Архангайн Засаг дарга зодолдсон хэргийг шүүхэд шилжүүлнэ


Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан 2019 оны наймдугаар сарын 26-27-нд шилжих шөнө ХААИС-ийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Т.Батсүхийг зодож гэмтэл учруулсан хэрэгт холбогдсон билээ. Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт мөрдөж, тус дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.1-т заасан бусдын биед санаатай хохирол учруулсан гэх үндэслэлээр шалгаж байсан уг хэргийг НПГ-аас харьяалал тогтоон АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн байна. Учир нь дээрх хоёр хүн эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан хэрэгт холбогдон шалгуулж буй. Тус тусынх нь хэргийн мөрдөн шалгах ажиллагаа удахгүй дуусаж, яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын хяналтад хүргүүлэхээр мөрдөгчид ажиллаж байгаа юм билээ.

ХААИС-ийн харьяа Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Товуугийн Батсүхийн хувьд эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан, их хэмжээний хөрөнгө завшсан хэрэгт холбогдсон. Анх тухайн үеийн ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн хэргийг нь илрүүлээд харьяаллын дагуу АТГ-т шилжүүлсэн юм. Албан тушаалаа ашиглаж, тус хүрээлэнгээс хэрэгжүүлсэн хэд хэдэн төслийн хөрөнгөнөөс завшсан, хүрээлэнгийнхээ орон нутгийн салбаруудад данстай малыг хувьдаа авч ашигласан байж болзошгүй гэсэн үндэслэлээр түүнийг буруутгасан байдаг. Тухайлбал, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь 150 га атаршсан газрыг хаших 06/2013 дугаартай шийдвэр 2013 оны арванхоёрдугаар сарын 6-нд гаргаж, хашааныхаа 14 000 шонг 48.5 сая төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Сангийн сайдын баталсан журмыг зөрчсөн, жолооч, хол, ойрын садан төрлийнхөө хүмүүсийн байгуулсан аж ахуйн нэгжүүд рүү 48 саяас дээш төгрөг шилжүүлэн завшсан байж болзошгүй гэх зэрэг олон үйлдэлд холбогдсон юм.

Харин Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан нь ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр нартай хамтарч ИТХ нь хуралдаагүй байхад хуурамч тушаал гарган, Цэнхэр сумын нутаг дахь Шоронгийн ам хэмээх газарт таван га талбайг бичил уурхайн зориулалтаар ашиглуулахаар болсон үндэслэлээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байгаа билээ. Мөн Архангай аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнуудыг Азийн хөгжлийн банкны “ТА9100-MON Төвлөрсөн бус ариун цэврийн байгууламжууд” төслийн хүрээнд Эрдэнэбулган сумын V багийн өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй болон нэн ядуу айл өрхөд эко жорлон суурилуулахдаа завшсан байж болзошгүй хэрэгт холбогдуулаад байгаа.

Уг нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт Ц.Мөнхнасан, Т.Батсүх нарын зодооны хэргийг шалгаад хэрэгсэхгүй болгох санал гаргасан юм байна. Дээрх хүмүүс нэгнийгээ зодсон дуулиан дэгдэх үед Т.Батсүх хэвлэлийнхэнд “Гэрт ирэхдээ согтуу байсан. “Чи ажлаа зүгээр өгчихөөч” гээд зодож эхэлсэн. Цагдаа дуудах үед Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан гарч зугтахдаа хоёр гар утас, ажлын үнэмлэх, гадуур хувцсаа үлдээсэн” хэмээжээ. Харин Ц.Мөнхнасан “Би бусдыг зодоогүй, өөрөө зодуулсан. Нэг ангийн хүүхдүүд учраас юм саналгүй очсон” гэж ярьсан байдаг.

Эх сурвалж: "Өнөөдөр" сонин

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.