Б.Чулуунтамир: Маск зарна гэсэн залилангийн хэрэг нэмэгдэж байна


Олон нийтийн цахим сүлжээг ашиглан иргэдийн дунд маск, гар ариутгагч зэргийг хуурамч аккаунт үүсгэн маск, гар ариутгагч их хэмжээгээр бөөндөнө гэх зар байршуулж иргэдийг залилсан 25 тохиолдол цагдаагийн ерөнхий газарт бүртгэгджээ.

Энэ талаар ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн цагдаагийн дэд хурандаа Б.Чулуунтамираас зарим зүйлийг тодрууллаа.

-Олон нийтийн цахим сүлжээг ашиглан иргэдийн дунд маск, гар ариутгагч зэргийг бөөндөнө гэж иргэдийг залилах тохиолдол нэлээд гарчээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Гадаад орнуудад ч мөн цахим хуудас, интернет худалдааны платформууд, олон нийтийн сүлжээ, электрон шуудангийн хаяг ашиглаж амны хаалт үйлдвэрлэдэг нэр хүндтэй компаниудын нэр ашиглан улс дамнан залилах гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Мөн короновирус /КОВИД-19/-тэй тэмцэж байгаа төрийн байгууллага, алба хаагчид, хүнд өвчтэй хүнд хандив цуглуулах нэрийдлээр хуурамч хаяг нээн компанит ажил өрнүүлэн иргэдийг залилах явдал гарч байна.

Тухайлбал, БНХАУ-ын Эрээн хотод амьдардаг Монгол улсын иргэн Д гэгч нь 2020 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр “маск их хэмжээгээр нийлүүлнэ” гэж иргэн Б-д санал болгож 8.400.000 төгрөг шилжүүлэн авч залилсан. Мөн “Онлайн шоп”-оор маск худалдана гэсэн зарын дагуу иргэн Г, М нар нь Холбооны Бүгд Найрамдах Герман улсын компани руу 2020 оны гуравдугаар сарын 02-ны өдөр 117.0 сая төгрөг урьдчилгаа шилжүүлэн залилуулсан байна. Иймд иргэд та бүхэн сэрэмжтэй байж, мэдээллийг сайтар нягтлан шалгаж, өөрийгөө болон бусдыг эрсдлээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй.

-Эдгээр залилан хийсэн этгээдүүд ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Цагдаагийн байгууллагад ирсэн дуудлага мэдээлэл бүрт хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа ба цагдаагийн байгууллагаас иргэдийн дунд “Бүү сандар, бүү хуурт, бүү өг” гэсэн уриалгыг гарган ажиллаж байгаа юм. Энэ төрлийн гэмт хэрэг нь эрүүгийн хуулиар зохицуулагдсан байдаг ба олон нийтийн цахим сүлжээг ашиглан иргэдийн эд хөрөнгө, өмчид халдаж хохирол учруулсан тохиолдолд Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-т зааснаар 450 мянган төгрөгийн мөнгөн торгууль болон 5-10 жилийн хугацаатай хорих ялаар шийтгэхээр заагдсан байдаг.

Иргэдэд цахим орчин дахь мэдээлэл хүлээн авахдаа тодорхой цензуртай хандах, баталгаатай эх сурвалжаас мэдээлэл авах, хуурамч байх магадлалтай аливаа зар, мэдээлэлд итгэж өөрийн болон өрөөлийн эдийн засагт эрсдэл учруулахгүй байх тал дээр анхааралтай байхыг дахин сануулж байна.

-Хорио цээрийн дэглэм зөрчиж, эрүүл мэндийн байгууллагынхан руу халдах гэсэн тохиолдол цөөнгүй гарч байна гэсэн. Ийм хүмүүст хэрхэн хариуцлага тооцож байна?

-Монгол Улсад шинэ төрлийн коронавирусын халдвар бүртгэгдэж, ХӨСҮТ-д болон бусад газруудад хүмүүсийг тусгаарлаж байна. Мөн УОК-оос холбогдох байгууллагуудыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт, эрүүл мэндийн салбарынхныг өдөр бүр 24 цагийн турш ээлжлэн үүрэг гүйцэтгүүлж байгаа шүү дээ. Иргэд УОК-оос гаргасан хорио цээрийн дэглэм, хязгаарлалтуудыг сайтар сахиж байгаа боловч зарим хүн санаатай болон санамсаргүйгээр зөрчиж, үүрэг гүйцэтгэж байгаа дээрх байгууллагуудын ажилтнуудын тавьсан шаардлагыг эсэргүүцэх тохиолдол гарч байна.

Мөн бараа бүтээгдэхүүний үнийг зохиомлоор өсгөх, өвчнөө нуух, эмчлүүлэхээс зайлсхийх, тусгаарлах байрнаас гарахаар бусдыг өдөөн турхирах үйлдлүүд ч гарч байна. Иймээс иргэд маань хуулиа мэдэх шаардлагатай байна. Манай Эрүүгийн хуульд онц байдал, гамшиг, аюулт үзэгдэл, нийтийн эмх замбараагүй байдлыг далимдуулан аливаа гэмт хэрэг үйлдсэн бол энгийн үеийнхээс хоёр дахин хүнд ял оноохоор хуульчилсан. УОК-ын гаргасан шийдвэрийг зөрчсөн хүмүүст цагдаагийн алба хаагч хуульд заасан албадлагын арга хэмжээ авч болохоос гадна Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд заасан арга хэмжээг тухай бүрт нь авч байгаа.

image

-Олон нийтийн сүлжээгээр худал мэдээлэл тараасан тохиолдолд хуулийн байгууллагаас хариуцлага хүлээлгэж байгаа гэсэн. Ер нь ямар хариуцлага хүлээлгэж байгаа вэ?

- Олон нийтийн сүлжээнд мэдээлэл тараасан тохиолдолд хариуцлага тооцож байгаа. Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчсөн үндэслэлээр хариуцлага тооцож байгаа. Гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул, гамшгийн эрсдэлийн талаар олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ, мэдээлэл түгээсэн, эсхүл эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн бол хувь хүнийг 150, хуулийн этгээдийг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох заалттай. Мөн бусдын аминд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирусыг бусдад зориуд халдаасан бол 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл мөн хугацаагаар хорих ял шийтгэхээр Эрүүгийн хуульд тусгасан.

Түүнчлэн бусдын эрүүл мэндэд аюул учруулах халдварт өвчтэй хүн, нян тээгч, тэдгээртэй хавьтагчийг тусгаарлах, эсхүл хөл хорио тогтоох журам зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг 500, хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хууль үйлчилж байна. Харин хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол Эрүүгийн хуулийн 13.14-т заасны дагуу 450-1300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах хариуцлага тооцож, нэг бус хүнд арга хэмжээ аваад байна.

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.