МОНГОЛЫН АВТО ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО


Мэдэгдэл

Монгол Улсын авто тээврийн хэрэгсэл болон сэлбэг хэрэгслийн импорт нь жил бүр 500 гаруй сая ам.долларыг гадаадад гаргадаг бөгөөд үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшны уналтын хоёр дахь том шалтгаан болсоор ирсэн. 1990 оноос хойш Монгол улс олон арван тэрбум ам.долларыг хуучин автомашин, бүрэн бус техник болон тэдгээрийг засахад зориулсан чанаргүй сэлбэг хэрэгслийн импортод зарцуулж ирсэн.

                Улаанбаатар хотын үе үеийн удирдлагууд нийтийн тээврийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, бага орлоготой иргэдэд бололцоотой хэлбэрээр зохион байгуулж чадаагүйн улмаас эрс тэс уур амьсгалтай, жилийн ихэнх улиралд нь хүйтэн сэрүүн байдаг манай улсын иргэдийн зайлшгүй хэрэгцээ, түүнийг дагасан импортыг дэмжсэн хуучин автомашины худалдаа хөгжсөн юм.

                Үүнтэй холбоотойгоор буруу талдаа жолооны хүрдтэй, бүрэн бус, эдэлгээний хугацаа дууссан эд ангитай автомашин хөдөлгөөнд оролцсоны улмаас олон хүүхэд, эмэгтэйчүүд болон насанд хүрэгсэд амь насаа алдаж, олон мянган хүн өмч хөрөнгөөрөө хохирч,  байгаль орчныг ноцтой хэмжээнд буюу агаар, хөрс, газрын ил болон гүн дэх усны нөөцийг бохирдуулж байгаа нь хүн ам цөөтэй манай улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрээд байна.

                Эдгээр төвөгтэй асуудлыг цогц шийдэх нэгэн том гарц, эдийн засгийн том хөдөлгүүр, шинэ салбар нь бага шатахуун иддэг дотоод шаталтат хөдөлгүүр болон цахилгаан хөдөлгүүр бүхий бүх төрлийн авто тээврийн хэрэгсэл, эд ангийг Монголдоо үйлдвэрлэх, угсрах явдал билээ.

                Үндэсний үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч залуучууд зориглон дээрх төслүүдийг Монголдоо хэрэгжүүлж эхлээд, эхний авто тээврийн хэрэгслээ эх орондоо танилцуулж, туршилтаа амжилттай гүйцэтгэж байгаа боловч гаалийн болон онцгой албан татвар, бусад холбогдох татвар нь гадаадаас машин оруулж ирж байгаа аж ахуйн нэгжүүдийн санал болгож буй үнэтэй өрсөлдөх боломжийг доройтуулж  байна. Түүнчлэн үндэсний үйлдвэрлэлээ дэмжих ёстой төрийн байгууллагууд нь авто тээврийн хэрэгсэл худалдан авах тендерийг зарлахдаа гадаадын автомашины техникийн үзүүлэлтүүдэд тохируулсан, үндэсний үйлдэрлэгчид давуу эрх олох боломжийг хаасан, зарим тохиолдолд гадаадын үйлдвэрлэгч автомашины брэндийг нэр зааж байгаа нь төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, үйлчилгээ авах хуулийг зөрчөөд зогсохгүй, импортын худалдаа эрхэлж буй зарим нэг компани үндэсний үйлдвэрлэлийг зориуд унагаах зорилгоор сошиал сүлжээгээр зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулж байгааг холбооны зүгээс цаашид хүлээн зөвшөөрөх аргагүй бөгөөд гишүүн байгууллагуудын эрх ашгийн төлөө хатуу тэмцэх болно.

Төрийн мэргэн түшээд та бүхэн  энэхүү ноцтой, хууль зөрчсөн, авилгын шинжтэй худалдан авалтыг зохион байгуулсан, зохион байгуулж байгаа төрийн байгууллага, төрийн албан хаагчдад хатуу хариуцлага тооцож, дэлхийг хамарсан аюултай өвчнөөс үүдэн үндэсний үйлдвэрлэгчдэд тулгарч буй эдийн засгийн бэрхшээлийг шийдвэрлэхэд дотоодын үйлдвэрлэлээ дэмжсэн худалдан авалт багагүй дэмжлэгтэйг анхаарах нь цаашид олон компанийн гадаад худалдаанаас илүүтэй үндэсний үйлдвэрлэл эрхлэх эдийн засгийн сонирхлыг өдөөх том алхам болох юм.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.