ЭМЯ: 121 хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ


Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Монгол Улсын хувьд эмнэлэгт хандах иргэдийн тоо нэмэгджээ. Нэг өвчтэй хүнийг үзүүлэхэд олон хүн дагаж ирэх хандлага байгаа нь халдварын дэгдэлт тархах эрсдэлтэй гэдгийг анхаарууллаа.  ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэлийн мэдээлснээр Улсын гуравдугаар эмнэлэгт хийсэн тандалт судалгаагаар нэг өвчтөнийг найман хүн дагаж ирж байгааг тогтоожээ. ДЭМБ-ын анхааруулснаар олон хүний бөөгнөрөл халдварын эрсдэлийг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэдгийг анхаарууллаа. Мөн коронавирусийн халдвар залуусын дунд нэмэгдэх хандлагатай байгаа аж.

Монгол Улсын хувьд батлагдсан 16 тохиолдлоос дөрөв нь эдгэрч, ХӨСҮТ-д 12 нь эмчлүүлж байна. Эмнэлгийн ажиглалтад 1462 иргэн байна. Өчигдрийн байдлаар сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.

121 ХҮНИЙ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ СӨРӨГ ГАРЧЭЭ
 
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
-Өчигдөр улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Нийт 121 хүнд хийсэн шинжилгээгээр коронавирус илрээгүй. Үүн дотор Замын-Үүдэд тусгаарлагдсан сэжигтэй тохиолдлоос илрээгүй. Мөн Сэлэнгэ аймагт Сөүл-УБ-аас ирсэн 83 хүний шинжилгээнээс болон тандалтын зорилгоор авсан 30 хүнд хийсэн шинжилгээгээр коронавирусийн халдвар илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 206 хүн эмчийн хяналтад байна. 
 
ЭХ ОРОНДОО АМЬДАРЧ БУЙ МОНГОЛ ИРГЭДЭЭС КОРОНАВИРУС ИЛРЭЭГҮЙ
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхий дахинд коронавирусийн өвчлөл болон нас баралт гурав дахин илүү байна гэсэн судалгаа гарсан. Судлаачид өвчлөл бүртгэгдсэн улс орнуудад шинж тэмдэггүй өвчлөл 30-40 хувийг эзэлж байгааг анхааруулж байна. Тиймээс өөрийгөө бусдаас тусгаарлах нь хамгийн найдвартай арга юм. Гараа тогтмол угааж, хоёр метрийн зайнаас бие биетэйгээ харьцах, олон нийтийн газраар үйлчлүүлэхгүй байхыг зөвлөж байна. Нийгмийн сүлжээнд тархсан худал ташаа мэдээлэлтэй холбогдуулан өнөөдрийг хүртэл эх орондоо амьдарч буй монгол иргэдээс халдвар илрээгүй гэдгийг мэдэгдье. Гадаадаас ирж буй иргэдээ эмнэлгийн ажиглалтад 21 хоног тусгаарлаж, ажиглалтаас гарсан тохиолдолд 14 хоног гэрийн дэглэм сахихыг зөвлөж байгаа" гэлээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.