Монгол Улс шинэ коронавирусийн халдварын ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ улсад тооцогдож байна


Мягмар гарагт Япон улсаас шинэ коронавирусийг оношлох оношлуурыг авна

Эрүүл мэндийн салбар шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхэд бэлтгэлээ хэр хангасан талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Япон улс шинэ коронавирусийн оношлуурыг бүтээсэн. Түүнийг ирэх долоо хоногийн Мягмар гарагт манай улсад нийлүүлнэ. ХӨСҮТ-д 50 ор бэлдсэн бөгөөд халдвар илэрсэн тохиолдолд нэмж гаргах 150 орыг нөөцлөөд байна. Манай улсын тэргүүлэх зэргийн эмч, мэргэжилтнүүдээс бүрдсэн баг ажиллаж байгаа" гэв.

 

 

Хилийн боомтоор явганаар болон автомашинаар нэвтрэхэд хязгаарлалт тогтооно

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулж байна.

Тэрбээр "Дэлхий нийтэд түгшүүр түрүүлж буй шинэ коронавирусийн халдвар хурдацтай тархаж байна. Нэг цагийн өмнө авсан мэдээллээр олон улсад 1,956 хүн өвчилж, 56 хүн нас баржээ. Монгол Улс ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ улсад тооцогдож байна" гэлээ.

Үргэлжлүүлэн тэрбээр "Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан халдваргүйжүүлэлт, ариутгал хийх бүтээдэхүүнийг шууд гэрээ хийх байдлаар тохиролцон эмнэлгүүдэд нийлүүлэхийг Эрүүл мэндийн сайдад үүрэг болголоо.

Мөн хил орчмын дэглэмийн өндөржүүлэхийг нэгдүгээр сарын 30-ны өдрийн дотор шийдвэрлэхийг Гадаад харилцааны сайдад үүрэг болгосон. Үүнд хилийн боомтоор явганаар болон автомашинаар нэвтрэхэд хязгаарлалт тогтооно. Үүнд галт тэрэг, нисэх онгоцоор нэвтрэх нь хамааралгүй юм.

Өмчийн хэлбэр үл харгалзан бүх ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг болон МСҮТ-үүд, их, дээд сургуулиудын үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл зогсоох шийдвэр гаргасан. Энэ хугацаанд Ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийг цахимаар болон теле хэлбэрээр явуулахыг БСШУС-ын сайд болон бусад холбогдох албаныханд үүрэг болгосон. Түүнчлэн гуравдугаар сарын 2-ныг хүртэл олон нийтийн хамарсан үйл ажиллагааг явуулахыг хориглосон. 

Маргаашийн дотор Ухань хотод буй 31 монгол оюутныг эх оронд нь авчрахыг БНХАУ-ын талтай хамтран шийдвэрлэнэ" гэлээ.

Засгийн газар шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хуралдаж байна

Шинэ коронавирусийн халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Засгийн газар яг одоо хуралдаж байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ.

Хуралдаанд Эрүүл мэнд, Гадаад харилцаа, Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, дэд сайд болон нийслэлийн Засаг дарга оролцож, холбогдох асуудлаар хэлэлцэх юм.

Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар бид мэдээллэх болно.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.