Амлалтыг аудит биш ард түмэн хазаарлана


  • Өнгөрсөн хугацаанд жилд ердөө гурван ам.доллараар дөнгөн данган өсгөсөн дундаж цалинг таван саяд хүргэх шидтэн байх уу
  • Эрх баригч, сөрөг хүчин, парламентад суудалтай намуудын аппарат биднийг судлаад санаанд нь багтамгүй цалин хөлс, үнэгүй байр өгнө гэчихэд “тас” гэж ойлгожээ
  • Нийгэм өөрчлөгдөж, хүн хөгждөгийг мэдрээгүй дээрх амлалтуудаараа зэвсэглээд сонгуульд оролцохоор шийдссэн улстөрчдийн амыг одоо үндэсний аудитын газар хазаарлана гэх хүлээлт байна

Популизмаар бялуурсан мөрийн хөтөлбөрийн амлалт энэ өдрүүдийн трэнд болж байна. Дөрөвдүгээр сарын нэгэн гэхэд сонгуульд өрсөлдөх намууд мөрийн хөтөлбөрөө аудитаар хянуулж, Сонгуулийн ерөнхий хороонд өгсөн байх учиртай. Тэгвэл энэ өдөр нь бие биенээ хуурч, дөнгөдөг “инээдмийн баяр”-тай давхцаж тохиох нь хувь заяаны шоглоом гэлтэй. Учир нь намууд энэ жилийн мөрийн хөтөлбөртөө урд урдынхаас илүүтэй тохуурхал агуулжээ. Нийгмийн даатгал төлдөг хүн орон сууц авахад цемент арматурын өртгийг тэглэхээс эхэлсэн амлалт өрх бүрийг үнэгүй байраар хангах хүртлээ өндрөө авч, гурван саяас эхлэн дуудсан цалингийн хэмжээ таван сая болж, 30 тэрбум ам.долларын улсын өрийг хамгийн баян 30 гэр бүлээр төлүүлэн, стратегийн ордуудыг иргэдэд өмчлүүлнэ гэх мэтээр хөврөв. Үүгээрээ сонгогчдын саналыг авч чадна гэж тооцоо судалгаа хийсэн гэнэ. Эрх баригч, сөрөг хүчин, парламентад суудалтай намуудын аппарат биднийг судлаад санаанд нь багтамгүй цалин хөлс, үнэгүй байр өгнө гэчихэд “тас” гэж ойлгожээ.

Зүүний чиглэлийн МАН, түүнээс салбарласан МАХН-ын поп амлалтууд дүүрч гэхэд баруун төвийн үзэлтэй Ардчилсан нам даанч яав даа. Өнөөдрийн цалингийн доод хэмжээ 420 мянган төгрөг. Гэтэл үүнийг ирэх дөрвөн жилд гурван сая төгрөгт хүргэнэ гэдгээ нэр цэвэр үлдсэн ганц гишүүнээрээ хэлүүлэхэд нь ой гутах багадав. 2008 онд уул уурхайн орлогоос “Эрдэнийн хувь” болгож иргэн бүрт нэг сая төгрөг өгнө гэх амлалтыг мөн л Ардчилсан нам түрүүлж донгодсон. Эхний дуу намжаагүй байхад МАХН (одоогийн МАН) “Эх орны хишиг” 1.5 сая төгрөг болгон ханш өсгөснөөр олонхын дэмжлэгийг авч чадсан юм. Тухайн үед дөнгөж сургуульд орж байсан хүүхэд өнөөдөр бүрэн дунд боловсрол эзэмшээд, бие хүн болж төлөвшөөд төгсөх болчихсон бүхэл бүтэн 12 жилийн дараа энэ аргаа дахин хэрэглэхээр санаархаж буй нь даанч инээдтэй. 

2016 онд дундаж цалин 861 мянган төгрөг буюу тухайн үеийн ханшаар 420 ам.доллартай тэнцдэг байв. Харин өнөөдрийн 1.2 сая төгрөгт хүрсэн хөдөлмөрийн хөлсийг шилжүүлвэл 432 ам.доллар болно. Хэдийгээр дөрвөн жилийн хугацаанд 339 мянган төгрөгөөр нэмэгдсэн ч валютаар тооцоход 12-хон ам.доллараар өссөн байна. Жилд гурван ам.доллараар нэмэгдсэн цалинтай иргэд ирэх дөрвөн жилд ямар ид шидээр сард таван сая төгрөг аваад хэвтэж байхаа төсөөлж ч чадахгүй байна. Өнгөрсөн сонгуулиудын амлалтад орон сууцны асуудлыг байнга хөндөж ирсэн. “Байранд орох дараагийн айл нь танайх” гэх бичигтэй нэр дэвшигчдийн зурагт хуудас одоо ч “чанараа алдаагүй” хадгалагдсаар байна. 2008 онд Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж ялалт байгуулсан Ц.Батбаяр иргэн бүрт олгох 1.5 сая төгрөгөө барьцаалж, урьдчилгаа болгоод байранд орох боломжийг амласан бол, 2012 онд нийслэлд өрсөлдөн, хотын мэр болсон Э.Бат-Үүл газраа байраар солих, эсвэл төвийн шугамд холбуулж хауст амьдрах сонголтыг бидэнд тулгасан. Гэвч өнөөдрийг хүртэл бахь байдгаараа... 2019 оны байдлаар Монгол Улс нийт 897 мянган өрхтэй, үүнээс 382 мянган айл нь байранд амьдардаг гэсэн судалгаа бий. Үлдсэн 500 гаруй мянган өрхийн эмзэг цэг нь орон сууцны асуудал гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ тэд МАХН-ыг сонгосноор үнэгүй байранд орох буюу МАН-ыг сонгоод нийгмийн даатгалаа үзүүлж, байрныхаа ихэнх өртгийг тэглүүлчихнэ гэдэгт итгэхгүй. Харин ажилтай орлоготой, эрүүл мэндийн үйлчилгээгээ чирэгдэлгүй авдаг, үр хүүхдэдээ чанартай боловсрол олгодог нийгмийг хүсэж байгаа. Иргэн бүр тэгш боломж эдэлж, шударга орчинд жижиг дунд бизнес эрхлээд ирээдүйгээ өөрийн гараар бүтээхэд тушаа болдоггүй тогтолцоог эрэлхийлж суугаа. Нийгэм өөрчлөгдөж, хүн хөгждөгийг мэдрээгүй дээрх амлалтуудаар зэвсэглээд сонгуульд оролцохоор шийдсэн улстөрчдийн амыг одоо Үндэсний аудитын газар хазаарлана гэх хүлээлт байна. Гэвч эрх баригчдын томилсон дарга, албан тушаалтнууд эзнийхээ өөдөөс эсэргүүцэл үзүүлж, мөрийн хөтөлбөрийг нь тамгалахаас татгалзаж чадахгүй. Харин сөрөг хүчин хийгээд жижиг намуудын мөрийн хөтөлбөрийн “бөөсийг түүж”, санхүүгийн тооцоо нь амьдралаас хальсан, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг “эвдсэн” зарим хэсэгт хатуурхсан болоод өнгөрөх биз. Харин ард түмэн, сонгогч та бид амаа авч дахидаг морь шиг хадуурсан эдгээр амлалтыг хазаарлаж чадна. Өнгөрсөн долоон сонгуульд танин мэдэж, суралцаж, хашир суусан олон нийтийг одоо утоп амлалтаар хуурч дөнгөхгүй. Технологийн хөгжлийг дагаад малчны хотоос ч мэдээллийг олон талаас авч чаддаг болсон, гэр хорооллын захын нэг дэлгүүрийн худалдагч ч төсөв, мөнгөний бодлогыг гадарладаг болчихсон үед арай л доромжилсон амлалт зарласнаа улстөрчид өөрсдөө ч мэдэж байгаа. Ямар ч хамаагүй үнээр, хэний ч өмнө гутамшгаа дэлгээд, амаа үмхийртэл худлаа ярьсаар төр барих эрхийг атгалцахын төлөө уралдахаар улайран зэхэж байна. Тэдэнд тохирсон хариуг нь өгөхөө сонгогчид мэднэ. Харин утопчидын оронд дугуйлчих эрүүл сэтгэхүйтэй, эвдрээгүй эх орончид хаана байна...

Засгийн газрын мэдээ сонин

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.