Б.Энх-Амгалан: Дарханы замыг барьж байгаа компаниудад ажлаа хий, эсвэл гэрээгээ цуцал гэсэн шаардлага тавьсан


Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн талаар Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Энх-Амгалангаас тодрууллаа.

-Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж зорчих хөдөлгөөнийг хязгаарласан. Тэгэхээр өмнө нь онгоцоор билет авчихсан иргэдийн төлбөрийг хэрхэн буцааж байгаа вэ?
-Онцгой байдал зарласан нь иргэдийн буруу биш. Ийм учраас Улсын онцгой комиссын шийдвэрт хоёр зүйлийг тусгасан. Нэгдүгээрт, онцгой нөхцөл байдал үүссэн үед билетээ цуцалсан тохиолдолд үнийг шимтгэлгүй буцаана. Хоёрдугаарт, билетээ буцаахгүй гэвэл дараа хорио тавигдсаны дараа дуртай цагтаа явах боломжийг нээж өг гэсэн. Гэхдээ онцгой буюу өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойш билетийн захиалга өгсөн бол шүү.
-Одоогоор хэдэн компани билетээ буцаагаад байгаа вэ?
-Улсын онцгой комисс сая хуралдаж байх үед МИАТ ХК, УБТЗ ХНН-ийн зүгээс ямар ч суутгалгүйгээр иргэдийн билетийг буцаасан гэсэн мэдээлэл өгсөн. “Хүннү эйр” компани билетээ суутгалтайгаар буцаасан гэсэн гомдол гарсан. Энэ талаар ярилцана.
-Дарханы замын засварын ажил ирэх зургадугаар сард хуваарийн дагуу дуусах уу?
-Гэрээний хугацаагаар бол 2020 оны зургадугаар сард дуусах ёстой. Бид нэгдүгээр сарын эхээр гүйцэтгэгч компаниудтай уулзаж гэрээ дүгнэж, төлөвлөгөө гаргасан. Туслан гүйцэтгэгч, хяналтын компаниуд, төслийн нэгжүүдтэйгээ нийлж байгаад төлөвлөгөө гаргасан. Зургадугаар сарын 15-20-ны хооронд дуусгана гэж гурван компани хэлсэн. Харин хоёр болон дөрөвдүгээр замын нэгжид ажиллаж буй компаниуд саналаа хэлээгүй. Саяхан уулзалт товлосон байсан ч коронавирусийн асуудлаас болж хойшилж байх шиг байна. Бид ажлаа хий, эсвэл гэрээгээ цуцал гэсэн шаардлага тавьсан.
-Гэрээ цуцалбал зам ашиглалтад орох хугацаа бүр хойшлох уу?
-АХБ, Сангийн яам дээр манайтай холбоотой хийсэн хэлэлцээрийн хүрээнд нэг л зүйлийг ярьсан. Хоёр болон дөрөвдүгээр замын нэгж цуцлагдвал 1, 3, 5 дээр ажиллаж байгаа компаниудад эрхийг нь шилжүүлж болно гэж тохирсон. Өвчний нөхцөл байдал цаашид яаж үргэлжлэхийг мэдэхгүй байгаагаас нөхцөл байдал өөрчлөгдвөл бид Улсын онцгой комисст санал тавина. Хятадын талтай хамаарах асуудал их байгаа. Ажил гүйцэтгэж буй компаниуд манай техник хэрэгсэл, мэргэжлийн ажилчдыг Хятадаас оруулж өг гэсэн шаардлага тавьж байгаа. Замын хатуу хучилт дэвсэх тоног төхөөрөмжийн тохиргоо нь хятад хэл дээр, яг мэргэжлийн хүмүүс хийх шаардлага бий.
-Уг зам дээр хохирсон иргэдийн зүгээс шүүхэд хандана гэж байсан?
-АХБ санхүүжилтээ зогсоохгүй гэсэн. Дарханы замаас ЗТХЯ-ыхан авлига аваад мөнгийг нь идсэн гэж яриад байгаа. АХБ хяналтыг үндэслэн шууд гүйцэтгэгч компани руу шилжүүлдэг. Эхний ээлжийн санхүүжилт л гарсан. Зарим нь ажлаа 2019 оны долдугаар сард л эхэлсэн. Жолооч нар хохирлоо барагдуулна гэж байна. Тэр хохирлыг юугаар тооцох юм бэ. Дугуй нь хагарсан жолооч нарын дугуй нь хагарсан уу, үгүй юү гэдгийг юугаар тооцох гээд байгаа юм бэ. Энэ бол олон улсын тендер. Тэгэхээр манай яамныхан ямар нэг мөнгө идээгүй. Худал мэдээлэл өгсөн нөхрийг би цагдаад өгчихсөн байгаа.

эх сурвалж : "Ардчилал таймс" сонин

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.