Италид коронавирусийн өвчнөөр нас барсан хүний нийт тоо Хятадынхаас илүү гарлаа


Өчигдөр буюу Пүрэв гарагт Итали улсад шинэ коронавирусийн халдварын улмаас 427 хүн нас барж, нийт эндэгдлийн тоо нь 3,406 хүрсэн юм.

Энэ үзүүлэлтээрээ Итали улс Хятадыг гүйцэж, дэлхийд хамгийн олон эндэгдэлтэй орон болж байна.

Харьцуулбал Хятадын эх газар, Хонг Конг, Макао, Тайваньд нийлээд өнөөдрийг хүртэл 3,250 хүн Covid-19 өвчлөлөөр нас бараад байгаа юм.

Итали улс 60 сая орчим хүн амтай бол Хятадын хүн амын тоо 1.3 тэрбум. Гэхдээ Итали нь өндөр настай иргэдийн хүн амд эзлэх хувиар дэлхийд зөвхөн Японы дараа жагсдаг юм.

2017 онд НҮБ-аас гаргасан тоо баримтаар бол Италийн хүн амын 30 хувь нь 60 ба түүнээс дээш насныхан байжээ.

Үүнээс гадна Итали улсад илэрсэн коронавирусийн халдварын тохиолдол нийтдээ 41,035 хүрсэн нь дэлхийд зөвхөн Хятадын (80,928) дараа орох муу үзүүлэлт юм.

Италид халдварын улмаас нас барсан хүмүүсийн дотор таван эмч байгаа ажээ.

Covid-19 өвчний улмаас дэлхий даяар нийтдээ 9,600 гаруй хүн амиа алдаад байна. Европ дахь тахлын дараагийн том голомт болсон Испани улсад өчигдөр 209 хүн нас барж, нийт эндэгдэл нь 767 хүрчээ.

Өчигдрийн байдлаар энэ улсад нийт халдвар авсан хүний тоо 17,147 хүрсэн нь өмнөх өдрөөсөө 25 хувиар өссөн үзүүлэлт юм.

Нийслэл Мадрид хотод 16 минут тутамд нэг хүн халдварын улмаас нас барж байгааг эрх баригчид мэдээлжээ.

Өчигдөр Европын бяцхан вант улс Монакогийн ханхүү Альберт коронавирусийн халдвар авснаа зарласан бол Европын Холбооны Brexit хэлэлцээрийн ахлагч Мишель Барнерын шинжилгээний хариу мөн эерэг гарсан байна.

 

Эх сурвалж: Reuters

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.