Г.Буяндоржийг цагаатгаагүй


“Ноёд” группийн захирал Г.Буяндорж 9 жил хилс хэрэгт шалгуулж,  олон тэрбум төгрөгөөрөө хохирсон, хэргийг нь гурван  шатны шүүхээр эцэслэн шийдэж цагаатгасан учир  хэвлэл мэдээлэлд хандаж байна хэмээн мэдээлэл хийгээд удаагүй байна. Тэрбээр  хэрэгт хяналт тавьж байсан  прокурорууд хүссэн авлигыг нь өгөөгүйн төлөө олон жил залхаан цээрлүүлж, шүүхээр ял оноосон  талаараа ярьж, авлига нэхсэн прокурор оролцсон  цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудын албан тушаалтнуудын хууль бус үйлдлийг нотлох  65 хуудас баримтыг шалгуулахаар өгч буйгаа мэдэгдсэн.

Түүний сэтгүүлчдийн өмнө “Энэ хэрэг 3 шатны шүүхээр шийдвэрлэгдэж, намайг цагаатгасан учир өнөөдрөөс эхлэн шударга ёсны төлөөх тэмцлээ эхлүүлж байна”  гэсэн нь  ор үндэслэлгүй худал байж.  Олон нийтийг төөрөгдүүлж болох  худал мэдээлэл  өгсөн  нь шүүхийн шийдвэрийн сан дахь Г.Буяндорж нарт холбогдох залилангийн хэргийн магадлалаас тодорхой харагдана.

Өөрөөр хэлбэл түүнд холбогдох хэрэг эцэслэн шийдэгдээгүй,  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон магадлалыг  Улсын Дээд шүүхээр хэвээр баталсан. Ингэснээр Г.Буяндорж нарт холбогдох залилангийн хэрэг дахин анхан  шатнаас хэлэлцэгдэхээр болоод байгаа юм. Тодруулбал,  2019 оны аравдугаар сарын 8-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс  "Г.Буяндорж, Д.Батжаргал, Хурцаа, Ч.Ууганбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасугай”  гэж шийдвэрлэжээ. 

 

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН 2020.01.13-НИЙ ӨДӨР ГАРГАСАН ТОГТООЛ

Ингээд Г.Буяндорж нар  Улсын Дээд шүүхэд  гомдол,  эсэргүүцэл гаргаснаар  Дээд шүүх хэргийг энэ оны нэгдүгээр сарын 13-нд хянан хэлэлцэж  цагаатгах тогтоолыг хүчингүй болгож  нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээсэн байдаг. 

Шүүхийн шийдвэрийн сан дахь энэхүү мэдээлэл нь Г.Буяндорж худал ярьсныг гэрчлэх  хангалттай баримт. Хэргээ эцэслэн шийдэхийг хүлээж тэсэлгүй, цагаатгасан мэтээр  олон нийтийг төөрөгдүүлэх ямар шаардлага байв. Улстөрд горилов уу,   хэргээ "ашигтайгаар" шийдүүлэх "хэрэглүүр" төдий тохироо хийв үү? 

С.Отгоо

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.