СЭТГЭГДЭЛ: Бие засах газаргүй “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ”


Бие засах газар байхгүй ээ, “байгаль жорлон”-той манайх. Аргал хомоол чинь байгалийн бордоо учраас цэвэрлэх хэрэггүй. Модтой газар нутаглаж байж аргал түлээд яахав дээ... гэх мэтээр өөрсдийгөө зөвтгөж ирсэн Монголчууд бид нар аялал жуулчлал хөгжүүлэх гэж их л хөглөж байна даа гэж хэлж болохоор.

Хархорин хүртэл 360 км газарт нэг ч орчин үеийн бие засах газаргүйгээр хэдэн жил болсон билээ. XXI зуун гарчхаад байхад дундад зууны сэтгэхүйгээсээ салаагүй байгаа Монголчууд бид “энэ чинь л жинхэнэ Монгол” гэж өөрсдийгөө өмөөрнө. Зам дагуух хоолны газрууд бүгд нэг хэвэнд цутгачихсан мэт хоолтой, будаагаа бөөрөнхийлж тавьдаг, төмсний салат, байцааны салатаар хачирладаг хэвээрээ. Ус хийдэггүй мөртөө бохир заваан “бэлгэдлийн” угаагуур үүдэндээ тавьсан, бие засах газрыг нь харах битгий хэл асуух ч хэрэггүй. Тоос шороо бужигнасан гадаах орчин, хог нь асгарсан хогийн сав, харахаас огиудас цутгам нүхэн жорлон энд тэндгүй.

Image result for ЖОРЛОН

Image result for ЖОРЛОН

Зам засвар, барилга байшингийн ажил, шугам хоолой солих гэх мэт нь ид зуны улирал буюу аялал жуулчлалын цаг үед явагддаг нь нэг талдаа маш сөрөг нөлөөлдөг. Шороо тоос босгож, энд тэнд нүхэлж, хамгаалалт хайсгүй, ажиллаж байгаа хүн нь харагддаггүй засварын ажлаа хурдан түргэн дуусгах санаачилга, хариуцлага гэж байхгүй. Нэмээд “халуун ус”-ыг нь өчнөөн олон хоногоор хязгаарлаж орхино. Жуулчдын усанд орох соёл, цэвэрхэн байх гэдэг зарчим Монголчуудын зан заншил, сэтгэхүйгээс өөр гэдгийг ойлгохыг ч хүсдэггүй.

Үйлчилгээ ба харилцааны соёл нь орхигдсон байшин барилга, тауэр, цогцолборууд нэмэгдсээр л байна. Дээд сургууль төгссөн залуучууд үйлчилгээний салбарт ажиллахгүй зугтдаг учир ажилгүй голдуу залуучуудыг, хатуухан хэлэхэд “олдсоныг” нь авч ажиллуулдаг. Гэвч тэнд мэргэшүүлэх сургалт хийдэггүй, эргэж шалгадаггүй, хянадаггүй, засаж сайжруулдаггүй.

Монголоос илүү гоё байгальтай газрууд, дутахааргүй агуу түүхтэй улс орнууд дэлхийгээр дүүрэн байна. Гэтэл манайхан хорвоо дэлхийд ганцхан “Монгол гайхамшигтай”, тэр гайхамшгийг үзэх гэж гадаад жуулчин ирдэг, хирээ угаахгүй халтар дээлтэйгээ байж байвал тэр нь жинхэнэ нүүдэлчин оригинал Монгол болно, тэрийг үзэх гэж Монголд ирдэг гэж боддог. Морио унаад хөндлөн гулдгүй гайхуулан давхиж байвал мөнгө олно гэж боддог.

Үндэсний гар урлал нь болхи хийцтэй, өдөр тутамд нь хэрэг болохгүй, энд тэнд тавиад тоосонд дарагдаж мартагдах, эсвэл хэмжээ загвар нь таарахгүй жинхэнээсээ “бэлгэдлийн” шинжтэй зүйлс голдуу. Дэлхий дэх бэлэг дурсгалын зүйлс бусдын хэрэглээ рүү чиглэгдсэн байгааг анзаардаггүй.

УБ хотоос 80км хүрэхгүй зайд, 1.5 цаг яваад очих Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт төв замаас “Мэлхий хад” хүрэх тэр богинохон шороон замыг засмал болгоод, орчин үеийн бие засах газар, багтаамжтай авто зогсоол байгуулаад, албан ёсны самбар хаяг хийчхэж чадахгүйгээр 1954 онд Монголын аялал жуулчлалын түүх албан ёсоор эхэлсэн гэж үзвэл 66 жил болжээ.

Image result for МЭЛХИЙ ХАД

Өөрөөсөө өөр хэнийг ч анхаардаггүй, амин хувиа хичээсэн зантай Монголчууд бидний хэдэн мянган жил мал маллаж, хөдөө хөхөрч, гадаа гандаж ирсэн амьдрал яг үнэндээ гадаадын жуулчинд ямар ч хамаа байхгүй. Жуулчдын юу хүсэж байгааг анхаарч, тэр ойлгосон зүйлээ бүтээгдэхүүн болгох, хөгжил дэвшил болгож харах сэтгэлгээ байхгүй хирнээ “аялал жуулчлал бол Монгол улсын тэргүүлэх салбар” гэж ярьж тунхагласаар олон жилийг элээж байна.

Эргэн санацгаая. 2008-2011 оны аялал жуулчлалын хөгжлийн хөтөлбөрт дараах зорилтуудыг дэвшүүлж байжээ. 10 орчим жил өнгөрсөн байна, эдгээрийн аль нь биеллээ олсон бэ?
- Осака хот руу нислэг нэмэгдүүлэх
- Чойбалсан-Харбин, Хайлаар, Мөрөн-Эрхүүгийн чиглэлд хил орчмын нислэг нээх
- Бээжин-УБ-Москва чиглэлийн олон улсын галт тэрэгний тоог нэмэгдүүлэх, аяллын тусгай галт тэрэг явуулах
- Хотын аялал жуулчлалын нийтийн тээврийг тогтмол явуулах
- АЖ-ын мэргэжил сургалтын төвүүдийг УБ хот, бүсийн төвүүдэд байгуулах
- Орон нутаг дахь АЖ-ын байгууллагуудад зайны сургалтыг явуулж хэвших
- Гадаад, дотоод жуулчдын дунд суурь судалгааг 2 жил тутамд явуулах
- ОУ-ын хурал зөвлөгөөн, тэмцээн уралдааныг АЖ-ын идэвхгүй улиралд зохион байгуулах, төрийн зохицуулалт хийх
- УБ хот, Хөвсгөл нуурын бүсэд өвлийн спортын цогцолбор байгуулах
- Өвлийн АЖ-ыг хөгжүүлэх төслүүдийг санхүүжүүлэх
- Дотоодын АЖ-ыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр боловсруулах
- Сөүл, Берлин, Хархорин, Даланзадгад, Өндөрхаан, Ховд хотуудад АЖ-ын мэдээллийн төв байгуулах
- АЖ-ын гол бүсүүдэд жуулчны цагдаагийн хэсэг байгуулах
- 2011 он гэхэд Монгол улс нь жуулчдад өвөрмөц бүтээгдэхүүн, шилдэг үйлчилгээ бүхий Зүүн Хойд Азийн аялал жуулчлалын сонирхол татсан бүс нутаг болох
- Хүний нөөц, дэд бүтэц, жуулчны аюулгүй байдалтай холбоотой бэрхшээлүүдийг цогцоор нь шийдвэрлэх.
- АЖ хөгжүүлэх бүс нутгийн даацын иж бүрэн судалгаа хийх.
- АЖ-ын гол замуудын дагуу олон улсын жишигт хүрсэн түр буудаллах цэгийн сүлжээ байгуулах.

Бид нар том зорилго тавиад ч биелүүлж чаддаггүй, жижиг зорилго тавиад ч урагш ахидаггүй. Учир нь салбарын удирдах албан тушаалтнуудад ямар ч туршлагагүй, мэдлэггүй, ам хэлээ билүүдэж хов ярьж хоорондоо хэрэлдэхээс өөрийг мэдэхгүй намчингуудын найз нөхөд, үр хүүхдүүд нь байсаар ирсэн. Удахгүй болох Германы үзэсгэлэн, Америкийн АЖ-ын үзэсгэлэнд бөөн бөөнөөрөө төрийн мөнгөөр явж зугаалахаар бэлдэцгээж байна. АЖ-ын үзэсгэлэнд үндэсний бөх, дуучин, загвар өмсөгч авч явах нь зөв гэж сэтгэдэг нөхдүүдээр удирдуулаад энэ салбарыг нэг алхам ч урагш ахиулж чадахгүй.

#МонголынАялалЖуулчлал
#ХандлагаСэтгэлгээгээӨөрчлөе!

АРДЧИЛАЛ.МН

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.