ALL IN буюу ТӨСВИЙГ ТОДОТГОХГҮЙ


Монгол Улсын төсвийн алдагдлыг 2020 онд 2.3 их наяд байхаар баталсан нь ихээхэн шүүмжлэл дагуулсан хэвээр байна. Өмнөх долоо хоногийн байдлаар төсвийн орлого 275 тэрбум төгрөгөөр тасалдаад байгаа талаар Засгийн газраас мэдээлсэн. Бас нэг тааруу мэдээ бол 1.1 их наяд төгрөгийн орлогыг тонн тутмыг нь 5991 ам.доллараар зарж олохоор тооцоолсон зэсийн ханш огцом унаж 5000 ам.доллараас доош орчихлоо. Шинжээчид уналт үргэлжилнэ гэсэн таамаглалыг дэвшүүлсээр байна. Энэ бол зөвхөн үнийн өөрчлөлт, үүн дээр экспортын тоо хэмжээний бууралт болохыг хэн ч тааж хэлж чадахааргүй нөхцөл байдал үргэлжилж байна.

Хэсэг хугацаанд тасарсан нүүрсний тээвэрлэлт эхэлсэн, гэхдээ нэг хэсэгтээ өмнөх шигээ олон машинаар их хэмжээгээр экспортолж чадах эсэх нь бас л эргэлзээтэй. Асар өндөр хяналтын дор, ариутгал хорио цээрийн үеийн нэмэгдэл зардалтайгаар эхэлсэн нүүрсний экспорт эхний хагас жилдээ хэдэн хувиар тасрах талаар ямар нэгэн таамаг гараагүй байна. Энэ тасралтыг жилийн хоёрдугаар хагаст нөхөх ямар ч боломжгүй, нөгөө талаас угаасаа энэ жил маш их хэмжээний нүүрсний экспорт хийх өөдрөг төсөөлөлтэй төсөв баталсныг бүгд мэдэж байгаа.

Гайхамшигтай нь бид өнгөрсөн долоо хоногт “ТӨСВИЙГ ТОДОТГОХГҮЙ” гэсэн ээлжит гүргэр хариуг ахин сонслоо, бараг арав дахь удаагаа байх. Төсөвт тодотгол хийхгүй мөртлөө 5.1 их наяд төгрөгийн нэмэлт арга хэмжээ авч хэрэгжүүлнэ гэдгийг сонслоо. Бас энэ жилдээ ямар ч бэрхшээлийг даван туулах санхүүгийн нөөцтэй гэдгээ иргэд сонслоо. Бүр 2021 оноос эхлэн төлөх гадаад өрүүдийг төлж чадах хэмжээний их мөнгө иргэдээсээ нуусан юм биш биз гэж бид бодоход хүрлээ.

Төсөв тодотгохоор хэн хэний нэр хүнд яаж, хэдэн хувиар уначих гээд байгааг ойлгохоо болилоо. Яасан ядчихсан амбиц тэнд нуугдаад байгааг ойлгохоо болилоо. Төсвийн орлогын дийлэнхийг бүрдүүлдэг нүүрс, зэсийн орлого багадаа 30 орчим хувиар тасрах нь тодорхой байна. Дээр нь нэмээд НДШ, ХАОАТ, жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн татварыг тодорхой хугацаанд тэглэнэ гэж зарласан. Тэглэсэн тэглээгүй энэ жил бараг бүх аж ахуйн нэгж ашиггүй ажиллах нь тодорхой болчихлоо. Хаанаас ийм их мөнгө ургаж гарч ирээд төсвийг нөхөх бол. Ганцхан сонгуулийг угтаж ингэж чичирснээр бид маш их зүйлсээрээ ALL IN хийх буюу маш ихийг алдах эрсдэл үүсэх юм биш биз.

Рэгзэнгийн ШИНЭГЭРЭЛ  2020/03/30

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.