‘Эрдэнэт’-ийн мөнгө уйлдаггүй буюу LX-570-аас хямд амь


Тэр Эрдэнэтээс иржээ. Тэгэхдээ “Эрдэнэт”-ийн тухай ярив. Цүнхээр нь дүүрэн баримт. Таамаг, хардлага ч байна. Эх сурвалж маань ухаантай, бас болзол тавьдаг нэгэн юм. Сенсаац дэгдээх нь зорилго биш гэв. “Цаг нь болохоор дэлгэнэ гэж улстөрчид шиг худлаа ярихгүй ч, хулгайг нуухгүй” гэлээ. Баталгаа болгож улстөрчид, том дарга нарын шахааг ярив. Шахаа гэдэгт зах зээлийн үнийг дээш нугалсан бараа материалаас гадна, ажлын байрны шалгуурыг доош татсан чадавхитай боловсон хүчний томилгоо бас орно.

Монголд “Эрдэнэт”-д зэс, Тавантолгойд нүүрсний гэрээ хийх шиг ашигтай “бизнес” үгүй. Ийм гэрээтэй харьцуулахад, мөн “Эрдэнэт”-дээ “жижиг”-т орох, хууль зөрчөөгүй мэт харагдах захиргааны авлигын жишээ тус үйлдвэрт цөөнгүй. Энэ удаа “Лексус-570”, “Ланд 200” машины шилжүүлгийн зарим баримтыг дэлгэе.

Захиргааны авлигын схем энгийн. Эхлээд дарга нар албан бичиг шидэлцэнэ. Тэгээд “Эрдэнэт” жип худалдаж авна. Дараа нь “балансаас балансад” гэж төрийн өндөр, дунд тушаалын дарга нарын албанд шилжүүлнэ. Дарга албаны машинаа хувийн юмшиг хэрэглэнэ. Удалгүй ахин “балансаас балансад” гэж хувийн компанид хямд үнээр шилжүүлнэ. Схем ердөө л ийм. Баригдвал авлига, эс баригдвал албан тушаалын хаялга болдог ийм схем “Эрдэнэт”-ээс гадна төрийн өмчийн компаниудад дэлгэрээд уджээ. Ийм схем байж магадгүй гэж хардаж болох, хамгийн гол нь  “Эрдэнэт”-ийн жипүүд сорчлогдон шилжиж байгааг өгүүлье.

Баримт. Энэ оны нэгдүгээр сарын 20-нд Лексус-570, Ланд-200 маркийн зургаан жипийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт “Эрдэнэт”-ээс шилжүүлжээ. 2014, 2015 онын тус бүр нэг, үлдсэн дөрвийг 2018 онд үйлдвэрлэсэн шинэ шахуу машинууд. “Алчуур” болгож шидсэн эдгээр жипнээс 2014 оны 12-79 УБР дугаартай Ланд-200-г “хэт хуучирч, өөрсдөө хэрэглэ” хэмээн үйлдвэрт буцаасан нь сорчилж буйн жишээ юм. 2014 оны тэргийг бараг л “Хуучин машин өгч доромжиллоо” гэж цамнасан бололтой юм.

Баримт. Ч.Ганзориг захирлын үед “Эрдэнэт” үйлдвэр тусгай тээвэр хийдэг, тусгай тоноглол, иж бүрэн тоног төхөөрөмжтэй ГАЗ түгээгүүрийн машиныг дөрвөн тэрбум төгрөгөөр худалдаж авсан гэх. Дөрвөн тэрбумын уг машиныг сарын өмнө, өнгөрсөн гуравдугаар сарын 3-нд цогцоор нь, бүх тоног төхөөрөмжтэй нь хамт хямдаар хувьчилжээ.  

Баримт. “Баруун бүсийн эрчим хүчний систем” төрийн өмчит компанид “Эрдэнэт”-д бүртгэлтэй 04-05 УНТ дугаартай, 2018 оны Лексус-570-ыг шилжүүлэв. Балансаас балансад шилжүүлэхдээ үнийг 94.3 сая төгрөгөөр тогтоов. Элэгдлийг тооцоод хямд үнэлсэн гэнэ. Гэхдээ машины үнийг “хөрөнгө оруулалтын өгөөжөөр” төлж шийдсэн. Монголын топ 100 компанийг манлайлагч, шилдэг татвар төлөгч “Эрдэнэт” үйлдвэр тогны мөнгөө төлж дийлэхгүй өрөндөө 2018 оны Лексус-570 машиныг хямдаар бартердсан ч юмшиг.  Зах зээлд, ялангуяа Монголд бол үйлдвэрлээд  хоёрхон жил болж байгаа  Лексус-570 яагаад ч ийм үнэтэй байхгүй. Гэвч “Эрдэнэт”-ийн мөнгө уйлдаггүй, гэхдээ бартераар ч болов төлбөр хийсэн нь их юм.

Баримт. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд Зэсийн баяжмал боловсруулах төслийн нэгж гэж бий. Тэнд машин мэдээж хэрэгтэй. “Эрдэнэт”-ийн захирал Х.Бадамсүрэнд албан бичиг шидэв. Хамгийн сонирхолтой нь, асуудлыг шийдсэн үндэслэл нь их гоё. Хотод байх үйлдвэрийн төлөөлөгчийн газарт явдаг LX-570-ыг “Ашигалалтын хугацаа нь дууссан тул…” гэж шийджээ. LX-570 бол 2008 оны сүүлээр гарсан загвар. Импортын татвартаа “10 ба түүнээс дээш жилийн насжилттай” гэх ангиллаар машин оруулж ирдэг Монгол Улс өнөөдөр LX-570-ыг “ашиглалтын хугацаа нь дууссан” гээд актлах, бусдад шилжүүлэх хэмжээнд очтолоо баяжсан бил үү? Дарга нар дээгүүрээ 2010 оноос хойш үйлдвэрлэснийг хуучин гээд “Ашиглалтын хугацаа”-г дуусгаж байхад, энгийн иргэд доогуураа 2010 оноос өмнө үйлдвэрлэсэн хуучныг шинэд тооцон хувьдаа ашиглахаар худалдан авч байна. Амьдралын бодит үнэн ийм буюу.

Үүнээс гадна үйлдвэрийн ерөнхий захирал нь зөвлөхдөө 2015 оны “Ниссан патрол”-ыг хувьчилсан, өдөр тутмын үйлчилгээнд явдаг гурван ч машиныг Хөвсгөл аймагт гэнэт шилжүүлэхэд тэндээс 99-99 ХӨА хөлөглөсөн дарга ирээд шууд аваад явсан нь “Эрдэнэт”-ийн машиныг дандаа “балансаас баланс”-д шилжүүлээд байдаггүйг илтгэнэ.  

Зарим хүнд машин жижиг хэрэг байх. Хамгийн гол нь, төрийн өмчийн компаниудад жип машин нь захиргааны авлигын гол хэлбэр, хэрэгсэл болсонд буй. Төрийн, “Эрдэнэт”-ийн өмч, мөнгийг хэрэгтэй газарт нь өгдөггүйд л асуулын гол учиг, санаа байгаа юм. Эх суралжийн маань болзол, зарим баримтыг дэлгэсэн зорилго энэ. 

Өнөөдрийн бодит байдалд буулгаж харъя. Коронавирусийн өмнө дэлхий сөхрөв. Эдийн засгаар хүчтэй нь, эрүүл мэндийн тогтолцоо сайтай нь ч сөгдлөө. Вакцин гараагүй энэ үед эцсийн мөчид амь аврах ганц анагаах ухаан нь уушги орлуулагч аппарат. Хүчирхэг АНУ, Солонгос, Хятад, Италид уушги орлуулагч нь хүрэлцэхгүй иргэд олноор амь насаа алдлаа. Харин Монголд ийм аппарат ширхэг ч байхгүй. Бидэнд өнөөдөртөө коронагийн эсрэг маск, саван хоёроос өөр “вакцин” үнэндээ алга. Харин мөнгө бол байх шиг байна. Жишээ нь, “Эрдэнэт” үйлдвэрээс Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт зургаан жип шилжүүлж байх нэгдүгээр сарын сүүл бол улсаараа коронагийн эсрэг хориглон хамгаалж эхэлсэн, бараг маск ч олдохгүй байсан үе. Энгийн иргэд гар ариутгагчаа дундаа хэрэглэж байхад, дарга нар дээгүүрээ жип солилцож сууж байж. Коронагийн аюул Монголд ороод ирсэн, муу юм холуур өнгөрөг гэж хүн бүр хичээж, сүсэглэж сууна. Амины гарзгүй ард нь гарахын тулд улсаараа мөргөж залбирахаас илүүтэй улсдаа хэдэн уушги оруулагч аппараттай болохсон. ECMO нэртэй уушги орлуулагч уг аппарат зөвхөн коронаг эмчилдэггүй. Уушгины хатгаа, амьсгалын замын өвчин нь хүндэрсэн хүнийг уг аппаратад оруулж амийг нь авардаг, дараагийн эмчилгээнд нь оруулдаг амь аврагч бөгөөд анагаахад нэвтрээд олон жил болжээ.

Манайд жилдээ 70-80 мянган иргэн уушгины хатгалгаа, амьсгалын замын өвчнөөр өвчилдөг. Энэ тоо утаат-өвлийн улиралд бүр их. Зөвхөн өнгөрсөн онд 431 хүн уушгины хатгаа, амьсгалын замын өвчнөөр нас барсан байна. Энэ нь жил бүрийн дундаж үзүүлэлт гэв. Хэрвээ ядаж ганц уушги орлуулагчтай бол жил бүр амиа алдаж буй 400-гаад хүнийхээ хэдийг аврах байсныг мэдэхгүй. Ийм хэдэн аппарат авах мөнгө жишээ нь, ганц “Эрдэнэт”- ээс зэсийн гэрээний хаялга, эсвэл жип машин болж гарсныг бас мэдэхгүй. Уушги орлуулагчаа болъё, болзошгүй аюул ирвэл хувийн эмнэлгүүдээс дайчлахаар бэлтгэж буй амьсгалын аппарат хэдийг аваад өгөөч, “Эрдэнэт”-ийн захирлууд аа!      

Ард түмэн, аж ахуйн нэгжүүд хандив өргөсний хүчинд Монгол Улс анх удаа уушги оруулагчийг 10 хүнд эмчилгээ хийх дагалдах хэрэгслийн хамт авах болжээ. Зөвхөн аппаратын үнэ дунджаар 300-350 сая төгрөг гэв. Үүнээс хямд орлуулагч ч байдаг гэх. Нарийндаа бол 350 сая төгрөг бол Монгол дахь ханшаар шинэ Лексус-570-ын үнэ. Ижил шахуу үнэтэй уушги оруулагч нэг ширхэг ч байхгүй байхад, Монголын төрд, төрийн өмчийн компаниудын хэдэн захирал шинэ Лексус-570 хөлөглөж яваа вэ, тоолохсон. Ахуйгаа албан тушаалаасаа илүүд үздэг дарга байх. Энэ нь хувь хүний бодол. Харин амь аврах анагаахын өмнө ахуйн хэрэглээг эрэмбэлсэн төр байж болохгүй. Энэ бол төрийн бодлого. Төр, хувь хүн хоёрын ялгаа нь энэ.

ЭХ СУРВАЛЖ: ITOIM.MN

Г.ОТГОНБАЯР

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.