ тэр чигээрээ орж ирэхгүй нь ойлгомжтой. Хоёрдугаарт үнийн бууралт механик үйлдлээр явагдаж байгаа. Монгол Улсын хэмжээнд 1300 орчим ШТС, Улаанбаатар хотын хэмжээнд 250 гаруй ШТС бий. Тухайн шатахуун түгээх станцад байгаа нөөцийн мэдээ балансыг тулгаж байж эцсийн буулгалт хийгддэг. Энэ нь 2-3 хоногийн хугацаа шаарддаг. Сая авсан мэдээллээр Улаанбаатар хотын бүх ШТС-ын нефтийн үнэ буусан. Орон нутагт өнөөдөртөө жигдэрнэ.

-Хямд үнэ хэдий удаан үргэлжлэх вэ?

-Тосны үнэ халдварт өвчнөөс шалтгаалж нэлээн буурсан. Борлуулалтын хэмжээ он гарснаас хойш 30-40 хувиар буурсан. Тавдугаар сард энэ үнэ хадгалагдана гэж бид таамаг судалгаа хийж байна. Гэхдээ дөрөвдүгээр сарын 25-27-ны хооронд Роснефьт-ээс манайд хилийн үнэ өгнө. Цаашдаа энэ үнийг тогтвортой барихаар ажиллана.

-Дэлхийн зах зээлд үнэ буухтай зэрэгцээд манайд литр тутамд нь буулгах боломж бий юу?

-Гуравдугаар сарын эхний долоо хоногт тосны үнэ 20 гаруй ам.долларын хэмжээнд очсон. Тэгэхэд манайд 50 төгрөгөөр буурсан. Одоо бол 300 төгрөгөөр буурч байгаа Монгол Улсад тухайн бирж дээрх үнийн өсөлт нь сарын дараа бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлдөг. Учир нь Роснефьт Сингапур дах бирж дээрх сарын дундаж үнээ тооцоолоод дараа сарынхаа 25-27ны хооронд өгдөг. Тэгэхээр бүтээгдэхүүн орж ирээд хил нэвтрэх, хэрэглэгчид хүрэх хүртэлх Энэ үед бид буулгалтаа хийж байгаа нь сарын дараа нөлөөлөл нь орж ирдэг. Гол ялгаа нь үүнд байдаг.

-Олон улсын бирж дээр үнэ өслөө гэдэг сургаар нь манайд өсдөг байсан шүү дээ? Бууралт нь удаашралтай байгаад иргэд шүүмжлэлттэй хандаад байдаг.

-2017 оноос үнэ тодорхой хэмжээгээр буурч байгаа. Үнийн өсөлт бууралт 2-3 хоногийн дотор явагддаг. Цаашдаа бид тухайн цаг үед нь авч хэрэгжүүлнэ. 13-наас эхлээд 15-нд үнийн бууралт зуун хувь явагдаад дуусна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.