Засгийн газар, Ч.Улаан сайдаас малчдад барьсан “сюрприз”


Эрх баригчид, Засгийн газар энэ жил ноолуурын үнийг 100 мянгаас буулгахгүй гэж малчдад амласан. Гэвч бодит байдал дээр ноолуурын ханш өсөх нь бүү хэл бүр унаад байна. Өнөөдрийн байдлаар ченжүүд ноолуурыг 45-50 төгрөгөөр худалдан авч байна. Харин малчид ямаагаа самначхаад  Засгийн газар, тэр дундаа ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан сайдын амлалтыг хүлээж сууна.

Тэгвэл малчдад хүлээлт үүсгэсэн Засгийн газар, Ч.Улаан сайдын “сюрприз” задарлаа. Түүний малчдад барьсан бэлгийг сонирхвол, ноолуураа 100 мянга давуулаад борлуулчихна гэж бодож суугаа малчдыг мань сайд сайн гэгч савж орхижээ. Учир нь ХХААХҮЯ-наас тогтоосон ноолуурын ханшийн мэдээлэл ХХААХҮ-ийн сайд Ч.Улааны “Ноолуур 100 мянган төгрөгөөр авах нь үнэн. Би худлаа хэлээгүй” гэдгээс таг зөрлөө.

Тодруулбал, ноолуурын ханшийн мэдээлэлд Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан нарын нэр дэвших тойрог болох Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудын ноолуур 105 мянган төгрөгөөр тогтоогдож, бусад аймгуудынх 70-90 мянгын хооронд тогтоогджээ.

Энэ бүхнээс харахад Засгийн газар, Ч.Улаан сайдын амласан аймаг бүрт 1 кг ноолуур 100 мянган төгрөгт хүрэхгүй гэдэг нь ойлгомжтой боллоо. Тухайлбал, Баян-Өлгий, Ховд, Увс аймгуудын ноолуурыг 75 мянган төгрөгөөр, Өмнөговийн ноолуурыг 80 мянган төгрөгөөр, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр аймгуудын ноолуурыг 85 мянган төгрөгөөр, Хөвсгөл, Архангай аймгуудын ноолуурыг 90 мянган төгрөгөөр, Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн ноолуурыг 105 мянган төгрөгөөр тус тус худалдан авахаар яамнаас бодлогын гэрээгээ ААН-үүдтэй хийхээр болжээ.

Мөн  үүнтэй зэрэгцээд дотоодын үйлдвэрлэгчид ноолуурыг 100 мянган төгрөгөөр авахгүй гэсэн байр суурьд нэгджээ. Шалтгаан нь зээл авч ноолуур өндөр үнээр авлаа гэхэд эцэст нь үйлдвэрлэгчид өрийн дарамтад орж хохирч үлдэх эрсдэл бий ажээ. Тэгээд ч зогсохгүй энэ жилийн хувьд дэлхий дахинд цар тахал гарснаас үүдэн гадаад зах зээлд ноолууран бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ байхгүй болж, үнэ нь уначихсан үе тохиож байгаа болохоор үйлдвэрлэгчдэд ноолуурын хэрэгцээ тийм ч их хэрэггүй бололтой. Тэгэхээр Засгийн газар хийгээд Ч.Улаан сайдын амлалт хий хоосон, улс суурьгүй, тооцоо судалгаагүй, худал гэдэг нь улам батлагдлаа. Бүр цаашилбал дотоодынхоо хэдэн үйлдвэрлэгчдийг томоохон эрсдэлд оруулж мэдэх ч нигууртай байна.

Ямартай ч ямааны ноолуураа 100 мянга давуулаад борлуулчихна гээд бодчихсон малчдыг Ч.Улаан сайд нь далаар нь тавьчихлаа.

А.ТАМИР

АNEWS.MN

 

 

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.