​Арилжааны банкуудыг хэн эзэмшдэг вэ?


Монгол Улсад өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа 14 банкны 13 нь ямар нэгэн байдлаар гаднын хөрөнгө оруулалттай байгаагаас дөрөв нь талаас илүү хувиа гаднын эзэмшилд шилжүүлжээ. Банкны салбар өнөөдөр санхүүгийн зах зээлийн 90 хувийг дангаараа эзэлж байгаагаас Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Голомт банк, Хас банк хамгийн өндөр хувийг эзэлж байна. Эдгээр банкуудын өөрийн хөрөнгө, санхүүгийн эргэлт бусдыгаа бодвол өндөр, нийт хадгаламжийн ихэнхийг төвлөрүүлсэн байна. Активын чанарын үнэлгээгээр эдийн засагт гаднын шок үүсэхэд тухайн арилжааны банк үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой эсэх, мөн өөрийн хөрөнгийн зохистой шалгуурыг хангаж байгаа эсэхийг тодорхойлно. Банкуудын 2016 оны эцсийн санхүүгийн тайлангаар тасалж үнэлгээг хийсэн байна. 2016 оны эцсийн байдлаар арилжааны 14 банкны актив болон өөрийн хөрөнгийн хэмжээ, хувь эзэмшигчид хэн, хэн багтаж байгааг хүргэе.

1.Худалдаа хөгжлийн банк

2016 оны эцсийн байдлаар нийт актив нь зургаан их наяд 626.5 тэрбум, өөрийн хөрөнгийн зохистой хэмжээ нь 765.9 тэрбум төгрөгт хүрсэн байна. Гол хувьцаа эзэмшигч болох Лос Анжелест төвтэй  “Global investment and development” компани нийт хувьцааны дийлэнх хэсгийг буюу 65.83 хувийг эзэмшдэг.  “US Global investment” ХХК  7.2 хувийг, United Banking Corporation ХХК 19.95 хувийг, GS Mongolia Investment Limited /Goldman Sachs/ 4.78 хувийг, банкны ажилчид 2.12 хувийг тус тус эзэмшиж байна.  Гүйцэтгэх удирдлага болон ТУЗ-д Рандолф Коппа хэмээх гадаад иргэн бий. ТУЗ-ийн дарга нь Д.Эрдэнэбилэг хэмээх эрхэм юм байна. Дашрамд дурдахад, тус банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа  Г.Мэдрээ хувьтай гэх яриа бий ч албан ёсны сайтад нь энэ талын мэдээлэл байхгүй.

2.Хаан банк

Нийт актив нь 2016 онц эцсийн байдлаар зургаан их наяд 487 тэрбум төгрөг бөгөөд өөрийн хөрөнгийн зохистой хэмжээ нь 690 тэрбум төгрөгт хүрчээ. Нийт хувьцааных нь 41.30 хувийг Японы “Савада Холдингс” компани, 13.10 хувийг нь Эйч Эс Интернэйшнл компани эзэмшиж байна. Эйч Эс Интернэйшнл нь “Савада Холдингс”-ийн Ази дахь охин компани юм байна. Өөрөөр хэлбэл, Хаан банкны нийт хувьцааны 54.4 хувийг Японы Савада Холдингс компани эзэмшдэг. Дээр нь Олон улсын санхүүгийн корпораци 9.32 хувийг эзэмшиж, Хаан банкны нийт хувьцааны 63.72 хувь гаднын хөрөнгө оруулалттай гэсэн үг. Харин 36.28 хувийг Таван Богд трейд компанийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан, түүний эхнэр Д.Хулан нар эзэмшдэг байна.

3.Голомт банк

Нийт активийн хэмжээ 2016 оны эцсийн байдлаар дөрвөн их наяд 658 тэрбум, өөрийн хөрөнгийн зохистой хэмжээ 441 тэрбум төгрөгт хүрсэн байна. Нийт хувьцааны ихэнх хувь буюу 83.76 хувийг Голомт Файнэншил групп эзэмшдэг. Голомт Файнэншил групп нь 2014 онд үүсгэн байгуулагдсан, бизнесийн төвлөрсөн үйл ажиллагаа нь хөрөнгө оруулалт, санхүүжилтийн чиглэлийн 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай компани юм байна. Харин үлдсэн 14.91 хувийг гаднын иргэд эзэмшдэг бол нэг хувийг банкны ажилчид эзэмшдэг байна. Тухайлбал, 9.98 хувийг Свисс МО хөрөнгө оруулалтын сан эзэмшдэг байна. 2011 онд 20 сая долларын хөрөнгө оруулж Голомт банкны хувийг эзэмших болжээ. Дэлхийн газрын тосны гурав дахь, төмөр агуулаагүй баяжмалын газрын тосны хоёр дахь том арилжаалагч Трафигура 2012 оны гурван сард 15.9 сая ам.доллар хөрөнгө оруулж, Голомт банкны 4.93 хувийг  эзэмшсэн. Үлдсэн 1.33 хувийг банкны ажилчид эзэмшиж байна.

Уг нь “Голомт” банк нь “Бодь” группийн нэг салбар байсан ч Лу.Болд, Д.Баясгалан нарын зөрчлийн дараа “Голомт” одоо Д.Баясгалангийн мэдэлд очоод буй. Лу.Болд, М.Зоригт нар аль 1990-ээд оны дунд үеэс Монголын оюутны холбоонд бие сэтгэл, гар хөл нийлэн зүтгэж явсан андууд хамтран ажиллахаа больж, Д.Баясгалан, М.Зоригт нар банкаа авч, Л.Болд, Л.Болдхуяг нар нь Бодь группээ эзэмших болжээ.

4.Хас банк 

Тус банкны активын зохистой хэмжээ жил ирэх тусам эрчимтэй өсч байгаа бөгөөд 2016 нийт активын хэмжээ хоёр их наяд 797 тэрбум төгрөгт хүрээд байгаа юм. Нийт өөрийн хөрөнгийн хэмжээ 252.6 тэрбум төгрөгт хүрсэн байна. Хас банк нь “Тэнгэр” санхүүгийн нэгдлийн эзэмшилд бүрэн харьяалагддаг. Хас банкны толгой компани болох “Тэнгэр” санхүүгийн нэгдлийн хувьцаа эзэмшигчийн бүтцийг танилцуулбал, 20 хувийг “МАК” эзэмшдэг бөгөөд тус компанийн захирал Б.Нямтайширын охин Цэлмүүн Хас банкны ТУЗ-ийн гишүүнээр ажилладаг байна. Олон улсын санхүүгийн корпорац 17.17 хувь, Европын сэргээн босголт хөгжлийн банк 12.91 хувь, Японы ORIX корпораци 16.81 хувь, Канадын National bank 10.52 хувь, RONOC олон улсын санхүүгийн байгууллага 10.15 хувь, Монголын компаниудын нэгдэл 6.63 хувь, үлдсэн 5.82 хувийг жижиг хувьцаа эзэмшигчид эзэмшдэг байна.

5.Төрийн банк

Нийт хувьцааны 25 хувийг Сангийн яам, 75 хувийг Хадгаламжийн даатгалын корпораци эзэмшдэг. Нийт актив нь 2016 онц эцэст хоёр их наяд 331 тэрбум, өөрийн хөрөнгийн хэмжээ 200.3 тэрбум төгрөгт хүрчээ. 

6.Капитал банк

Тус банкны 99.97 хувь “Бишрэлт холдинг” ХХК-ийнх, 0.03 хувь нь “Чоно Финанс” ББСБ-ын  эзэмшлийнх аж. Нийт активын хэмжээ 775 тэрбум төгрөг хүрсэн бол өөрийн хөрөнгийн хэмжээ 53 тэрбум байна

7.Улаанбаатар хотын банк

Улаанбаатар банкны 99.9 хувийг Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг эзэмшдэг байна. Үлдсэн 0.01 хувийг Д.Батжаргал гэх эрхэм эзэмшдэг байна. 2016 оны байдлаар нийт активын хэмжээ нэг их наяд 434 тэрбум төгрөг. Нийт өөрийн хөрөнгө 129.9 тэрбумд хүрсэн байна.

8.Капитрон банк

Уг банкийг “Петровис”-ын Ж.Оюунгэрэл үүсгэн байгуулж байсан гэдэг. “НИК”-ийг авахдаа Ж.Оюунгэрэл УИХ-ын гишүүн Х.Баттулгаас их хэмжээний мөнгө зээлж өрөндөө “Капитрон”-ыг өгснөөр тус банкны хувьцаа УИХ-ын гишүүн Х.Баттулга, Худалдаа Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийн эзэмшлийнх болсон гэдэг. Тус банкны албан ёсны сайтад Д.Эрдэнэбаяр, Д.Бат-Эрдэнэ, Д.Мөнхсайхан нар хувьцаа эзэмшигчид гэж тодотгожээ. Нийт активын хэмжээ нь 409 тэрбум төгрөг байна.

9.Үндэсний хөрөнгө оруулалтын банк

Тус банкны дийлэнх хувийг УИХ-ын Д.Сумъяабазар, түүний дүү Асашёрюү Дагвадорж нар эзэмшдэг. Тодруулбал, Аса аварга 55.99 хувийг, Д.Сумъяабазар гишүүн 15.99 хувийг эзэмшдэг аж. Түүнчлэн Банзрагчийн Батсайхан гэх эрхэм 15.99 хувийг эзэмшиж, үлдсэн 11.1 хувийг гаднын хөрөнгө оруулагчид эзэмшдэг байна. Нийт активын хэмжээ 2016 оны эцэст 277 тэрбум төгрөгт хүрчээ. Өөрийн хөрөнгийн хэмжээ 33.6 тэрбум болсон байна.

10.Чингис банк

Чингис Хаан Банк ХХК-ийн хувьцааг Монгол Улсын Ньюстандарт финанс хязгаарлагдмал хариуцлагатай компани 100 хувь эзэмшдэг. Ньюстандарт финанс хязгаарлагдмал хариуцлагатай компанийн өмчлөгч нь Монгол улсын иргэн Д.Батаа, Ш.Бүтэд, Ц.Баярсайхан нар болно. 2016 оны гүйцэтгэлээр нийт актив 269 тэрбум төгрөгт хүрчээ. Өөрийн хөрөнгө нь 24 тэрбум төгрөг.

11.Ариг банк

Ариг Банкны 60.46 хувийг Дэм санхүүгийн нэгдэл ХХК, 36.54 хувийг Улаанбаатар Импекс ХХК эзэмшиж байна. Ариг банк нь өмнө нь Эрэл банк нэртэй байсан. Харин 2014 онд Эрэл банкны хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр оноосон нэрээ “Ариг Банк” болгон өөрчилсөн байна. Тухайн үед Эрэл банкийг Эрэл намын дарга Б.Эрдэнэбат 100 хувь эзэмшиж байсан юм. Тэгвэл хувьцаа эзэмшигчид өөрчлөгдсөн бөгөөд Ариг банкны ТУЗ-ийн гишүүнээр “Эрэл”-ийн Эрдэнэбатын хүү Жаргалан ажилладаг аж. ДЭМ САНХҮҮГИЙН НЭГДЭЛ ХХК нь Ариг Банкны толгой компани (Holding company) бөгөөд банк, cанхүүгийн салбарт гол төвлөрөн ажилладаг. УЛААНБААТАР ИМПЕКС ХХК Үндэсний шилдэг компаниудын нэг Номин Холдинг ХХК-ийн охин компани бөгөөд импортлогчид, үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг эрүүл ахуй, стандарт шаардлагын дагуу хадгалж, хэрэглэгчдэд найдвартай хүргэхээр ачаа тээвэр механизм, тээвэр зууч бүрдүүлэлтийн зууч, гаалийн баталгаат агуулахын үйлчилгээнүүдийг нэг дороос хүргэн ажиллаж байна. 2016 оны байдлаар нийт актив нь 102 тэрбум төгрөгт хүрсэн. өөрийн хөрөнгийн хэмжээ 13 тэрбум төгрөг аж.

12.Богд банк

“Голомт” хувьцаа эзэмшигч байсан УИХ-ын гишүүн Лу.Болд, Д.Баясгалан нарын зөрчлийн дараа Л.Болд, Л.Болдхуяг нар нь Бодь группээ эзэмших болсон. Тэд “Богд” гэх нэртэй банк байгуулжээ.  Гол хувьцаа эзэмшигчээр нь Лувсанвандангийн Болдхуяг ажилладаг бөгөөд тэрээр ТУЗ-ийн дарга юм байна. Тус банк 2016 онд нийт актив нь 61 тэрбум төгрөгт хүрсэн байна. Өөрийн хөрөнгө нь 27 тэрбум төгрөг байна. 

13.Кредит банк

Кредит банк ХХК нь 100 хувийн гадаадын хөрөнгө оруулалттай банк бөгөөд цорын ганц өмчлөгч нь БНКипр улсын “Харшал Холдингс Лимитед” компани юм. Ихэнх хөрөнгө оруулагч нь ОХУ-д үйл ажиллагаа явуулдаг компаниуд аж. Нийт актив нь 17 тэрбум төгрөгт хүрчээ.

14.Тээвэр хөгжлийн банк

Тус банкны хувьцаа эзэмшигчид нь Монгол Улсын иргэн М.Тэмүүжин (68.00%), Д.Оюунгэрэл (13.49%), Л.Болд (10.35%) болон иргэн Л.Болдын 100%-ийн өмчлөлтэй Инфрастракчер ХХК (8.16%) нар байна. Нийт активын хэмжээ 2016 оны эцсийн байдлаар  9.7 тэрбум төгрөгт хүрчээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.