Хулгайгаар хил давдаг алтны хэмжээг хөл хорио илчлэв!


Монголбанкны алт худалдан авалтын хамгийн сүүлийн статистикт энэ оны нэгдүгээр сард Монголбанканд тушаасан алтны хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс зургаа дахин, хоёрдугаар сард энэ тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 10 дахин нэмэгдсэн үзүүлэлт дурайж буй.

Тодруулбал, Төвбанк өнгөрсөн оны нэгдүгээр сард 597.1 кг алт худалдан авсан бол энэ оны нэгдүгээр сард 3557.6 кг-ыг авчээ.

Мөн өнгөрсөн оны хоёрдугаар сард 95.9 кг-ыг авсан бол өнгөрсөн сард 952.5 кг-ыг худалдаж авсан байна. Энэ тоог хараад алт тушаалт нэмэгдлээ хэмээн баярлах нь өрөөсгөл хэрэг. Харин хулгайгаар хил давдаг алтны багцаа бүрэн биш болов ч харагдлаа гэж ойлгох нь үнэнд дөхнө.

Нэгдүгээр сард урд хөрш Цагаан сараа тэмдэглэж, хилээ хаасан. Хятадын Цагаан сарын баяр дуусаад удалгүй манай улс коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд БНХАУ-тай хиллэдэг боомтуудаа хаасан. Хил хаасан, иргэд өмнөд хөрш рүү зорчих боломжгүй болсон саруудад Монголбанканд алт тушаасан хэмжээ ингэж огцом өссөн нь нэгийг хэлж байна.

 

Хил хааснаар хулгайгаар гадагш урсдаг алт Төвбанканд очсон нь энэ огцом өсөлтийн гол хүчин зүйл болжээ гэж харж байна. Ганц, хоёр сарын огцом өсөлтийг хараад ингэж дүгнэх нь өрөөсгөл хэрэг гэж хэлэх хүн гарч магадгүй. Тэгвэл Монголбанкны арван хэдэн жилийн статистикийг харахад Алт олборлолт өнөөгийнхөөс илүү байсан уу гэхээс дутуу байгаагүй тэр жилүүдэд нэгдүгээр сард 3557 кг бүү хэл 2000 руу дөхөх хэмжээний алт худалдан авсан тохиолдол ч алга.

2009-2019 оны нэгдүгээр саруудад алт олборлогчид дунджаар 490 кг алт тушааж байж. Хоёрдугаар сарын тухайд ч ялгаагүй. 2009-2019 оны хоёрдугаар саруудын дийлэнхэд нь 100 орчим кг алт худалдаж авсан байна. Энэ жилийнх яалт ч үгүй огцом өссөн үзүүлэлт аж. Тиймээс л хил хаасан нь хулгайгаар урсдаг алтыг илчилж гэж буй хэрэг. Статистик худлаа хэлдэггүй.

Хил хаасан хоёр сарын хугацаанд тушаасан алтны хэмжээ арван жилийн дунджаас даруй 5-6 дахин их, 2000-3000 кг-аар илүү байгааг холбогдох байгууллага анхааралдаа авна уу.

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.