Их, дээд сургуулиудын оюутнууд цахим сургалтад сэтгэл дундуур байна


Шинэ төрлийн Коронавирусийн дэгдэлтээс болж сургалтын байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гарсан. Их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг цахим, “теле хичээл” хэлбэрээр явуулаад 3 сарын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд их, дээд сургуулиудын хичээл цахим хэлбэрээр  хэр үр дүнтэй явагдаж байгаа талаар оюутнуудаас тодрууллаа.

У.Энх-Амгалан: Багш нар фэйсбүүкээр хэдхэн минутын лайв хийчихээд, тэрийгээ хангалттай гэж үздэг

ШУТИС-ийн инженерийн ангийн 3 дугаар түвшний оюутан

-Цахимаар хичээл үзэхэд олон хүндрэл гарч байгаа. Хичээл сонгоход танхим уу, онлайнаар уу гэсэн сонголт гарч ирдэг. Оюутнууд  анхнаасаа танхимаар сурахаар төлбөр төлсөн байгаа. Гэтэл шууд онлайн хэлбэрээр заах болсон.  Ингээд бодохоор төлбөрийн тал дээр асуудал үүсэж байна. Хангалттай мэдлэг авч чадахгүй байгаа учраас харамсалтай санагдаж байна. ШУТИС-ийн оюутнууд “Е сургалт” хөтчөөр нэвтэрч хичээлээ үздэг болсон. Зарим багш нар огт хичээл орохгүй байгаатай адилхан байна. Хэдэн лекц л явуулдаг. Өөр нэмэлт материал, даалгавар  өгдөггүй. Оюутнуудад хичээлээ “сайн уншаарай, сорил авна шүү” л гэж хэлдэг. Зарим багш нар фэйсбүүк дээр хэдхэн минутын лайв хийчихээд,  түүнийгээ хангалттай гэж үзээд, хэтэрхий их хүчлэх хандлагатай байдаг. Хичээлээ ойлгохгүй үед багшаас асуух боломжтой ч  мэргэжлийн  номуудыг  ашиглаж чадахгүй байна. Миний мэргэжлийн хувьд номтой ажиллах нь  хамгийн чухал байдаг. Учир нь тооцооллын системээр ажлах ёстой. Асуулт, хариултаар ойлгоход хэцүү л дээ. Ер нь онлайн хичээл огт таалагдахгүй байгаа.

С.Оргил: Сургуулийн сайт алдаа заагаад орж болохгүй байгаа

Дотоод хэргийн их сургуулийн 2 дугаар түвшний оюутан

-Одоогоор би 7 хичээл судалж байна. Эндээс 2 хичээл дээр ангиараа  “групп чат” нээчихсэн. Тэрийгээ ашиглаад хичээлүүдээ эрчимтэй давтаж байна. Бусад хичээл нь “групп чат” нээгээгүй. Манай сургууль “Ехcloud University”  сайтаар оюутны  ID  кодоор нэвтэрч болдог. Оюутнууд бүх хичээлээ утсандаа татчихсан. Тэр хичээлүүдээ тус тусад нь хадгалж авдаг. Тэнхимийн сургалт,  цахим  хичээл үзэх хоёр маш их ялгаатай. Багш руугаа бичсэн лекц, даалгавраа л чатаар илгээдэг. Багштайгаа тулж ажиллаж чадахгүй. Номын санд суух боломжгүй. Сурах бичиг авч чадахгүй нь хамгийн хүндрэлтэй байна. Хичээлийн агуулгыг зөвхөн багшийн явуулсан лекцээс л үзэж байгаа. Миний хувьд өмнө нь нэмэлт сурах бичиг их ашигладаг байсан. Төлбөрөө төлчихсөн оюутнуудад цахим хичээл маш хангалтгүй санагдаж байгаа байх.  Өвчин гарсан  үед энэ нь зөв шийдвэр байх л даа. Тэгэхдээ багш нар, сургуулиас оюутнуудад зориулсан хангалттай сургалтын материал, заах арга барилыг ашиглах тал дээр дутмаг байна.

Жишээлбэл, миний үздэг 7 хичээлийн хоёрынх нь багш оюутнууддаа  илүү анхаарч, шахаж эрчимтэй хичээлээ явуулдаг. Бусад тавын 1 нь бие хамгаалах урлаг бичлэг үзээд өөрсдөө сурдаг. Үлдсэн 4 нь лекцээ сайтад оруулдаг. Оюутнууд өөрсдөө уншиж, боловсруулдаг. 2 хоногийн өмнө лекцээ үзэх гээд сайт руу орох гэсэн боловч алдаа заагаад орохгүй байсан. Бүх оюутнууд орж чадаагүй гэж байсан.  Одоо болж байгаа үгүйг сайн мэдэхгүй л байна.

Н.Номин-Эрдэнэ: Цахим сургалтыг зогсоож, дараа нь нөхвөл зүгээр байна

"Отгонтэнгэр" их сургуулийн  3 дугаар түвшний  оюутан

-Би одоогоор компьютергүй байгаа. Байнга утсаар нэвтэрч чадахгүй тохиолдол их байна. Утсан дээр хийх боломжтой зүйлсээ л хийж явуулж байгаа. Одоогоор Англи, Солонгос хэлний 3 хичээл үзэж байна.  Бүгдийн явуулж чадахгүй нэг хичээлээ л хийж байгаа. Фэйсбүүкээр багш нартайгаа маш сайн тулж ажилладаг. Ойлгохгүй зүйлээ асуухад коммент бичээд үлдээчихсэн байдаг. Багш хичээлийн даалгавруудыг  “Classroom”-ээр  засаад явуулчихдаг. Зассаныг хараад хаана  алдсанаа мэддэг. Би одоогоор жирэмсэн байгаа учраас байнга утас ширтэх боломжгүй. Тийм болохоор цахим хичээлийг түр зогсоох нь зүгээр мэт санагдаж байгаа. Дараа нь нөхөж нэг семистер  үзэж болох байх гэж боддог.  Би энэ улирлын төлбөрөө хараахан төлж амжаагүй. Багшаасаа энэ улирлын төлбөрөө төлөх үү, яах уу гэж асуух бодолтой байгаа. Манай ангийнхан цахим хэлбэрээр гуравхан хичээл үзэхийн төлөө  хэдэн сая төгрөг өгмөөргүй байна гэсэн санал дэвшүүлж байна лээ. Манай сургуулийнхан ямар шийдвэр гаргахыг сайн мэдэхгүй  байна. Ямар ч байсан хариу хүлээж байна.

Д.Авирмэд: Практикт суурилдаг хичээлүүдийг цахимаар үзэх боломжгүй

Үйлдвэр урлалын политехник коллежийн 2 дугаар түвшний оюутан

-Манай сургууль цахимаар хичээл орохгүй байгаа. Коллежүүд 10 жилийн хичээлийн хажуугаар мэргэжлийн хичээл давхар  үздэг.  Мэргэжлийн хичээлүүд ихэвчлэн практикт суурилдаг. Тиймээс цахимаар орох боломжгүй байх. Би нягтлан бодогчийн ангид сурдаг. Ихэвчлэн компьютер ашиглаж программ дээр ажилладаг. Зарим мэргэжлийн ажлыг сайн судлаагүй учраас хийж чадахгүй байх асуудал гардаг. Тиймээс хажуудаа удирдах хүнтэй байх  нь илүү үр дүнтэй.  Миний бодлоор цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж хичээл сургалтыг явуулсан нь дээр байх гэж бодож байна.Одоогоор хичээл орохгүй байгаа ч гэсэн дараа нь нөхөж орох болохоор санаа зовохгүй байгаа. Цаг хугацаанд нь амжуулах л байх.

Үргэлжлэлийг залуу.ком

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.