Д.Бадарч: Төрийн тусгай хамгаалалтыг Тагнуулаас салгахаар болчихож, хэний, ямар сонирхол вэ гэсэн эргэлзээ төрүүлсэн сонин байдал үүслээ


. Бид зөвхөн Монголын төр засгийн тэргүүн, монгол төрийн аюулгүй байдлыг хангаж байгаа зүйл биш. Гадны төр засгийн тэргүүнүүд ирэхэд айлчлах айлчлалаасаа шалтгаалаад улсын тагнуулын байгууллагатай салшгүй холбоотой

ӨДРИЙН СОНИН

Тагнуулын ерөнхий газраас Төрийн тусгай хамгаалалтын газрыг салгаж бие даасан агентлаг болгох хуулийн төслийг тус газрын даргаар удирдуулсан баг боловсруулж Ерөнхий сайдад танилцуулахаар болсон гэх мэдээлэл гараад байна. Энэ талаар Төрийн тусгай хамгаалалтын газрын анхны дарга, хурандаа Д.Бадарчтай ярилцлаа.

-Төрийн тусгай хамгаалалтын газар анх хэрхэн байгуулагдаж байсан талаар анхны даргын хувьд ярьж өгөхгүй юү?

-1990-ээд оноос өмнө НАХЯ-ны тусгай газар болох Улсыг аюулаас хамгаалах ерөнхий газрын удирдлага дор Гуравдугаар газар гэж байсан. Яг нарийндаа яривал Гуравдугаар газар гэдэг бол Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргын шууд удирдлага дор үйл ажиллагаа явуулдаг байсан. Нэг ёсондоо гол чиг үүргийг Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга мэдэж шийдвэрлэдэг. Ингээд 1990 онд Ардчилсан хувьсгал ялж яамдууд татан буугдаж, газар хэлтсүүд ч цомхотгогдох болсон.

Энэ хүртэл тусгай хамгаалалтынхан Улс төрийн товчооны нууц тогтоолуудаар тусгай үүргүүдийг гүйцэтгэдэг байсан. Ингээд газар хэлтсүүд цомхотгох үед бид үйл ажиллагаа явуулахад баримтлах эрх зүйн бичиг баримтгүй болсон. Гэтэл бидний үүрэг бол онцгой. Аюулгүй байдал, хүний амь настай холбоотой. Ямар нэгэн халдлага дайралт гарвал бид шууд зэвсэг техник хэрэглэж зогсоох ёстой. Гэтэл ямар нэгэн эрх зүйн акт байхгүйгээр үйл ажиллагаа явуулах болсон. Үүний үр дүнд асуудал гарвал тухайн хамгаалагч, байгууллага хуулийн өмнө хариуцлага хүлээх, түүнээс гарсан хор уршгийг хүлээх газар нь зөвхөн Хамгаалалтын алба болчихоод байсан.

-Та тэр үед хаана ямар алба хашиж байв?

-Тэр үед би АИХ-ын тэргүүлэгчдийн дарга П.Очирбат гуайн Хамгаалалтын тасгийн дарга байсан. Манай Төрийн хамгаалалтын албаны дарга удирдлага энэ асуудлаар тодорхой ярьж хөөрсөн зүйл тэр үед байгаагүй. Тэдэнд асуудал хэлэхэд яахаа мэдэхгүй учраа олохгүй нэлээд эргэлзээтэй нөхцөл байдалд байсан. Тиймээс 1990 онд Үндсэн хуулийг хэлэлцэх явцад АИХ-ын тэргүүлэгчдийн дарга П.Очирбат гуайд энэ талаар танилцуулж, хууль батлах шаардлагатайг хэлсэн.

П.Очирбат гуай ч хүлээн авч, “Хуулиа боловсруулаад оруулаад ир. Их хурал дээр дэмжиж өгье” гэсэн. Ингээд анх Төрийн тусгай хамгаалалтын тухай хуультай болох асуудал яригдсан нь 1990 оны есдүгээр сар юм. Ингээд би өөртэйгөө цуг ажиллаж байсан, дал, наяад оны үед Ю.Цэдэнбал даргын комиссар байсан, МУИС-ийн философийн анги төгссөн Ганбаатарт хэлж, хууль боловсруулахад хамтрах саналтайгаа хэлсэн. Тэр маань ч хүлээж авч бид хоёр хуулийн төслийг эхлүүлсэн.

Хуулийн төслийн талаар албаныхаа нөхдөд танилцуулж, хуучин ажиллаж байсан дарга, хуульч хүмүүсээс санал авах гээд нэлээд цаг авсан. Ингээд хуулийн төслийн эхний нооргоо гаргаад П.Очирбат гуайд танилцуулахад Ажлын хэсэг байгуул гэсэн. Тиймээс тухайн үед Хууль цэргийн аж ахуйн газрын даргаар ажиллаж байсан Дэмчигдоржийг ажлын хэсгийн ахлагчаар, Төрийн хамгаалалтын газрын дарга Цагаанхүүг гишүүнээр, Улсын аюулгүй байдлыг хамгаалах ерөнхий газрын орлогч дарга, генерал Адьяасүрэнг зөвлөхөөр оролцуулаад ажлын хэсэг байгууллаа. Хуулийнхаа төслийг нэлээд цэгцлээд авах явцад Дэмчигдорж гуай өөд болж, ажил удаашрах болсон доо.

-Хууль хэдэн онд батлагдсан байдаг вэ?

-Ингэж явсаар 1993 он хүрсэн байдаг. Энэ хүртэл хуулийн ерөнхий хар ноорог гарчихсан, нэлээд дөхчихсөн байсан. Түүнийг манай нөхөд аль болох хурдавчлах гээд Засгийн газрын хурлаар оруулж хүртэл үзсэн. Гэтэл тэр үед Тагнуулын ерөнхий газрын даргадаа танилцуулаагүй байснаас болж Ерөнхий сайд Бямбасүрэн гуайгаас нэлээд зэмлэл хүртсэн байдаг. Ингээд хууль маань бүр удааширч зогссон. Гурав, дөрвөн жил бидэнд ямар ч эрх зүйн акт байхгүй өөрсдийн дураар шахуу ажиллах хэмжээнд хүрсэн.

Яахав Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газрын даргын шийдвэрээр ажиллана гэж байгаа боловч тэр нь хүчин чадалтай хууль эрх зүйн үндэс болж чадахгүй л байсан. Ингэж явсаар 1993 оны арванхоёрдугаар сарын 20-доор Тагнуулын ерөнхий газрын даргаар Сандаг генерал томилогдсон. Сандаг генерал П.Очирбат Ерөнхийлөгчид Төрийн тусгай хамгаалалтын газрын даргаар намайг тавих саналыг хэлсэн байдаг. Би уг нь П.Очирбат гуайн хамгаалалтыг хариуцаж байсан учраас тийм санал ирнэ гэж бодоогүй.

Гэвч П.Очирбат гуай үүрэг өгснөөр Төрийн тусгай хамгаалалтын газрын анхны даргаар томилогдож байсан. Томилогдсон даруйдаа хамгийн түрүүнд нөгөө хуулиа барьж авч, Сандаг генералд танилцуулан Тагнуулын ерөнхий газрын дэргэд хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулсан юм. Дараа нь УИХ-д Сандаг генерал танилцуулж УИХ-аас ажлын хэсэг байгуулж хууль маань батлагдах замдаа орсон доо. 1995 оны долдугаар сард Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль батлагдсан.

-Ер нь энэ хуулийн үзэл баримтлал, тэр дундаа тагнуул, төрийн тусгай хамгаалалтын байгууллагын үйл ажиллагааг яаж тусгаж өгөв?

-Тэр үед бол манайд олон намын систем бий болж, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд олон намаас сонгогддог болсон үе. Тэгэхээр ганц Ерөнхий сайдын мэдэлд Тагнуулын ерөнхий газрын асуудлыг байлгаж болох уу, үгүй юү гэдэг асуудал яригдаж, дэл сул янз бүрийн яриа гарч л байсан. Тагнуулын байгууллагын дэргэд байгаа хамгаалалтын алба тагнаад байдаг юм уу, хамгаалаад байдаг юм уу гэсэн яриа ч явдаг. Гэвч энэ асуудлыг шийдэхийн тулд энэ гурван субьект гурвуулаа энэ байгууллагыг мэддэг байлгая. Тэгж үзвэл ямар вэ. Тэр нь яаж байх вэ гэхэд хэрэв Ерөнхийлөгчийн засаглалтай бол Ерөнхийлөгчийн дэргэд байж болно.

Парламентын засаглалтай учраас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэд байвал ямар вэ гэсэн санал гарсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл бол гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаа явуулах статус байхгүй. Тэгэхээр тэнд байж болохгүй. Ерөөсөө тагнуулын байгууллагаас энэ байгууллагыг салгах шаардлагагүй юм гэдэг шийдэлд хүрсэн. Тэгээд ч тухайн үеийн улс төрийн гадаад, дотоод нөхцөл байдал ч бас тийм таатай биш байлаа. Олон улсын терроризм нэлээд хүчээ авчихсан байсан цаг. Тиймээс УИХ дээр яригдаж байгаад ерөөсөө Тагнуулын төв газрын даргын дэргэдэх болгоё.

Тагнуулын төв газрын дарга эдний үйл ажиллагаанд шууд оролцохгүй. Зөвхөн чиг үүргийг нь чиглүүлж өгнө. Газрын даргыг томилоход Ерөнхий сайдтай зөвшилцөж томилдог байя. Төрийн тусгай хамгаалалтын төсвийг тусгайлан баталъя. Энэ хэдэн үндэслэлүүдийг хийж өгөөд тагнуулын байгууллагынх нь дэргэд энэ чигээр нь үлдээе гэж шийдсэн. Энэ нь ч зөв болсон. Хэрэв тэгээгүй бол бид нүд чих байхгүй нэг л их шкаф шиг бие хаатай хүмүүс болчих гээд байсан. Өнөөдөр дэлхий даяаршиж байна гээд маш олон цагаач иргэдийн асуудал улс орон бүрт тулгамдаж байна. Ийм үед бид тагнуулын байгууллагаас ангид байх ямар ч боломжгүй. Үүнийг дээр доргүй ойлгох хэрэгтэй.

-Тэгвэл одоо Төрийн тусгай хамгаалалтын газрын удирдлагын зүгээс тусгай агентлаг болгох санал гаргасан байна?

-П.Батааг энэ газрын даргаар томилогдож ирсний дараа би уулзсан. Тэр үед ярьж байгаад би асуусан юм. “Та нар Төрийн тусгай хамгаалалтын газрыг Тагнуулаас салгах асуудал юу болж байна. Яригдаж байна уу” гэхэд П.Батаа “Энэ тухай асуудлыг ерөөсөө ярихгүй шүү. Манай газар Тагнуулын дэргэд байгаагаараа ажиллана” гэсэн хүн. Гэтэл сүүлийн өдрүүдэд гарсан мэдээллийг харахад гэнэт Тагнуулаас салгахаар болчихож. Үүнд ямар учир байна вэ гайхаж л сууна.

Хэний, хаанаас, ямар сонирхол вэ, эсвэл П.Батаагийн сонирхол байв уу, өөр хэн нэгэн хүний сонирхол байв уу гэдэг нь эргэлзээ төрүүлсэн сонин байдал үүслээ. Мэдээж энэ бол салж болохгүй. Дэлхий даяар нөхцөл байдал хүнд байна. Хожим дэлхийн нөхцөл байдал өөрчлөгдөж, манайх ч улс төрийн систем тогтолцоо өөрчлөгдөөд ирвэл тэр үед үүнийг өөрөөр харж болох байх. Ойрын 20, 30 жил өөрчлөгдөх боломжгүй байх аа гэдгийг нөхдүүдэд хатуу хэлмээр байна.

-Төрийн тусгай хамгаалалтын газар тусгай агентлаг болгох давуу талуудыг хууль санаачлагчид нэрлэж байгаа байх. Ямар сөрөг талтай байх вэ?

-Хэрэв бие даагаад явна гэвэл жишээ нь гадаадын төр засгийн тэргүүнүүд Монголд айлчиллаа гэж бодъё. Бид зөвхөн Монголын төр засгийн тэргүүн, монгол төрийн аюулгүй байдлыг хангаж байгаа зүйл биш. Гадны төр засгийн тэргүүнүүд ирэхэд айлчлах айлчлалаасаа шалтгаалаад улсын тагнуулын байгууллагатай салшгүй холбоотой. Бид тэднээр дамжуулж гадна дотноос тухайн хүний аюулгүй байдалтай холбоотой, Монгол Улсын аюулгүй байдалтай холбоотой мэдээ мэдээллийг тагнуулын байгууллагаар дамжуулж авна. Бидэнд шууд өгөхгүй.

Гол байгууллага өөрөө дотроо юугаа төрийн хамгаалалтынханд мэдэгдэх үү, юуг мэдэгдэхгүй өөрсдөө хийх үү гэдгээ шийддэг. Зөвхөн Төрийн тусгай хамгаалалтын газар бие дааж хийнэ гэдэг ямар ч боломж байхгүй. Мэдээж Төрийн тусгай хамгаалалтын газар зэвсэг техникийн хувьд хангалттай. Онцгой байгууллага учраас төсөв нөөцийг ч улсаас хангалттай баталж өгдөг. Гагцхүү амин сүнс болсон аюулгүй байдлыг хангах мэдээ мэдээлэлгүйгээр хэзээ ч үүргээ гүйцэтгэж чадахгүй. Юу болох гэж байгаа, яаж байгааг мэдэхгүй давхиж очоод ажиллана гэж байхгүй. Ийм өрөөсгөл сохор доголон хүн шиг байж болохгүй.

Б.ЭНХЗАЯА

twitter share 1
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
  1. 2020-03-27 ip: 70.181.123.238

    Bas neg air medals shunasan amitan cecerhej baigaa shyydee .oron too tusuv geed angiin chip yyreg buh huuliig zarchim baina.odoo geheer bailgah heregtei