Ц.Даштуяа: Ходоодны үрэвслийг тоохгүй орхиж болохгүй


  • Хеликобактераа устгалаа ч үрэвслээ эмчлэхгүй тохиолдолд ходоодны хорт хавдар болдог
  • Гэр бүлийн нэг гишүүн хелико­бактертай бол бусдад нь халдварласан байх магадлал маш өндөр байдаг. Тэгэхээр бүгд шинжил­гээгээр баталгаа­жуулаад эмчлүүлэх хэрэгтэй

Буруу хооллолт, эрүүл ахуйн дэглэм ба­римтлаагүй зэргээс шалтгаалж ходоодны өвчлөл улам нэ­мэгдсээр байгаа билээ. Гэтэл зарим хүмүүс ходоодны шархаа тоохгүй явсаар байгаад эцсийн шатанд нь хүргэснийхээ дараа эмнэлэгт хандах тохиолдол цөөнгүй байдаг аж. Ходоод нь өвдсөн тохиолдолд ямар арга хэмжээ авах болон хэрхэн эм­нэх талаар УНТЭ-ийн тэргүүлэх зэргийн эмч Ц.Даштуяагаас тодрууллаа. 

-Ходоод нь өвддөг хүмүүст ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
-Ходоодны үрэвслийг шалтгаантай, хеликобактерийн халдвараас шалтгаантай, цөсний сөөргөө буюу эмийн шалтгаантай гэж гурав ангилдаг. Эдгээрээс хамгийн түгээмэл тохиолддог нь хеликобактерийн шалтгаан. Энэ үед ходоод, хэвлий гэдэс орчимд эвгүй оргих, цанхайх, гэдэс дүүрэх, суулгах, эсвэл өтгөн хатах, цээж хорсох, хоолны шингэц муудах зэрэг шинж тэмдэг илэрдэг. 

-Дээрх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Эдгээр шинж тэмдэг илэрсэн бол хеликобактерийн халдвар авсан эсэхээ баталгаажуулах шинжилгээ өгөх хэрэгтэй. Энэхүү шинжилгээг цусаар өгөх нь үр дүн муутай учир өтгөнөөр, амьсгалын сорилоор, эсвэл дурандуулж болно.

Энэхүү шинжилгээг цусаар өгөх нь үр дүн муутай учир өтгөнөөр, амьсгалын сорилоор, эсвэл дурандуулж болно.

Шинжилгээний хариу хеликобактертай гэж гарвал халдвар дахин авахаас сэргийлж гадуур хооллохгүй, аяга халбагаа солихгүй байх зэрэг эрүүл ахуйн дэглэм баримтлах хэрэгтэй.

Үүнээс гадна хеликобактер өсөж үржих нөхцөлийг бүрдүүлэхгүйн тулд хоолны дэглэм барина. Тухайлбал, шарсан хуурсан, хоносон хоол, кофе, шоколад, архи, вино, хоол амтлагч, халуун ногоо, хийжүүлсэн ундаа зэргийг хэрэглэхгүй. Болж өгвөл чанаж, жигнэсэн хоол идэх ёстой.

Мөн эмчийн зөвлөсөн эмийн эмчилгээг хэрэглээд эмчилгээ дууссанаас нэг сарын дараа халдвар арилсан эсэхийг баталгаажуулах ёстой.

-Ходоод нь өвддөг гэдгээ мэдсээр байж эмчлүүлэхгүй яваад байвал ямар сөрөг талтай вэ?
-Ходоодны үрэвслийг эмчлэхгүй удаан явбал ходоодны хавдар болно. Тиймээс маш сайн эмчлэх ёстой. Манай эмнэлэгт ходоодны хавдар нь төгсгөлийн буюу гурав, дөрөвдүгээр шатандаа орсон хүмүүс их ирдэг. Энэ нь эмчилгээ хийх боломжгүй шатандаа оношлогдож байна гэсэн үг. Эрт оношлогдоод төгс эмчлэгдэх тусам ходоодны хавдар хүндрэхээс сэргийлнэ. 

-Төгсгөлийн шат гэхээр ходоод нь өвдөөд хэр удсан гэсэн үг вэ?
-Нэлээн удсан гэсэн үг шүү дээ. Ходоод дурандуулах үед ходоодны архаг үрэвсэлтэй гэсэн тохиолдолд тоохгүй яваад байж болохгүй. Маш сайн эмчлүүлэх ёстой. Хеликобактерийг устгалаа ч гэсэн үрэвслээ эмчлэхгүй яваад байвал даамжирсаар байгаад ходоодны хорт хавдар болдог. Хавдар тархаад бусад эрхтэнд нөлөөлөөгүй бол тайрах арга хэмжээ авч амжина. Хүнд шатандаа орсон байвал харамсалтай нь ямар ч арга байхгүй. 

-Гэр бүлд нь нэг л хүн хеликобактертай бол бүгд эмчлүүлэх ёстой гэдэг. Энэ нь ямар учиртай юм бол?
-Гэр бүлийн нэг гишүүн хеликобактертай бол бусдад нь халдварласан байх магадлал маш өндөр байдаг. Тухайн хүн эмчилгээ хийлгэлээ ч гэсэн бусдаасаа халдвар авна. Тухайлбал, сойзнуудаа хамт байлгах зэрэг нь халдвар авах эх үүсвэр. Тэгэхээр бүгд шинжилгээ өгөх хэрэгтэй. 

-Зарим хүн эмчилгээ хийлгэсэн ч үр дүн гараагүй гэдэг. Эмчилгээ нь үр дүнтэй байж чаддаг уу?
-Эмчилгээний үр дүн муу байх нь хоёр шалтгаантай. Нэгт, тухайн эмэнд дасал болсон байж болно. Хоёрт, цагаа барьж уугаагүй бол эмчилгээ үр дүнгүй. Ходоод өвддөг бол элэг, цөс, ходоод гэдэсний нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай. Сум, аймгийн болон өрхийн эмч нар оновчтой эмчилгээ хийдэггүй.

Хатгалгаа авсан, хоолой өвдсөн үед бичиж өгдөг амоксициллин, калитромицин, метронидакол зэрэг эмүүдийг дахин бичээд өгчихдөг. Тэр ч бүү хэл нэг болон хоёрдугаар шатлалын эмч нар өмнө нь хэрэглэсэн эсэхийг асуулгүй нэг эмээ дахин бичиж өгдөг. Ихэнх хүний биед эдгээр эм дасал болсон учраас эмчилгээний үр дүн муу байна. Нэгдүгээр шатлалын эмчилгээ үр дүнгүй болбол дараагийн эмчилгээг үе шат ахиулан хийх шаардлага үүсдэг. 

-Иргэд хеликобактерийн халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Хеликобактер халдварлах нөхцөл нь аяга халбагаа солих, хүнсний ногоо ариутгахгүй хэрэглэх зэрэг ахуйн ариун цэвэр сахиагүйгээс үүдэлтэй. Тиймээс эрүүл ахуйн дэглэм баримталж аяга халбагаа солихгүй байх хэрэгтэй. Болж өгвөл гадуур хооллохгүй өдрийн хоолоо бэлдэж, ажил руугаа авч явах нь зөв. Мөн сойзоо сард нэг удаа сольж, тусад нь байлгах ёстой. Үүнээс гадна, жимс ногоогоо баталгаатай газраас авч, сайн ариутгахыг зөвлөх байна. 

Г.Санжааханд
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.