“Түлш олдохгүй цаасан хайрцаг түлж байна”


Сүүлийн үед сайжруулсан шахмал түлш олдохгүй байгаа тухай иргэд гомдоллох болсон. Харин албаныхан “Тавантолгой түлш" компанийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Одоогийн нөөцөөр иргэдээ дөрөвдүгээр сарыг дуустал түлшээр хангаж чадна” гэдэг тайлбарыг өгөөд буй. Бодит байдал дээр сайжруулсан шахмал түлшний хомсдол үүсч байгаа эсэх, түлшний нөөц, тээвэрлэлтэд ямар хүндрэл бэрхшээл гарч байгаа талаар сурвалжиллаа

“МАШИНТАЙГАА НЭГ ЦАГ ДУГААРЛАСАН Ч ТҮЛШЭЭ АВЧ ЧАДСАНГҮЙ”

Зам дагуух түлшний цэгээс түлш худалдан авахаар тав, зургаан машин цуварч, дугаарлажээ. Дугаарлан зогссон нэг жолооч “Энэ хүмүүс сайжруулсан шахмал түлш худалдан авахаар удаан хүлээж, зогслоо. Одоо байгаа түлшийг нь худалдан авах гээд гуйгаад л зогсч байна. Ядаж нэг шуудай шахмал түлш өгөөч. Гэртээ түлэх түлшгүй болоод байна” хэмээн бухимдангуй хэлэхэд борлуулагч эмэгтэй “Энэ хүн нэг картын эрхээрээ үлдсэн зургаан шуудай нүүрсийг маань худалдан авч байна. Өөр зарах шахмал түлш байхгүй. Та нар өөр цэгээс очиж аваарай” гэж хариулав.

Түүний үгийг сонссон настай өвөө “Бүгдээрээ зургаан шуудай түлшээ хуваагаад авъя. Би хоёр шуудай түлшээ авлаа. Маргааш хэдэн цагт сайжруулсан шахмал түлш нь ирэх бол” хэмээн борлуулагчаас лавлан асуулаа.

Зурагтын шинэ эцэст байрлах уг түлшний цэгт өчигдөр /2020.02.18/ долоон тонн сайжруулсан шахмал түлш ирсэн гэнэ. Өдрийн 14.00 цагийн орчимд түлшээ өөрсдөө савлан шуудайлж, иргэдэд зарж борлуулаад дуусч байгаа нь энэ ажээ. Төд удалгүй түлш борлуулах цэгийн дэргэдүүр түлш ачсан ачааны машин өнгөрөхөд дугаарлаж зогссон жолооч нар араас нь давхин явцгаасан юм.

“Би 11.00 цагаас хойш Дэнжийн 1000 болон Баянхошуу орчмоор сайжруулсан шахмал түлш хайгаад олсонгүй. Бараг нэг цагийн өмнө Зурагтын шинэ эцсийн буудал дахь түлшний цэгт машинтайгаа дугаарлаж, яг авах болсон чинь түлш нь дуусчихлаа. Яагаад ингэж түлш хомсдож, худалдаалахгүй байгааг ойлгохгүй байна” гэдгийг иргэн Э.Нэргүй хэлж байлаа.

“ЦААНААСАА ИРГЭДЭД ХОЁР ШУУДАЙ ТҮЛШ ӨГӨӨРЭЙ ГЭЖ ХЭЛСЭН”

Баянхошуу дахь Хөтөлийн орчимд байрлах дараагийн цэгээр ороход нэг ч түлш байсангүй. Учрыг нь борлуулагчаас асуувал “Манай цэгт өнгөрсөн хоёр өдөр сайжруулсан шахмал түлш ирээгүй. Уг нь шахмал түлш дууссан даруйдаа захиалга өгсөн ч ирэхгүй байгаа. Өнөөдөр түлш ирэх байх. Бид түлшээ нэг удаа захиалахдаа 10 тонныг захиалдаг. Түлш захиалгаар ирсэн даруйдаа дуусчихдаг. Зарим машинтай иргэд нүүрс ачсан ачааны машин дагаж, давхисаар байгаад хүрээд ирдэг болсон” гэсэн юм.

Үргэлжлүүлэн дараагийн цэгт очиход бас л сайжруулсан шахмал түлш дуусч, хашаанд нь түлээний мод өрөөстэй харагдав. Зарим иргэд “Сайжруулсан шахмал түлш хэзээ ирэх вэ?“ хэмээн асууж, хоосон тэргээ түрээд буцаж байлаа.

“Сүүлийн үед “Тавантолгой түлш” үйлдвэр иргэдийн түлшний хэрэглээг хангаж чадахгүй байна. Манай цэг дээр өнөө өглөө 40 тонн сайжруулсан шахмал түлш ирээд л өдрийн тал бололгүй дуусчихлаа. Үүний улмаас иргэд хэл ам их хийж байна. Өдөр болгон хамгийн багадаа 30 тонн сайжруулсан шахмал түлш захиалан авч байгаа. Тэгээд байхад л иргэдэд түлш хүрэлцэхгүй байна. Манай цэг ойрын өдрүүдэд нэг хүнд хоёр шуудай түлш л өгдөг болсон. Цаанаасаа бас нэг хүнд хоёр шуудай түлш өг гэж байгаа. Түлш захиалаад ч ирэхгүй болохоор бид ажлаасаа буух гэж байна” хэмээн борлуулагч залуу /нэрээ хэлэхийг хүссэнгүй / ууртай хариуллаа.

“ТҮЛШ ОЛДОХГҮЙ АРГАА БАРААД ЦААСАН ХАЙРЦАГ ТҮЛЖ БАЙНА”

Дараагийн очсон цэгт шинээр түлш буулгаж байв. Иргэд карт, мөнгөө барьчихсан “Зургаан шуудай түлш авъя”, “Хоёрыг авъя” хэмээн борлуулагч эмэгтэйд хэлж байлаа.

Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны иргэн А.Сарангэрэл “Нэг айлд хоёр шуудай түлш өгч байна. Би өөрийнхөө гэрт хоёрыг, хүүгийндээ хоёр шуудай түлш авах гээд зогсч байна. Яагаад илүү түлш өгөхгүй байгааг ойлгохгүй байна. Ойр орчмын цэгүүдээр түлш авах гээд очхоор дууссан байх юм” гэв.

“Би одоо зургаан шуудай түлш авах гээд зогсч байна. Унаа тэрэг байхгүй болохоор гэр лүүгээ 5000 төгрөгөөр түлшээ ачуулж, хүргүүлдэг юм. Заримдаа долоо хоногтоо ч зургаан түлш нь хүрэлцэхгүй юм. Манай хүүхдүүд 100 айлаас наашаа зам дагуух өөр цэгүүдээр түлш хайгаад явсан дууссан гээд ажиллахгүй байна гэсэн. Манайх урьд шөнө ямар ч галгүй хонолоо. Гадуур түлш олдохгүй бид аргаа бараад цаасан хайрцаг түлж байна” хэмээн ахмад настан Ч.Нямжав гуай учирлалаа.

“Манай цэг дээр өдөрт 15-20 тонн сайжруулсан шахмал түлш ирж байгаа. Гэвч иргэдэд хүрэлцэхгүй байна. Бид аргаа бараад хүмүүст хоёр шуудай л түлш өгдөг болсон. Иргэдийн зүгээс маш их бухимдаж байна. Цаанаасаа биднийг “Иргэдэд хоёр шуудайг өг” гэж утсаар байнга хянаж байгаа. Сая манайд таван тонн түлш ирээд нэг цаг ч болоогүй байхад дуусчихлаа. Өдөрт ихдээ 15-20 тонн ирэхэд гурав, дөрвөн цаг л болж байна. Хүмүүсийн хувьд илүү түлш аваагүй. Авдаг тоогоороо л түлшээ худалдан авч байгаа” гэж борлуулагч О.Орхон тайлбарласан юм.

“БАРЬЦАЛДУУЛАГЧ БОДИСЫН ХОЁР ДОЛОО ХОНОГИЙН НӨӨЦ БЭЛЭН БАЙНА”

“Тавантолгой түлш” компанийн хувьд өдөрт 500-550 удаагийн түлшний ачилтыг хийдэг бөгөөд цэгийн захиалгууд харьцангуй багасч байна гэдэг мэдээллийг өгсөн юм. Мөн сар шинийн баяраар онцгой горимд шилжин ажиллах төлөвлөгөөг гаргаж, ажлаа зохион байгуулж байгаа гэлээ.  Сар шинийн баярын өдрүүдэд хэчнээн цэг ямар цагийн хуваариар ажиллах вэ гэдгийг нэгтгэн, нийслэл болон дүүргүүдийн шуурхай штабуудад хүргүүлэх гэнэ.

Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Миняа “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрлэл, борлуулалт, түгээлтийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэлийн тоо багассан тохиолдол байхгүй. Өдөрт дунджаар 3000-3500 тонн шахмал түлшийг таван үйлдвэрийн 13 шугамаар үйлдвэрлэж, борлуулалтын цэгүүдэд түгээж байна. Сүүлийн өдрүүдэд үүсч буй түлшний хомсдол нь тун удахгүй болох сар шинийн баяр, хичээл сургууль түр хугацаанд хөл хорионд орсон, нийгмийн халамж болон НӨАТ-ын буцаан олголт зэрэг хүчин зүйлүүд нөлөөлж байна. Өмнө нь сайжруулсан шахмал түлшний борлуулалтад зөвхөн цаг агаарын нөхцөл байдал шууд нөлөөлдөг байсан. Иргэдийн дунд сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагч бодисын нөөцөөс шалтгаалан хомсдол үүснэ гэх болгоомжлол байна. Энэ бол ташаа мэдээлэл гэдгийг албан ёсоор хэлье. Иргэдийн хувьд өрхийнхөө хэрэгцээндээ тулгуурлаж, түлшээ олноор нөөцлөхгүйгээр худалдан авалт хийгээрэй. Сайжруулсан шахмал түлшийг хавар цагт олноор нөөцлөх хэрэггүй” гэв.

Тэрбээр мөн сайжруулсан шахмал түлшний түүхий эд болох барьцалдуулагч бодисын талаар мэдээлэл өгөхдөө “Аливаа үйлдвэрлэгч түүхий эдээ тодорхой графикийн дагуу татдаг. Бүтэн жилийнхээ түүхий эдийн нөөцийг татах шаардлагагүй. Энэ нь эдийн засгийн болон агуулах савны хувьд ч боломжгүй шүү дээ. Бидэнд одоогоор сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагч бодисын хоёр долоо хоногийн нөөц бэлэн байна. Хэдийгээр Монгол Улс шинэ коронавирусийн халдвараас сэргийлж, иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарласан. Гэхдээ хилээр ачаа тээвэр, үйлдвэрлэлийн нэн шаардлагатай байгаа чухал түүхий эд, материалыг саадгүй нэвтрүүлж байгаа. Үүний дагуу БНХАУ-аас түүхий эдээ татан авч байгаа. Мөн ОХУ-ын Новосибирскээс барьцалдуулагч бодис маань татан авах гэж байна.

Өнгөрсөн намар нийслэлд нийт 400 цэгтэй гэрээ байгуулан ажиллаж эхлээд байсан бол өнөөдрийн байдлаар 370 цэгээр сайжруулсан шахмал түлшийг иргэдэд түгээж байгаа аж. Үлдсэн 30 цэг нь тодорхой хэмжээний өр төлбөртэй, сайн дураараа цэг ажлуулахаа больсон гэдэг шалтгаанаар үйл ажиллагааг зогсоосон. Урин дулааны улирал ирж байгаа учраас цаашдаа эдгээр цэгийн тоо буурах хандлагатай байгаа гэдгийг мэргэжилтнүүд хэлж байв.

Гэрэл зургийг Г.БИЛГҮҮН

NEWS.MN

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.