ЭМЯ: 100 гаруй сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна


Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.02.12/ ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 100 гаруй сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд коронавирусийн халдвар албан ёсоор бүртгэгдээгүй байна. Нийслэл хотоос гадна Өвөрхангай, Хөвсгөл, Орхон аймгуудад гэхэд нэгдүгээр сарын 23-аас хойш өвчлөл гарсан голомтоос ирсэн 20 гаруй хүн байна.

Тэдэнд шинэ коронавирусийн халдварын шинж тэмдэг илэрсэн учраас тусгаарласан байгаа юм байна.


БАЯН-ӨЛГИЙ, ЗАМЫН-ҮҮДЭД СЭЖИГТЭЙ ТОХИОЛДЛУУД ИЛЭРЛЭЭ

Шинэ коронавирусийн сэжигтэй тохиолдол Хөвсгөл, Замын-Үүд, Баян-Өлгий аймагт бүртгэгдээд байна. Хөвсгөл аймагт шинэ төрлийн коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдлоор тусгаарлагдсан иргэний биеийн байдал хэвийн байна. Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлж буйгаар, тухайн иргэнд шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байгаа аж. Иймд олон нийт ташаа мэдээлэлд итгэхгүй байхыг тус эмнэлгээс сануулж иргэд та бүхэн эх сурвалж нь тодорхойгүй аливаа мэдээллийг шууд түгээхгүй байх, зөвхөн албаны эх сурвалжийн мэдээллийг авах, түгээхэд ёс зүйтэй, хариуцлагатай хандахыг уриалж байна.

Мөн Баян-Өлгий аймагт коронавирусын сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс 2020 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн шөнийн 03.00 цагт хуралдаж, аймгийн захуудыг хаах шийдвэр гаргасан байна.

Түүнээс гадна Замын-Үүд боомтоор 02.11-ний өдрийн 20.00 цагийн орчимд Хөх хот-Улаанбаатар чиглэлийн галт тэргээр халдварт өвчний сэжигтэй зорчигч орж ирснийг Хилийн мэргэжлийн хяналтын албаны хяналтаар илрүүлэн, холбогдох байгууллагууд яаралтай арга хэмжээ авч түр тусгаарлаад байна. Сэжигтэй иргэн БНХАУ-ын Сэчуан мужид 14 хоног туршлага судалсан гэх өгүүлэмжтэй, 37.4 хэмийн халуунтай байжээ. Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Замын-Үүд боомтод хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа бөгөөд тус галт тэргээр зорчиж явсан зорчигч, төмөр замын ажилтан нийт 105 хүнийг галт тэргэнд нь түр тусгаарлан, хамгаалалтад аваад байгааг Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас мэдээллээ.

Аливаа худал мэдээллийг олон нийтийн сүлжээгээр тараасан тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу зохих хариуцлага хүлээлгэхийг анхааруулж байна. Иймд ямар нэгэн үндэслэлгүй ташаа мэдээллийг олон нийтэд түгээж, иргэдийг төөрөгдүүлэхгүй байхыг Эрүүл мэндийн газраас дахин анхааруулъя гэжээ.

эх сурвалж: news.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.