Ирэх дөрөвдүгээр сараас хотын төвийн бүх зогсоол төлбөртэй болно


Нийслэлийн замын хөдөлгөөний хэт их ачааллыг бууруулах, хөдөлгөөн зохион байгуулалтыг сайжруулах үүднээс тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагааг боловсронгуй, үйлчилгээг хялбаршуулах, иргэдийн ая тухтай зорчих бололцоог нэмэгдүүлэх зорилгоор Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах журам, техникийн ерөнхий шаардлага, стандартыг шинэчлэн, боловсруулж, батлуулж, ирэх дөрөвдүгээр сараас хэрэгжүүлэх гэж байна.

Энэхүү журам, стандартыг батлан хэрэгжүүлснээр нийтийн болон хувийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагааны зохион байгуулалт сайжирч, иргэдийн ая тухтай зорчих боломж нэмэгдэнэ.  Мөн нийслэлийн хэмжээнд тээврийн хэрэгслийн зогсоолын үйлчилгээг нэг стандартын дагуу нэгдсэн зохион байгуулалттай болгож төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын шаардлагад нийцсэн зогсоол бий болгох явдал юм.

Нэг сая гаруй хүн байнга оршин суудаг Улаанбаатар хот 550 мянга орчим тээврийн хэрэгсэлтэй үүний 400 орчим мянга нь нь өдөр бүр замын хөдөлгөөнд оролцдог.  Харин 130 мянган автомашин өдөржин зам дээр байдаг бол үлдсэн нь зогсоолд тавигддаг байна.

Зогсоолын хүрэлцээ маш муу, тэр дундаа хотын төвд байрлах төрийн үйлчилгээний байгууллагуудын ойролцоо зогсоол олддоггүйгээс үүдэн бага тойруу орчмын замын хөдөлгөөн удааширч, түгжрэл үүсдэг. Түүнчлэн зогсоолгүй газар автомашинаа тавиад ачуулах нь иргэдийг нэлээд бухимдуулдаг.

Улаанбаатар хотод хэдхэн жилийн өмнө жилд 50мянган автомашин бүртгэгддэг байсан бол энэ жил 100мянга орчимд хүрсэн. Эндээс энэ тоо цаашид нэмэгдсээр байх нь харагдаж байна.  "Ub traffic" болон google mup-аас Улаанбаатар хотын түгжрэлийг харахад,  оройн цагаар хотын автозамын маршрут бүхэлдээ улайчихсан байгаа. Энэ нь хөдөлгөөн зохицуулах боломжгүй  гэсэн дүгнэлтэд хүргээд байна.  Түгжрэлээс гарах бодит алхам бол одооноос хотын төвийн бүсүүдийн зогсоолын асуудлыг бүрэн шийдэж,  бүх зогсоолыг төлбөртэй болгох, зогсоолын ухаалаг системийг бий болгох явдал. Зогсоолын асуудал дээр эрс шийдвэр гаргахгүй бол түгжрэлийн үндсэн нэг шалтгаан, иргэдийг бухимдуулсан маргааны сэжүүр болоод буй. Наад зах нь байгууллагын зогсоолуудыг ажилчдын биш иргэдийн зогсоол болгохын тулд цагийн төлбөртэй болгох хэрэгтэйг хэлэх хүн олон байна.

Авто зогсоолын асуудлыг шийдээд түгжрэлээ  30 хүртэл хувиар бууруулсан орнууд байна. Улаанбаатар хотын хэмжээнд одоогийн байдлаар төвийн бүс буюу А бүсэд зөвшөөрөлтэй 3800 орчим,  зөвшөөрөлгүй 5700,  ямар ч хяналтгүй 7200 орчим автомашины зогсоол байдаг.  Мэргэжилтний судалгаагаар цаашид 15600 автомашины зогсоолтой болох боломжтой. Замын хөдөлгөөний түгжрэлийн өөр нэг шалтгаан бол зогсоолын гачигдал. Зогсоолын боломжит хувилбаруудыг судалж тогтоон ашиглахгүй байгаа болон зогсоолын менежмент хангалтгүйгээс албан газар байгууллагууд өөрийн өөрийн орон зайг хамгаалан зөвхөн өөрсдийн эрх ашгийг бодон бие даасан зогсоолын орон зайг нийтийн эрх ашгийг үл хамааран бий болгодог байдал ихээхэн нөлөөлж байна.   

Их тойрууд төрийн 286 байгууллагын 28993 алба хаагч ажилладгаас 11402 нь нийтийн тээврээр, 4698нь явганаар, 12893 нь хувийн автомашинаар зорчдог байна. Тэд хамгийн багадаа 3 км хол нь 10 орчим км замыг автомашинаараа туулж ажлын байрандаа ирдэг ба автомашинаа өдрийн турш зогсоол бөглөж сойдог. Хорооллын зогсоолын 60 хувь нь тухайн зогсоол орчмын байгууллага, компаний ажилчдын буюу лангуу түрээслэгчдийнх. Харин 10 хувь нь эздүүдийнх, 5 хувь нь  худалдаа эрхлэгч хүмүүсийн эзэмшлийнх болж хувирдаг. Үлдсэн нь үйлчлүүлэхээр ирэх иргэдийнх. Төрийн байгууллага болон худалдаа үйлчилгээний байгууллагуудын зогсоолын 70 хувь нь үйлчлүүлэгч иргэдэд зориулагдсан байх ёстой. Тэд зогсоолгүй учир нэгдүгээр эгнээнд машинаа орхиж,  түгжрэлд нэмэр болно эсвэл автомашинаа ачуулна. Хэрэв үйлчлүүлэгчдэд зогсоолыг чөлөөлж өгвөл хөдөлгөөний хэт их ачаалал 30 хувиар буурна гэсэн судалгаа байна.

Мөн худалдаа үйлчилгээний томоохон төвүүдийн байрлал тэдгээрийн орчин дахь  замын хөдөлгөөний зохион байгуулалт оновчгүй, зогсоолын талбайн менежмент, зохицуулалт  хангалтгүй,  хүрэлцээгүй байдал нь түгжрэлд нөлөөлөх гол хүчин зүйл болж байна. Үүний нэг жишээ бол Нарны замын баруун талаас “Нарантуул” худалдааны төвийн уулзвар хүртэлх автозамын хөдөлгөөний ачааллын байдал. 2003 онд 4 зурвастай болгож өргөтгөсөн бөгөөд 2007 онд өдөрт 26600  тээврийн хэрэгсэл зорчиж байсан.

Харин2012 онд өдөрт 37,500 тээврийн хэрэгсэл зорчиж замын хөдөлгөөний эрчим эрс  ихэссэн ажээ. “Нарантуул” худалдааны төвийн гаднах зогсоолын 70 хувийг тухайн байгууллагад ажилладаг лангуу түрээслэгчид өөрсдөө “эзэлчихээд" байгаа тухай албаны эх сурвалжийн мэдээ бий. Тэгэхээр "Нарантуул" дээр автомашин хахаж цацах нь аргагүй.  Энэ нь нэг талдаа зогсоолын тухай биеэ даасан хууль  байхгүйтэй шууд холбоотой юм.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.