БХБЯ сайд Х.Баделханыг АНЭУ-ын Эдийн засгийн асуудал хариуцсан Султан Бин Саид Аль-Мансури хүлээн авч уулзав.


Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан тэргүүтэй төлөөлөгчид Арабын Нэгдсэн Эмират Улсад 2020 оны 02 дугаар сарын 10-14-ны өдрүүдэд хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд тус улсын Эдийн засгийн асуудал хариуцсан сайд Султан Бин Саид Аль-Мансуритай уулзлаа.   

Уулзалтын үеэр ноён Султан Бин Саид Аль-Мансури 2016 онд АНЭУ-аас Монгол Улсад суух Элчин сайдын яамаа нээсэн нь хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал алхам болсныг онцолж, цаашид хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж, талууд харилцан  санал солилцон ярилцлаа.

Тэрээр сайд Х.Баделхан Монгол Улсад 2020 онд ашиглалтад орох “Чингис хаан” ОУНОБ, түүнийг даган хөгжих шинэ хотуудын талаар болон Монгол Улсын 21 аймгийн барилгын материалын сорилт, шинжилгээний лабораториудын тоног, төхөөрөмжийг нийлүүлэх төслийг танилцуулахад айлын талаас хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд агаарын тээвэр, логистикийн ач холбогдлыг дурдан, Монгол Улсруу шууд нислэг үйлддэг болох, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах саналыг дэвшүүлэв.  

АНЭУ-ын тал Монгол Улстай нэгэн адил нүүдлийн соёл, түүхтэй байсан талаар дурьдан байгалийн нөөцөөс хамааралтай эдийн засгаа хэрхэн солонгоруулж, дэлхийн худалдаа, санхүү, аялал жуулчлал, тээвэр логистикийн зангилаа болгон хөгжүүлэхэд баримталсан бодлого, төлөвлөлтийн талаарх туршлагаа хуваалцав.

Энэхүү уулзалтын үр дүнд АНЭУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол Улсын 21 аймгийн барилгын материалын сорил, шинжилгээний лабораторийн тоног төхөөрөмжийг ханган нийлүүлэх төслийг дэмжихээ илэрхийлж, хоёр улсын хооронд шууд нислэгтэй болж аялал жуучлал, агаарын тээвэр, логистикийг хамтран хөгжүүлэх талаар харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан ажиллахаар талууд тохиролцлоо. 

Ийнхүү Барилга хот байгуулалтын сайд Х.Баделханы Арабын Нэгдсэн Эмират Улсад хийж буй айлчлал нь барилга, хот байгуулалтын салбар төдийгүй аялал жуулчлал, агаарын тээвэр зэрэг салбаруудын хамтын ажиллагаанд ахиц дэвшил авчиран хоёр улсын харилцаа холбоог өргөжүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн чухал ач холбогдолтой айлчлал болж байна. 

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.