Нэгдүгээр сарын тэтгэврээс суутгасан зээлийн хүүг буцааж олгоно


Монгол Улсын Их хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос тэтгэвэр нэмэх тухай болон тэтгэврийн зээлийг тэглэх тухай асуудлын хүрээнд зарим зүйлийг тодрууллаа.

-Засгийн газрын ээлжит хуралдаанаар тэтгэвэр нэмэх шийдвэр гаргалаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Засгийн газрын тогтоолоорхоёрдугаар сарын 1-нээс Нийгмийн даатгалын болон халамжийн сангийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлсэн хэмжээгээр олгоно. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгааиргэдийнтэтгэврийг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор 150 тэрбум төгрөгийг энэ жилийн улсын төсөвт тусгасан. Энэ мөнгөн дүндээ багтааж Нийгмийн даатгалын сангаас олгогдох тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхээр болж байна. Нийгмийн даатгалын сангаас 422 мянган ахмадууд тэтгэвэр авч байгаа. Бүрэн тэтгэврийн доод хэмжээ 310 мянган төгрөг байна. Нийт тэтгэвэр авч байгаа иргэдийн 54 орчим хувь нь бүрэн тэтгэврийн доод хэмжээний тэтгэвэр авч байгаа.

Засгийн газраар шийдвэрлүүлсэн тэтгэвэр нэмэгдүүлэх арга хэмжээнд олонхийн эрх ашгийг хамгаалсан бодлого гаргая гээд Нийгмийн даатгалын сангаас олгодог

  • Бүрэн тэтгэврийн доод хэмжээг ирэх сараас 40 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, 350 мянган төгрөг болгох,
  • 500 мянган төгрөг хүртэлх тэтгэвэртэй иргэдийн тэтгэврийг 35 мянган төгрөгөөр,
  • 500 мянгаас дээш төгрөгийн тэтгэвэр авдаг иргэдийн тэтгэврийг 25 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа.

 

НИЙГМИЙН ХАМГААЛАЛ НЬ ХӨНДӨГДСӨН 21 МЯНГА ГАРУЙ ИРГЭНИЙ ТЭТГЭВРИЙГ 50 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМЭВ

 

-Тэтгэврийн дундаж хэмжээ хэд болох вэ?

-Тэтгэвэр нэмэгдүүлэх арга хэмжээ авснаар тэтгэврийн дундаж хэмжээ 410 мянган төгрөгт хүрч байна. Энэ шийдвэр гарснаар бүрэн тэтгэврийн доод хэмжээ гэхэд 2016 оны түвшинтэй харьцуулахад 45 хувиар нэмэгдсэн байна. Нийгмийн халамжийн сангаас олгож байгаа тэтгэврийг нэмэгдүүлэхэд улсын төсөвт 18 тэрбум төгрөг тусгасан. Халамжийн тэтгэврийн хэмжээг амьжиргааны баталгаажих доод түвшинд хүргэж 188 мянган төгрөг болгосон. Нийгмийн халамжийн даатгалын сангаас олгодог тэтгэврийг дараа сарын 1-ний өдрөөр олгодог учраас нэмэгдсэн тэтгэврийг ирэх сараас эхлэн иргэдийн гар дээр олгоно.

1991 онд тухайн үеийн Засгийн газрын шийдвэрээр ажлын байр чөлөөлөх нэрийдлээр 44 мянга орчим иргэнийг тэтгэвэр авах нас нь болоогүй байхад эрт тэтгэвэрт гаргасан байдаг. Улмаар 1996 онд тэтгэвэр авах насны болзол хангаагүй гэдэг шалтгаанаар тэтгэврийг нь зогсоожнөхөн олговор нэрээр мөнгөн тэтгэмж олгож ирсэн. Эдгээр иргэд тухайн үеийн Засгийн газрын шийдвэрийн улмаас нийгмийн хамгааллын асуудал нь хөндөгдсөнучраас нэгдүгээр сарын 1-нээс тэтгэврийг нь 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэрийг мөн гаргасан.

Хоёрдугаарт, Ирэх хоёрдугаар сарын 1-нээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ харж, асарч байгаа эцэг эхчүүдэд олгож байгаа тэтгэмжийн хэмжээг инфляцийн түвшинтэй уялдуулж нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан.

ЦАГААН САРААС ӨМНӨ ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙГ ТЭГЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ БҮРЭН ДУУСГАНА

-Тэтгэврийн зээлийг тэглэх тухай асуудал ямар шатандаа яваа вэ? Засгийн газрын хуралдаанаар ярьсан уу?

-Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн үлдэгдэл төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг Засгийн газар боловсруулаад УИХ-д өргөн барьж, хуулиа баталсан. Одоо энэ хуулийг хэрэгжүүлэх асуудал яригдаж байна. Миний бие Монголбанк, “Эрдэнэс Монгол” компани, Хаан банк, Төрийн банк болон Нийгмийн даатгалын ерөнхий газрын удирдлагуудтай уулзан энэхүү ажлын явцтай танилцаж, тодорхой үүрэг чиглэл өгсөн. Нэгдүгээрт, “Эрдэнэс Монгол” компани Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар үнэт цаас гаргах ёстой. Энэ ажлыг яаравчлах үүрэг чиглэл өгсөн. Хоёрдугаарт, хөгжлийн банкны гаргаж байгаа үнэт цаасанд баталгаа гаргах ёстой. Баталгаа гаргах асуудлыг шуурхайл гэсэн чиглэлийг өгсөн. Гуравдугаарт, Цагаан сараас өмнө тэтгэврийн зээлийг тэглэх арга хэмжээг бүрэн дуусгасан бай гэдэг чиглэлийг өгч ажиллаж байна.

-Үндсэн зээлийг зээлийн хүүтэй нь хамт тэглэх үү?

-Энэ оны эхэнд тэтгэвэр олгогдсон. Энэ үед тэтгэврийн зээлийг тэглэх тухай хууль батлагдаагүй байсан учраас нэгдүгээр сарын тэтгэврээс арилжааны банкууд зээлийн хүүг суутган тооцсон байгаа. Хоёрдугаар сарын тэтгэврийг олгохдоо Засгийн газрын тогтоолоор нэмэгдүүлсэн тэтгэврийг олгоно. Түүнчлэн нэгдүгээр сарын тэтгэврээс суутган тооцсон зээлийн хүүг иргэдийн гар дээр буцааж олгох арга хэмжээ ав гэсэн үүрэг чиглэлийг өгсөн.

Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх хууль батлагдсан учир хоёрдугаар сараас тэтгэвэр олгохдоо зээл, зээлийн хүүг тэтгэврээс нь суутган тооцоход асуудал байхгүйгээр зохион байгуулах үүрэг өгсөн. Цаашид Ерөнхий сайдын захирамж гаргах шаардлагатай гэж үзэж байгаа. Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах шуурхай ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Тэтгэвэр барьцаалсан зээл бол үйл ажиллагааны зардал болон эрсдэл багатай зээл юм.

-Баярлалаа.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.