З.Энхболд ирж явна, АН-ынхан


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны долдугаар сарын 10-ны өдөр тангараг өргөсний дараа анхны тушаалаараа АН-ын даргын ажлаа өгөөд байсан З.Энхболдыг  Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаараа томилж байв. 2016 оны сонгуулийн өмнө дараагийн Ерөнхий сайдад яригдаж явсан түүний хувьд буух цэг нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байв.

Гурван жил Ерөнхийлөгчийн “гал тогоог” барьж байсан З.Энхболд өчигдөр албан ёсоор үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, сонгуулийн ажилдаа ханцуй шамлан орж байгаагаа сүр дуулиантайгаар Төрийн ордонд зарлав. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд З.Энхболд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллах хугацаандаа  “гал тогооны” ажил, улс төрийн ажил хоёроо гарамгай хослуулсан нэгэн.  Эрх баригч намын 65-ын бүлэгт хэд хэдэн удаа хориг тавиулж, УИХ-ын даргыг огцруулах, хууль, шүүхийн байгууллагын удирдлагыг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр чөлөөлөх, томилох, Үндсэн хууль батлах гээд бүгдэд нь тэр гар бие оролцсон нэгэн. Хэдийгээр Тамгын газрын даргын ажлаа л хийсэн гэж тайлбарлаж болох ч тэр Ерөнхийлөгчийг УИХ-ын өмнө “хамгаалагч” нь байсан. Албан тушаал нь тийм ч үүрэгтэй.

Нэгэн үед ажлаа өгнө, гэхдээ надад хийх зүйл бий  гэж байсан нь энэ удаагийн Ерөнхийлөгчийг дахин нэр дэвшүүлэхгүй байх “гарцыг” шинэ Үндсэн хуульд З.Энхболд өөрийн гараар хийсэн гэж улс төрийн хүрээнд яригдаж эхлэв. Үүнтэй нь зэрэгцэн Өвөрхангай аймгийн МАН-ын гишүүдээр “оролдсон” нь түүнийг албан тушаалаа өгөх шалтгаан байсан ч гэж тайлбарлах хүмүүс байна. Түүнийг Өвөрхангай аймгийн сонгуульд өрсөлдөх сонирхолтой байгааг нь Өвөрхангайгаар дайраад гарсан нэгэн нэвтрүүлэг “илчилсэн”. Харин үүнд нь Өвөрхангай МАН-ын гишүүд уурсч, намын даргадаа орж “ховлосон” гээд цааш хөвөрсөөр эцэст нь явах цагаасаа өмнө явлаа гэх бор шувуу ч Төрийн ордонд жиргэнэ лээ. Гэвч тэрбээр өчигдөр албан тушаалаа өгч байгаагаа зарлах үеэрээ “Би хэн нэгэнтэй сайн харилцаатай хэвээрээ байгаа” хэмээн тайлбарласан. Гурван жилийн турш Х.Баттулга Ерөнхийлөгчтэй З.Энхболд хоршсон, хамтарсан, түшсэн, “мурисан”. Тиймээс тэр одоо АН-руу "очиж" явна.

2016 оны УИХ-ын сонгуульд намаа удирдаж орсон, ялагдуулсан хүн нь З.Энхболд. Харин тэр энэ удаад АН-д эргэн ирэхдээ намынхаа дарга С.Эрдэнийн ахлах зөвлөхөөр ирж байна. Ерөнхийд нь 2020 оны сонгуулийг удирдахад мөн л гар бие оролцоно гэж байгаа. Сүхбаатар дүүрэг, Өвөрхангай аймаг, Баянзүрх дүүргүүдийг онилсон З.Энхболд судалгаагаа харж байж тойргоо сонгоно гэдгээ хэлсэн. Энэ өдрөөс эхлэн АН-д очоод тэр юу хийхээс, яахаас шалтгаалан 2020 оны сонгуульд орох АН-ын дүр зураг ч харагдаж болох юм. Ямар ч гэсэн тэр гурван жилийн хугацаанд ажлаа сайн хийсэн, Ерөнхийлөгчийг тодруулж, тамгын даргынхаа албыг сайн гүйцэтгэсэн. Харин тэр АН-д очоод, очсоныхоо дараа ямар гүйцэтгэлтэй байхаас 2020 оны сонгуулийн зураг харагдах болов уу.

З.ЭНХБОЛДЫГ Ө.ШИЖИР ОРЛОНО

Монголын Хөлбөмбөмгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир өнөөдөр албан ёсоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томилогдож, тамгаа гардана. Түүний өнгөрсөн онд энэ албанд томилогдох нь гэх яриа гарч байсан ч тэгсгээд намжиж байсан ч түүнээс хойш Ерөнхийлөгчийн Тамгын газарт ажиллаж “туршлага” судалсан нэгэн. Ийнхүү Ерөнхийлөгч баруун гар болж, “гал тогоог” нь сахих Ө.Шижир гэж хэн бэ.

Хэдийгээр  улс төрийн, албан тушаалын хувьд жижигдэнэ гэж ярьж байгаа ч Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааны жилд тэрбээр баруун гар шиг нь, улс төрийн албан тушаалтны хувьд эрх баригчидтай, энэ парламент, Засгийн газартай, 2020 оны сонгуулийн дараа байгуулагдах парламент, Засгийн газартай хэрхэн хоршиж, улс төрийн мэдрэмжтэй хандах бол гэсэн хүлээлт бий. Хөлбөмбөгийн холбооны генсек гэхээс илүү түүнийг Ерөнхийлөгч Х.Баттулгын ойрын хүн гэж улс төрийн хүрээнд яригдаж байгаа.  Нас залуу, туршлага нимгэн ч З.Энхболдын бий болгосон имижийг хэрхэн авч явах вэ гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ.

Ш.ЧИМЭГ

ЭХ СУРВАЛЖ: NEWS.MN

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.