“Diamond Princess” хөлөг онгоцны зорчигчдыг буулгаж эхэлжээ


ТОКИО. /Kyodo/. Японы Канагава мужийн Ёкохама хотын боомтод шинэ төрлийн коронавирусний халдварын улмаас хоёр долоо хоногийн турш хөл хорионд байсан “Diamond Princess” аяллын хөлөг онгоцны зорчигчдыг өнөө өглөөнөөс буулгаж эхэлжээ.

 

3000 орчим зорчигчийг буулгах ажиллагаа хамгийн багадаа 3 хоног үргэлжлэх төлөвтэй байна гэж Японы Засгийн газар мэдээлжээ. Эхний ээлжинд коронавирусний шинжилгээ нь сөрөг гарсан ахимаг насны 500 гаруй зорчигчийг эмчийн үзлэгт оруулсны дараа буулгах ажээ.

 

“Diamond Princess” хөлөг онгоцонд анх 50 гаруй улс орон, нутаг дэвсгэрийн 3700 орчим зорчигч сууж явсан бөгөөд коронавирусний халдвар авсан зорчигчдын тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр мягмар гарагт 542 хүрсэн юм.

 

"Бүх зорчигчоос шинжилгээ авч байна" гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ. Хөлөг онгоцноос буусан зорчигчдыг Ёкохама хотод болон ойролцоох галт тэрэгний буудлуудад хүргэх ажээ. Харин коронавирусээр халдварласан өвчтөнүүдтэй ойр байсан хүмүүсийн шинжилгээ сөрөг гарсан ч хөлгийн тавцан дээр байлгаж, биеийн байдлыг нь үргэлжлүүлэн ажиглах гэнэ. Мөн халдвар аваагүй хөлгийн багийн гишүүдийг хэзээ буулгахыг уг хөлөг онгоцыг хариуцсан компани шийдэх аж.

 

Коронавирусний халдварын тархалттай холбогдуулан хөлөг онгоцон дээр хэрэгжүүлсэн Японы эрх баригчдын хариу арга хэмжээг АНУ болон бусад улсын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шүүмжилсэн байна. Мөн АНУ хөлөг онгоцон дээрх иргэдийнхээ дийлэнхийг нүүлгэн шилжүүлсэн бол өөр хэд хэдэн улс ижил шийдвэр гаргаснаа мэдэгджээ.

 

Японы Засгийн газрын мэдэгдсэнээр, хөлөг онгоцонд хөл хорио тогтоосон нь зохистой шийдвэр байсан бөгөөд үүнийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зөвшөөрсөн ажээ. Хөлөг онгоцон дээр коронавирусээр халдварласан хүмүүсээс гадна Японд бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 61 хүрсэн байна.

 

“Diamond Princess” хөлөг онгоцноос өнгөрсөн нэгдүгээр сарын 25-нд Хонконгт буусан зорчигчоос коронавирусний халдвар илэрсний дараа уг хөлөг онгоцыг Ёкохама хотын боомтод энэ сарын 5-наас хөл хорионд оруулсан юм.

 

Нэгдүгээр сарын 20-нд Ёкохамагаас хөдөлсөн уг хөлөг онгоц Кагошима хотод зогссоны дараа Хонконгт очжээ. Мөн үүний дараа Окинава арал дээр түр зогсохын өмнө Вьетнам, Тайванийг дайран өнгөрч, энэ сарын 3-нд Ёкохамад ирсэн гэж хөлөг онгоцыг хариуцсан компаниас мэдээлжээ. 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.