З.Энхболд: Зүүн Цанхийн 30 хувийг зарж болохгүй, коксжих нүүрсний гол нөөц тэнд байгаа


АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболдтой Тавантолгойн ордын эргэн тойрон дахь асуудлаар ярилцлаа. 

-ҮАБЗ-өөс Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, төмөр замын дэд бүтцийн ажлыг явуулахтай холбоотой зөвлөмж гаргасан. Энэ зөвлөмжийн дагуу Засгийн газар тогтоол гаргасан гээд байгаа. ҮАБЗ-ийн зөвлөмжийг боловсруулахад ЕТГ-ын дарга оролцож таарна гэж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн. Энэ зөвлөмж гарч байх үед та ЕТГ-ын дарга байсан шүү дээ. Үүнээс ярилцлагаа эхэлье?

-Би саналын эрхгүйгээр ҮАБЗ-ийн хуралд оролцдог байсан. Одоо миний оронд Ө.Шижир оролцож байгаа гэсэн үг. Санал хураалтад оролцох эрхгүй. Гэхдээ хэлэлцэж байгаа асуудлаар санал гаргадаг. Түүнээс гадна, ҮАБЗ-ийн зөвлөмжийн төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газар бэлтгэдэггүй.  Хуулиараа болохгүй. Ерөнхийлөгч чинь баруун, зүүн "гар"-тай байхгүй юу. Нэгдүгээрт, өөрийнх нь аппарат буюу Тамгын газар нь. Саяхан хүртэл би Тамгын газрын даргын ажлыг хийж байсан даа. Энэ баруун "гар" нь. Зүүн "гар" нь ҮАБЗ-ийн аппарат. Аль аль нь 50 орчим хүнтэй хоёр аппарат байхгүй юу. Бие биедээ огт хамааралгүй ажилладаг. 

А.Гансүх нарийн бичгийн даргыг нь хийдэг ҮАБЗ-ийн аппарат Аюулгүйн зөвлөлийн байнгын гурван гишүүнд үйлчилнэ. Зөвхөн Ерөнхийлөгчид биш. Ерөнхийлөгч хуралдаан зарлана, даргална. Гэхдээ зөвлөмж нь гурван гишүүний санал нэгтэйгээр л гарна. Хэн нэг нь үгүй гэвэл гарахгүй. Тэгэхээр зургадугаар сарын 14-ий зөвлөмж хаанаас гарсныг би мэдэхгүй. Ихэвчлэн Засгийн газраас орж ирдэг юм. Бодвол хариуцсан сайд Д.Сумъяабазар оруулсан байх гэж бодож байна. 

Бүх юм УИХ-ын 73 дугаар тогтоолоос эхэлж байгаа юм.  2018 оны зургадугаар сарын 29-ий өдрийн УИХ-ын тогтоол гарсан. Дараа жил нь наадмын өмнө Засгийн газрын тогтоол гараад, "Эрдэнэс Тавантолгой" охин компани байгуулаад, охин компанид нь Зүүн Цанхийн тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн.  Анх УИХ-ын 73 дугаар тогтоол гарах гэж байхад АН-ынх мөртлөө манай талын гишүүн ярьсан. Манай талынх гэдэг нь Тавантолгойн ордыг хувьчлахын эсрэг байр суурьтай гэсэн үг шүү. Б.Бат-Эрдэнэ аварга ярьсан бил үү, хэн билээ. Би мартчихаж. Намайг Орост хөлбөмбөг үзээд явж байсан чинь "Нөгөө Тавантолгойг чинь хувьчлах болчихлоо" гэж ярьсан. Тэгээд УИХ-ын 73 дугаар тогтоол гарахаас хоёр хоногийн өмнө "Өдрийн сонин"-д утсаар ярилцлага өгсөн.  Ордыг хувьчлахгүй, орлогоороо бүтээн байгуулалт хийгээд явж болно гэсэн утгатай.  Түүний дараа УИХ-ын 73 дугаар тогтоол гарсан.

-Та ҮАБЗ-д оролцохдоо хэлэлцэж буй асуудлаар санал гаргах эрхтэй байсан гэсэн дээ. Тэр үед Тавантолгойтой холбоотой асуудлаар зөвлөмж гаргахаар хэлэлцэж байхад санал гаргаж, байр сууриа илэрхийлсэн үү?

-ҮАБЗ  2018 оны зургадугаар  14-д хуралдсан. Би зургаадугаар сарын 22-д хойшоо явсан байдаг юм. 14-ий хурал болоход би "Өдрийн сонин"-д өгсөн байр суурьтайгаа адилхан л үг хэлсэн. Нэгдүгээрт, үнэ хүрэхгүй гэсэн. УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар гурван тэрбум, таван тэрбум ам.доллар гэх мэтээр баахан олон тоо ярьсан байдаг юм. Би ҮАБЗ-ийн хурлаар ярьсан асуудлыг дэлгэж ярихгүй шүү дээ. Харин ҮАБЗ-ийн хурлын үеэр яриад байгаа үнэд чинь хүрэхгүй, бүтэхгүй гэдгийг нь хэлсэн. 

Би Л.Оюун-Эрдэнийг ҮАБЗ-ийн зөвлөмжийг ил болгохыг нь дэмжээд байгаа юм. Миний бүх байр суурь ил болно. Үүнд нуугаад байхаар юм байхгүй. "Чи  хоёр жилийн дараа наадахаа зарж чадахгүй, тэрбум ам.доллар ч хүрэхгүй байна гээд явж байж магадгүй шүү. Дэлхийн зах зээл дээр байгаа нүүрсний компаниудынхаа хувьцааг хар. Чиний яриад байгаа олон тэрбум ам.доллар чинь байхгүй ээ" гэж ёр юм шиг хэлж байсан. Би өөртэйгээ холбогдох зүйлийг л ярьж байна шүү. Яг миний хэлснээр болж байгаа. Би хоёр жилийн болох үйл явдлыг нь харчихсан юм шиг л.

Тавантолгойн хувьцаа 1 тэрбум ам.доллар хүрвэл их юм. Гэтэл 1 тэрбум ам.доллар гэдэг чинь "Эрдэнэс Таван толгой"-н ганцхан жилийн экспортын л орлого байгаа шүү дээ.  Хамгийн гол асуудал нь "Эрдэнэс Таван толгой" гэдэг компаниа хувьчлах уу. Эсвэл зүгээр л нүүрсээ зараад байж байх уу гэдэг хоёр сонголт болчихоод байна. 

-IPO гаргаж, мөнгө олно. Түүгээрээ бүтээн байгуулалтуудаа хийнэ. Дагаад "Эрдэнэс Таван толгой"-н өгөөж нэмэгдэнэ гээд байгаа шүү дээ?

-Мөнгө хэрэгтэй гээд байгаа юм. Хэрэгтэй мөнгөнийх нь бараг 70-80 хувийг "Эрдэнэс Таван толгой" сүүлийн жилүүдийн ашгаараа өгчихсөн. Зүүнбаянгийн төмөр замын мөнгийг өгчихсөн. Гашуунсухайтын төмөр замын мөнгийг бас өгчихсөн байгаа. Харин тэр үед төлөвлөж байсан ажлуудаас гурвыг нь хийгээгүй. Цахилгаан станц, нүүрс угаах болон кокс химийн үйлдвэр. Цахилгаан станцыг Тавантолгойд барьж болно. Нүүрс угаах үйлдвэр барина гэхээр ус байхгүй. Тэгэхээр төв төмөр зам руугаа буюу устай газартаа л барих боломжтой. Кокс химийн үйлдвэрийг говьд барих боломжгүй. Тэгэхээр Чойр, Сайншанд юм уу аль нэг газарт л барих байх. 

Тэр бүхнийг Тавантолгойн мөнгөөр барья гэж байгаа юм бол ирэх жилүүдийнхээ ашгаар хийж болно. Жилдээ 1 их наяд төгрөг буюу 400-гаад сая ам.долларын цэвэр ашигтай ажиллаад байна. 2019 оны цэвэр ашиг 1 их наяд төгрөг байсан. Түүнийг нь 80, 20-иор нь хувааж авсан байгаа. 20 хувь нь бидний хувьцааны ногдол ашиг болж ирнэ. Хэрвээ хүмүүс хувьцаагаа зараагүй бол 96 мянган төгрөг авна. Тэр бүх мөнгөний нийлбэр 200 тэрбум төгрөг байгаа юм. Засгийн газар 80 хувийн хувьцаатай учраас 800 тэрбум төгрөгтэй болчихсон. 800 тэрбум төгрөгөөрөө Засгийн газар хүсвэл энэ бүтээн байгуулалтуудыг хийж болно. Гэхдээ энэ жил коронавирус гээд хэцүү байгаа учраас ямар ч гэнэтийн зүйл гараа билээ. Засгийн газар бодолтой байх хэрэгтэй. Төмөр зам руу оруулах уу, кокс химийн үйлдвэр барих уу, яах вэ гээд.

400 сая ам.доллар гэдэг бол 300 мВт-ын цахилгаан станцыг бүрэн барьчих хэмжээний мөнгө. Энд тэндээс мөнгө гуйгаад, зээл аваад, бадар бариад яваад байдаг цаг өнгөрсөн. Бүх монголчуудын хувьцаа орсон "Эрдэнэс Таван толгой" гэдэг компани энэ болгоныг санхүүжүүлэх боломжтой болчихоод байна. Ногдол ашгаараа энэ бүх бүтээн байгуулалтаа хийж болж байхад хувьчлах ямар хэрэг байна аа гэдэг асуулт гарч ирнэ. 

 -Та бол хувьцаагаа зарах хэрэггүй л гээд байгаа.  Яагаад хувьцаа зарах шаардлагагүй вэ гэдгийг тайлбарлавал?

-УИХ-ын 73 дугаар тогтоолд "Эрдэнэс Таван толгой"-н хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын Хөрөнгийн биржээр арилжаална. Арилжаална гэдэг чинь зарна гэсэн үг шүү дээ. Д.Сумъяабазар буруу ойлголттой юм билээ. "Би бирж дээр гаргаж, менежментээ сайжруулах гээд байгаа болохоос зарна гэж хэлээгүй" гээд байгаа юм. Тогтоол нь арилжаал гэчихсэн байна шүү дээ. Энэ чинь өмч хувьчлал байхгүй юу. Мөн "Шаардлагатай хөрөнгө оруулалтыг татсаны үндсэн дээр Тавантолгойн ордын үнэ цэнийг өсгөх хүрээнд холбогдох дэд бүтцийн болон шаардлагатай бусад төсөл хөтөлбөрийн тодорхой хэсгийг санхүүжүүлэх" гэж бичсэн байгаа.  

Дэд бүтцийн гэдэг нь хоёр төмөр замыг хэлж байгаа юм. Гашуунсухайтын 200 гаруй, Зүүнбаянгийн 414 км төмөр зам гэсэн үг. Энэ хоёр бүтээн байгуулалтын төсвийг "Эрдэнэс Таван толгой" 2018, 2019 ногдол ашгаараа бүрэн шийдсэн. Шаардлагатай бусад төсөл хөтөлбөр гэдэг нь цахилгаан станц, нүүрс угаах болон кокс химийн үйлдвэр.  Энэ гурвыг барих бол нэгийг нь Тавантолгойд. Нөгөө хоёрыг нь устай газар л барина. Эндээс харахад, УИХ-ын 73 дугаар тогтоолын зорилго үндсэндээ биелчихсэн. Тийм учраас хувьцаагаа зарахаа боль л гэж байгаа юм.  

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ 73 дугаар тогтоолыг хүчингүй болгоод, "Эрдэнэс Таван толгой"-г үл хувьчлах жагсаалтад оруулъя гэдэг УИХ-ын тогтоолд санал авахаар 30 хоногоо хүлээгээд, Засгийн газар руу явуулсан байгаа. Засгийн газар 30 хоногийн дотор хариу өгөх ёстой. Өгөхгүй бол чуулган эхлэхээр өргөн бариад, хэлэлцээд явна. АН 73 дугаар тогтоол нь үндсэндээ биелчихээд байхад хувьчилна гээд зүтгээд байвал цаана нь өөр сонирхол байна гэж хардахаас өөр аргагүй болж байгаа юм.  Энэ тогтоол чинь биелчихээд байна шүү дээ. Заавал зарж яах гээд байгаа юм. Би хар тооцоо хийж үзэхэд, энэ 209 жил ажиллах уурхай.  Өнгөрсөн мягмар гарагт "ТВ9" телевизээр МАХН-ын генсек Б.Тулга гэдэг залуу арай өөр тоо яриад байна билээ.

Тавантолгойн нийт нүүрсний 2/3 нь коксжих нүүрс гээд байсан. Би болохоор тал нь гэж хэлээд байгаа. Тал эрчим хүчний нүүрсийг нь хаясан юм. Баабарын хэлдгээр үнс болчихсон гэж үзээд. Эрчим хүчний нүүрс бол цахилгаан л гаргаж байгаа юм. Цахилгааныг нарнаас, салхинаас гаргаж байгаа учраас 200 жил эрчим хүчний нүүрс үнэ цэнтэй байх нь асуудалтай. Тэгээд зөвхөн коксоор нь бодоход л 209 жилийн турш ашиглана. Жил бүр тэрбум ам.долларын борлуулалт хийх боломжтой нөөцтэй ордыг ганцхан жилийнх нь борлуулалтын орлогоор 30 хувиа хүнд өгөх нь буруу гэж үзэж байгаа. 

-Зөвхөн Зүүн Цанхийн 30 хувийг л хөрөнгийн бирж дээр арилжаална. Нийт Тавантолгойн 30 хувийг арилжих гээгүй гэж тайлбарлаад байгаа. Хэрвээ нэг л хэсгийн 30 хувийг тэрбум ам.доллар хүргэж зарж чадвал ашигтай юм биш үү ч гэсэн ойлголт өгөөд байна л даа?

-Зүүн Цанхийг яагаад зарж болохгүй гэхээр тогоотой сүүгээр бодвол хамаг өрөм нь. Коксжих нүүрсний гол төвлөрөл нь тэнд бий.  Нөгөө газар нь эрчим хүчний нүүрс байгаа учраас хамгийн хэрэгтэйг нь ялгаж аваад, ирээдүйд борлогдохгүй байхыг нь үлдээчих гээд байгаа байхгүй юу.  Зүүн Цанхи бараг 100 хувь коксжих нүүрс. Тавантолгой гэдэг чинь таван ширхэг толгой. Баруун, зүүн Цанхи, Бор толгой гээд юу юу ч билээ.  Үүнээс хамгийн хэрэгтэйг нь тасалж аваад, хэрэггүйг нь ард түмэнд үлдээчихээд явах гээд байхгүй юу. "Ухаа худаг" гэдэг нэг толгойг нь "Эм Си Эс" бас үнэгүй авчихсан шүү дээ.  "Ухаад худаг"-т коскжих нүүрсний төвлөрөл байсан. Тэрийг нь нэг компани авчихсан. Одоо Зүүн Цанхийг нь авчихаар үлдэж байгаа гурван толгой нь эрчим хүчний нүүрс зонхилсон л байхгүй юу. 

Тийм учраас "Эрдэнэс Таван толгой" компанийн үйлдвэрчний эвлэлийн дарга Самбуунямын Эрдэнэ гэдэг хүн ирээд, "Би хаа сайгүй өргөдөл өгөөд яваад байна. Миний өргөдлийг тоохгүй юм. Энхболд оо, чи нэг лайв хийгээд, намайг гаргаад өгөөч. Зурагтаар гарах гэхээр гаргахгүй юм" гэсэн. Тэгээд бид хоёр 10 минут ярьсан байх.  

-Асуудал цаашаа яаж үргэжилнэ гэж харж байна?

-АН-ынхан санал өгөхгүй 30 хоног гүрийж магадгүй. Хүссэн хүсээгүй 31 дэх хоног дээрээ УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Их хуралд өргөн барина, хэлэлцүүлнэ. Тэр үед л намуудын ялгаа харагдах ёстой. АН үнэхээр хувьчлах гээд улайраад байгаа бол харагдах байх. Бууж өгөөд, С.Эрдэнэтэй санал нийлээд, хувьчлахаа зогсоогоод, үл хувьчлах руу хийж болно. Ийм хоёр зам байгаа.  

Эх сурвалж zaluu.com

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.