Д.Тогтохсүрэн: Казино тоглоогүй, сонирхсон


УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн казино тоглосон асуудлаараа тайлбар хийлээ.

-УИХ-ын гурван гишүүн Австралид ажиллахдаа казино тоглосон зураг гарч ирлээ. Тэдний дунд та байсан, яагаад казино тоглосон бэ?

-УИХ-ын таван гишүүн УИХ-ын даргын хамт Австралийн Канберра хотод болсон Олон улсын парламентийн холбооны 28-р чуулганд оролцоод ирлээ. Зургаа хоног яваад ирсэн. 13-16-ны өдөр Канберра хотод олон улсын хуралд оролцсон, тэр үеэр олон уулзалтад оролцсон. 17-ны өдөр Сидней хотод нэг өдрийн аяллын хөтөлбөртэй байсан. 18-нд Хонгконг руу нисээд, 19-ний өдөр Улаанбаатарт буусан. Аяллын хөтөлбөрийнхөө хүрээнд явж, ажиллаад ирсэн. 17-ны өдөр УИХ-ын гишүүдэд Сидней хотыг танилцуулах хөтөлбөрийн дагуу худалдааны гудамжууд, Австралийн эдийн засаг бизнесийн төвүүдтэй танилцсан.

Тэдний нэг нь “The star Sidney” гэж дэлгүүр, ресторан, соёл урлагийн төвүүдтэй, худалдаа, бизнес үйлчилгээний томоохон төв байна лээ. Тэр төвийн нэг хэсэгт нь казино байсан. Казиног нь сонирхож үзье, ямархуу байдаг юм гэж УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Лүндээжанцан гишүүн, Элчин сайд Чулуунхүүтэй дөрвүүлээ орсон. Ороод гарах хооронд бидний зураг авсан байсан. Нэг том танхимтай, олон хүн л бужигнасан газар байна лээ. Бид нар тэнд удаагүй, үзээд л гарсан. УИХ-д Ш.Раднаасэд гишүүнээр ахлуулсан Казиногийн хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэг байгуулагдсан. Энэ Парламентаар амжвал Казиногийн хуулийн төслийг хэлэлцэхээр яригдаж байгаа энэ үед ойлголттой болбол яасан юм гэж ярилцаад орж, үзсэн. Бидэнд хэн нэгнээс нууж хаах зүйл байхгүй.

-Таныг бооцоо тавьж байгаа зураг байна лээ?

-Би бооцоо тавиагүй. Сайтад тавьсан зургийг харсан, бид гурвын ярилцаж суугаа зургийг л тавьсан байна лээ.

-Тоглосон бичлэг гараад ирэх юм биш биз?

-Казино тоглоогүй, бичлэг гарвал гарна л биз. Тоглоогүй.

-УИХ-ын дарга казино хамт орсон уу?

-Огт тийм зүйл байхгүй

-Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах Ажлын хэсгийг та ахалсан хэр нь өөрөө ёс зүйн зөрчил гаргаад явж байж болох уу?

-Үзэж сонирхсон гээд хариуцлага хүлээлгэдэг бол хариуцлага хүлээхэд бэлэн байна .

Н.Бүжин

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.