Коронавирусын халдвар авсан олны танил эрхмүүд


Сүүлийн хоёр долоо хоногт Хятадаас бусад улс орнуудад коронавирусийн халдвар авагсдын тоо огцом нэмэгдсэн. Дэлхийн хэмжээнд одоогийн байдлаар коронавирусийн халдвар авсан 110000 гаруй тохиолдол оношлогдож, 4000 гаруй хүн амь насаа алдаад байгаа талаар өчигдөр ДЭМБ-аас мэдэгдсэний зэрэгцээ энэхүү халдварыг цар тахлын зэрэглэлд хүрснийг албан ёсоор зарлалаа.Хөнөөлт тахалд өртсөн хохирогчдын дунд олны танил, нэр алдартай хүмүүс цөөнгүй байгаа нь цахим орчинд нэлээн шуугиан тарьж байна.

Ираны тэргүүн дэд ерөнхийлөгч коронавирусийн халдвар авчээ

Ираны ФАРС мэдээллийн агентлагийн гуравдугаар сарын 11-ний мэдээнд дурдсанаар, Ираны тэргүүн дэд ерөнхийлөгч Жахангири коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон бөгөөд одоо тусгаарлагдан эмчлүүлж байна.

Түүнээс өмнөхөн дархлаа судлалын нэртэй доктор, Ираны дэд ерөнхийлөгч хатагтай Эбтекар коронавирусийн халдвар авснаар оношлогдсон нь олон нийтийн анхаарлыг илүү татжээ. Эбтекар оношлогдохоосоо нэг өдрийн өмнө Тегеранд болсон Засгийн газрын хуралдаанд Ираны Ерөнхийлөгч Роухани болон бусад сайд нарын хамт оролцохдоо амны хаалт хэрэглээгүй нь ихээхэн эрсдэл үүсгэсэн юм.

Филиппиний ерөнхийлөгч коронавирусийн шинжилгээ хийлгэнэ

Филиппиний Ерөнхийлөгч Дутерте коронавирусийн шинжилгээ хийлгэх болсон тухай Филиппиний сенатч Кристофер 12-ны өглөө мэдэгдэв. Энэ үеэр Филиппиний Ерөнхийлөгчийн ордонд халдваргүйжүүлэлт хийхийн тулд түр хаагдах болсныг мэдэгджээ.

Америкийн жүжигчин Том Хэнкс болон түүний эхнэр коронавирусийн халдвараар оношлогджээ

Энэ сарын 12-нд Америкийн жүжигчин Том Хэнкс эхнэр Рита Вилсоны хамт коронавирусийн халдвар авснаар оношлогдсоноо олон нийтийн сүлжээгээр мэдэгджээ. Өдгөө 63 настай Том Хэнкс Австралид Элвистэй холбоотой шинэ киноны зураг авалтад оролцож байсан юм.

Мөн 11-ний өдөр Италийн Ювентус клубийн хөл бөмбөгчин Даниел Ругани коронавирусийн халдвар авснаар оношлогдсон бөгөөд Италийн Ювентус клуб болон 8-ны өдрийн тэмцээнд тус клубтэй хамт тоглосон Интер Милан багийн бүх гишүүдийг тусгаарлахаа мэдэгджээ.

Канадын ерөнхий сайдын эхнэр коронавирусын халдвар авсан нь баталгаажлаа

Их Британиас ирснийх нь дараа эхнэр Софи Грегуар Трюдод халдварын шинж тэмдэг илэрсэн тул Канадын ерөнхий сайд Жастин Трюдо өөрийгөө тусгаарласан гэж Засгийн газраас мэдээлж байсан. Тэгвэл Канадын ерөнхий сайд Жастин Трюдогийн эхнэрийн шинжилгээний хариу гарч, COVID-19-ийн халдвар авсан болох нь баталгаажлаа.

Мэдээллийг сануулахад, Лхагва гарагийн орой Софи Грегуар Трюдо Лондон хотоос ирсний дараа өндөр халуурч, түүнд ханиадны шинж тэмдэг илэрчээ. Тэрбээр коронавирусийн шинжилгээ өгсөн бөгөөд хариу нь гартал Жастин Трюдо гэрээсээ ажиллаж байв.

Ерөнхий сайдад өвчний шинж тэмдэг илрээгүй бөгөөд тэрбээр эмч нарын хяналтанд байгаа аж.

Н.Бүжин

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.