Үеэлүүд Монголын шүүх засаглалыг Хятадын мөнгөөр “АВЛИГАДСАН ТҮҮХ”


“Гэрээс нь 3 тэрбум төгрөг олдсон Г.Жаргалан болон түүний ахан дүүс буюу “Салхитын орд”-ын авилгын хэргийн хамаатнуудын CХЕМ-ыг танилцуулж байна.

“Их Монгол Майнинг” компаниас “Салхитын орд”-ын гурван лицензийг 2010 онд уяач Ш.Мөнгөншагай худалдаж авангуутаа “Жи Пи Эф” компанийг шинээр байгуулж, 40 хувийг төрсөн дүүгийнхээ нөхөр, хүргэн Ганхуягийн Жаргаланд эзэмшүүлжээ. Тэдний байгуулсан компани нэг сая төгрөгийн дүрмийн сантай, ганц ширээ, ганц компьютероос өөр хөрөнгөгүй байлаа. Салхитын лицензийг зарах гол зорилготой.

Г. Жаргалан лиценз худалдаж авах хүн хайж явсаар 2 жилийн дараа компаниа Хятад эзэнтэй “Си Си Эм Икс” компанид 800,000 ам доллар буюу тэрбум гаруй төгрөгөөр заржээ. Лиценз зарахад зуучилсан гол хүн нь Г.Жаргалангийн бэр эгч Ц.Өнөрцэцэг байлаа. Лиценз зарсан мөнгөө бэлнээр болон Ц.Өнөрцэцэгийн дансаар 4 удаагийн гүйлгээгээр Хятадуудаас авчээ.

Лицензээ зарснаас хойш 4 жилийн дараа “Салхитын орд”-ыг тэднээс худалдаж авсан Хятад хөрөнгө оруулагч, гүйцэтгэх захирал хоёр муудалцаж, Гүйцэтгэх захирал Ван Чэнгфа ажлаасаа халагдав. Тэрээр анх ордын лицензийг өөрт нь зарсан Ш.Мөнгөншагайгаар шүүхэд: Жи Пи Эф” компани 4 жилийн өмнө зарагдсаныг 60 хувийн эзэмшигч би мэдээгүй, гарын үсгийг миний өмнөөс зурсан учраас компаниа буцааж авъя” гэсэн утгатай нэхэмжлэл гаргуулав.

Ингээд Ш.Мөнгөншагайн хүргэн Г.Жаргалангийн үеэл СХД-ийн Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатараар дамжуулан шат шатны шүүхэд авилгал өгөх ажлыг эхлүүлжээ.

Шүүгчдэд авилга өгөхөөр үгсэн тохирч,зохион байгуулж, зуучилсан хүмүүс бол Ш.Мөнгөншагай болон түүний хүргэн Г.Жаргалан, Г.Жаргалангийн аавын ахын эхнэр Ц.Өнөрцэцэг, түүний хүү Т.Гансүх, үеэл СХД-ийн Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар нар юм.

Бүгд ахан дүүс. Г.Жаргалан, Т.Гансүх, Б.Цолмонбаатар нар үеэлүүд буюу төрсөн ах дүүгийн хүүхдүүд бол Ц.Өнөрцэцэг Г.Жаргалангийн аавын ахын эхнэр, Ш.Мөнгөншагай Г.Жаргалангийн хүргэн ах нь юм.

“Салхитын орд”-ын лицензийг Хятадуудад зарсны дараа ч анх лиценз тэдэнд зуучилсан Ц.Өнөрцэцэг, болон түүний хүү Т.Гансүх нар “Жи Пи Эф” компанид удирдах албан тушаал хашиж байсан. Ц.Өнөрцэцэг нь “Жи Пи Эф” компанийн гүйцэтгэх захирлын нэрээр Гаалийн төв лаборатори, УБТЗ нийгэмлэгт албан бичиг явуулж, БНХАУ-ын Эрээн хотын “Хэн Тун” худалдааны компанитай хүдэр борлуулах гэрээ байгуулан, Чойрт гаалийн баталгаат талбайд буулгасан мөнгөний хүдрийг худалдан борлуулдаг байлаа. Түүний хүү Т.Гансүхийн дансаар Эрээн хотод борлуулсан хүдрийн мөнгө Монголд орж ирдэг байжээ.

Графикаар ахан дүүсийн холбоог харууллаа

ШҮҮГЧДИЙГ МӨНГӨӨР ХӨДӨЛГӨСӨН ҮЕЭЛҮҮД

Г.Жаргалангийн үеэл , шүүгч Б.Цолмонбаатар БЗД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Амардэлгэрт нөлөөлөн “Ш.Мөнгөншагайн талд шийдвэр гаргуулна” гэж амлаж 2016 оны 10 сард үеэл Т.Гансүхээс 10 сая төгрөгийн хахууль авчээ.

Ингээд Анхан шатны шүүхийн шийдвэр тэдний талд гарлаа.

Хэрэг давж заалдах шатны шүүх рүү шилжингүүт шүүгч Б.Цолмонбаатар хэргийг өөрийн танил шүүгчдээ хувиарлуулж, “Ш.Мөнгөншагайн талд гаргуулна” хэмээн амлаж 2017.01.03-ны өдөр үеэл Т.Гансүхээс 50 сая төгрөгийг хахууль болгон авчээ.
Хэрэг улсын дээд шүүх рүү шилжлээ.

Тэд 2017.02.25-д Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч нарт хахууль болгож өгөхөөр 360,000 юань буюу 129 сая төгрөг, дараа нь 125 сая төгрөг нийт 260 орчим сая төгрөгийг улсын дээд шүүхийн шүүгч асан, талийгаач Л.Бямбаад өгчээ.

Л.Бямбаа нь үеэл ахан дүүсийн эмээтэй хамт ажилладаг байсан гэнэ. 2017 оны 04 сард Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайханд Монголын өмгөөлөгчдийн холбооны тэргүүн, Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан, өмгөөлөгч Б.Пүрэвнямаар дамжуулан хахууль өгөхөөр тохирч эхлээд 13 сая төгрөг, дараа нь буюу 2017.04.14-ны өдөр 150,000,000 төгрөгийн хахуулыг өмгөөлөгч Б.Пүрэвнямд өгчээ. “Салхитын орд”-ын шүүх хуралд илтгэгч шүүгчээр Ц.Амарсайхан орж, хахууль өгөгч “Жи Пи Эф” компанийн талд шүүхийн шийдвэр гаргасан байна. Дээд шүүхийн хурлын маргааш буюу 2017.05.17-ны өдөр шүүх бүрэлдэхүүнд орсон дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож нь хэргийг Ш.Мөнгөншагайн талд шийдвэрлүүлсний хариуд шүүгч асан Л.Бямбаагаас өмгөөлөгч Ш.Энхтөрөөр дамжуулан 10,000,000 төгрөгийн хахуулийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт авсан гэж хэргийн материалд тэмдэглэжээ. Мөн тэр өдөр ЧД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Сайханцэцэгт улсын дээд шүүхийн шүүгчдэд нөлөөлсний шагнал болгон 20 сая төгрөг өгсөн гэж яллах дүгнэлтэд бичжээ.

Шүүгч Б.Сайханцэцэг “Жи Пи Эф” компанийн удирдлагад ажиллаж байсан Ц.Өнөрцэцэг нар нэг нутаг буюу Хэнтий аймгийн харьяат, багын найзууд байжээ. Үеэлүүдийн дотор 2 шүүгч байгаа бөгөөд хамгийн сонирхолтой нь хоёулаа нэг шүүхэд ажилладаг.

Авилгын мөнгийг анхлан Шүүх рүү оруулсан СХД-ийн Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар шүүхэд анх жолоочоор ороод хэдхэн жилийн дотор СХД-ийн Ерөнхий шүүгч болтлоо дэвшсэн. Б.Цолмонбаатар нь өөрийн үеэл, Жамьяанчойжилийн Сэмжидтэй 2016.05.31-ны өдөр нэг тушаалаар СХД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр томилогдож хэдхэн сарын дараа Б.Цолмонбаатар нь СХД-ийн ИХАШШ-ийн Ерөнхий шүүгч болжээ.

Нэг шүүхэд ах дүүгийн хүүхдүүд ажиллаж, хүний хувь заяа, хэрэг маргааныг үеэлүүд зэрэгцэж суугаад шийдэх нь шударга уу!!

Шүүхийн хараат бус, бие даасан байдал хаана байна вэ? Үеэл ах дүү хоёрт бүтэн нэг дүүргийн шүүхийг атгуулсан энэ үйлдлээ Шүүхийн Ерөнхий зөвлөл, Хуульчдын холбоо юу гэж тайлбарлах вэ? Ашиг сонирхолын зөрчил үүсвэл яах вэ? Нэг гэр бүлийн ҮЕЭЛ хүүхдүүд Монголын шүүх засаглалыг Хятадын авлигын мөнгөөр удирдаж байхад хууль хяналтынхан хаана явсан бэ?

“Салхитын орд”-ын маргаан авилга өгөгч ах дүүсийн талд шийдэгдсэний дараа “Шинээр үүссэн нөхцөл” байдал гэдэг шалтгаанаар ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Энэ үеэр шүүгчдэд авилга өгсөн хэргийг мөрдөж байсан АТГ-ын байцаагчид 1,3 сая долларыг Г.Жаргалангийн 220К байр дахь гэрээс нь олсон билээ. Хятадуудын авилгын мөнгийг Иргэний хэргийг шүүгчдэд зуучилсан тэдний дараагийн авилгын мөнгөний БАЙ нь Эрүүгийн хэргийн 3 шатны шүүх байсан бололтой. Хэрэв энэ хэргийг АТГ илрүүлээгүй бол Эрүүгийн хэргийн хэчнээн шүүгч авилгын хэрэгтэн болох байсныг хэн ч таашгүй.

Сэтгүүлч Б.Отгон 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.